Сонголт...
Амьдрал тэр чигээрээ сонголт байдаг. Хийж буй сонголтууд маань маш өргөн хүрээтэй байна. Хэт олон сонголт нь бидний аз жаргал, сэтгэл ханамжинд сөргөөр нөлөөлдөг болохыг Америкийн сэтгэл судлаач Barry Schwartz тогтоожээ. Техник технологи хурдацтай хөгжиж хэдэн мянган бараа бүтээгдэхүүнээс бид өөрт хэрэгтэйгээ худалдан авахын тулд маш их эргэлздэг. Сонголт өсөхийн хирээр "зөв" сонголт хийх магадлал багасдаг. Жирийн өдөр тутмын сонголтуудыг буруу хийлээ гээд үзүүлэх хор хөнөөл бага ч амьдралын чухал сонголтуудыг маш хариуцлагатай хийх хэрэгтэй болдог.
Сонголт ихсэх тутам бидний үүрэг хариуцлагын түвшин ихэсдэг. Судалгаанаас харахад бидний сонголт хоёр талтай биш гэдгийг мэдсэн үед бид илүү их аз жаргалтай байдаг. Сонголт олширох явдал нь сэтгэлийн шанлалын гол шалтааны нэг юм. Яагаад гэвэл энэ нь алдагдсан боломжуудаас үүдсэн айдас, зовнил мөн сонгоогүй замынхаа харуусалыг агуулдаг.
Barry Schwartz нь хүмүүсийг сонголтоо хийх байдлаар нь 2 ангилсан. Үүнд:
- "Дээд зэрэгт хүргэгч" - Энэ төрлийн хүмүүс "хамгийн сайн"-г сонгож байж санаа нь амардаг. Сонголтоо хийхийн тулд бүх боломжит хувилбарыг туршиж үзнэ. Хүссэнээ автал 15 цамц өмсөж, 10 хамтрагч сольж чадах хүмүүс.
- "Сэтгэл ханагчид" - Энэ төрлийн хүмүүс сэтгэлд нь таарвал өөр илүү дээр боломжуудыг хайлгүйгээр шууд сонгодог. Сэтгэл ханагчид өөрийн гэсэн стандарт, шалгууртай байдаг. Энэ шалгуурт хүрмэгц л сонголт хийгдлээ гэсэн үг. "Хамгийн сайн"-г эрж цагаа үрдэггүй.
Дээд зэрэгт хүргэгчид хийсэн сонголтоо хамгийн сайн гэж итгэдэг ч заримдаа тэдний сэтгэлд 100% нийцдэггүй. Маш сайн цалин, хангамжтай ажилд орсон ч хийж буй зүйлээсээ сэтгэл ханамж авч чадахгүй байна гэсэн үг. Буруу сонголт хийснээ мэдмэгц маш ихээр өөрийгөө буруутгадаг. Харин "сэтгэл ханагчид" өөрсдийгөө уучилах нь амархан. Тэд "төгс зүйл гэж байдаггүй, хүн болгон төгс биш" гэдэгт итгэдэг.
Судалгаанаас үзэхэд дээд зэрэгт хүргэгчид илүү гутранги үзэлтэй, баяр баясалгүй, сэтгэл гутралд орох нь амархан байдаг байна.
Өргөн сонголтууд зарим үед бидний амьдралын чанарыг дээшлүүлэх биш харин ч багасгаж байдаг.
Ашигласан материал: Tom Butler 50 Psychology Classics USA, 2009
Б. Тунгалаг
0 comments: