Ажилгүйдлийн стресс


Өөрийн хүсэл сонирхолоороо, хүч бололцоондоо тулгуурлан ажиллаж, түүндээ тохирсон цалин хөлс авах нь хүмүүсийн хувьд хамгийн тааламжтай зүйлүүдийн нэг юм. Энэ үед хүн ажилдаа, амьдралдаа сэтгэл хангалуун байх бөгөөд эрч хүч, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, амьдралын зорилгоо биелүүлэх, их зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлтэй болдог. Харин ажилгүй ба ажил хийлгүй удсан тохиолдолд эдгээр нь эсрэгээрээ хувирна.
Нийт хүн амыг эдийн засгийн идэвхтэй ба эдийн засгийн идэвхигүй хүн ам гэж 2 ангилдаг. Эдийн засгийн идэвхитэй хүн амд ажиллагсад ба ажилгүйчүүд ордог.  Ажиллагсад гэдэг нь яг одоо цалинтай ажил эрхэлж буй хүмүүс ордог. Олон улсын жишгийн дагуу ажилгүй хүн гэдэг нь тухайн хүн цалинтай ажил эрхлэдэггүй бөгөөд ажиллахад бэлэн, ажиллах сонирхолтой, ойрын дөрвөн долоо хоногийн турш ажил идэвхитэй хайж байгаа хүнийг хэлдэг байна.  Харин эдийн засгийн идэвхигүй хүн амд тэтгэвэрт гарагсад, хөдөлмөрийн насанд хүрээгүй хүүхдүүд  болон ажил хийх хүсэл сонирхолгүй хүмүүс багтдаг. Ажил хийх сонирхол нь  олон шалтгаанаас болж буурдаг. Ажлаасаа гэнэт халагдсан хүн эхний 6 сарын турш бие болоод сэтгэлзүйн гүн хямралд өртдөг. Энэ нь тэднийг гэнэтийн цочроолд оруулдаг ба 6 сарын дараа ажилгүй гэдэгтээ эвлэрч бие болоод сэтгэл санаа нь эргээд хэвийн байдалдаа орох боловч сэтгэцийн байдал нь тааруу хэвээр байдаг.
Монгол улсын хувьд ажилгүйдлийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.  1997-2008 он хүртлэх ажилгүйдлийн судалгаагаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс эрс  өндөр байна. 
Энэ нь эмэгтэйчүүдийн гэрийн ажлын ачаалал их, хүүхэд төрүүлэх, өсгөх өндөр настныг харах асрах зэргээс ихээхэн шалтгаалж байна. Эмэгтэйчүүдийн хувьд эдгээр шалтгаан нь урт хугацааны ажилгүйдлийг үүсгэдэг. Урт хугацаанд ажилгүй байх нь хувь хүнд болон нийгэмд сөргөөр нөлөөлдөг. Хувь хүний хувьд: найз нөхөд, тойрон хүрээлэлгүй болгон ганцаардуулж, нийгмийн харилцаанд оролцох оролцоог хязгаарлаж, эдийн засгийн хувьд бусдаас бүрэн хараат болгодог байна. Эдгээр сэтгэлзүйн хүнд нөхцөл байдал нь даамжрах тусам тухайн хүний өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулж, эзэмшсэн мэргэжил чадвараа мартагнан, нийгмийн хөгжлөөс хоцрогдуулж зэвэрсэн төмөр шиг болгож байдаг.  2000-2010 оны тооллогын хооронд монгол улсын эдийн засгийн идэвхигүй хүн ам 43% нэмэгдсэн байна. /монголын үндэсний статистикийн газар/  Энэ нь мөн хүмүүсийн стрессын түвшин өндөр байгаа гэдгийг харуулж байна. Харин нийгмийн хувьд ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг, биеэ үнэлэх үзэгдэл, зэрэг сөрөг үзэгдлүүд илэрч байгаа бөгөөд   эдгээр нь нийгмийн бухимдлыг  төрүүлж  стресстэй болгож буй гол шалтгаан юм.
Урт хугацаанд ажилгүй байна гэдэг бол хувь хүн болоод нийгмийн хөгжлийг хойш нь чангааж буй гол чухал үзүүлэлт мөн. Ажилгүйдлийг бууруулах зорилгоор их хэмжээний мөнгө зарцуулсан нь эдийн засгийн идэвхитэй хүн амд нөлөөлж ажилгүйдлийн түвшин тодорхой хэмжээгээр буурсан боловч онцгой үр дүн гараагүй байна . Өөрөөр хэлбэл  эдийн засгийн идэвхигүй хүн амын түвшин буураагүй гэсэн үг юм. Тиймээс эдийн засгийн идэвхигүй хүн амруу чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлбэл тодорхой өөрчлөлт харагдах байна. Урт хугацаанд ажилгүй байсан ажил хийх сонирхолгүй хүмүүсийг эхлээд сэтгэлзүйн талаас нь сэдэлжүүлж, идэвхижүүлж, хүсэл сонирхолыг нь сэргээсний дараа эдийн засгийн  арга хэмжээг авбал ажилгүйдэл буурч, хувь хүний болон нийгмийн бухимдал багасах нь гарцаагүй юм.

 Д. Ариунзаяа