Сэтгэл судлаач оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал (2012.5.6)


Өнгөрөгч долоо хоногт буюу 5 сарын 6 -нд Сэтгэл Судлалын Үндэсний төвөөс зохион байгуулсан Сэтгэл судлаач оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал болж өндөрлөлөө. Бага хурал маань нэртэйгээ адилхан онцгой байж чадсангүй гэж хэлмээр байна. Ингээд хурлын дараа үүссэн сэтгэгдлээ энд бичлээ.


Нэгдүгээрт манай улсад сэтгэл судлалаар оюутан бэлтгэдэг хамгийн сайн сургууль МУИС байсаар ирсэн. Харин энэ байдал тун удахгүй үгүй болж мэдэхээр байна. МУИС -ын эзэлж буй байрь суурийг МУБИС, Энх Орчлон гэх мэт сургуулиуд биш харин Хүмүүнлэгийн ухааны их сургууль эзлэх хандлага ажиглагдлаа. Яагаад гэвэл Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас маш олон оюутны илтгэл шалгарч оролцсноос гадна чанарын хувьд бусад сургуулиудаас арай дээр байлаа. Тийм учираас МУИС -ын оюутнууд, эрдэмтэн багш нар нэгийг бодох цаг болсон бололтой. Үргэлж нэг байгаа байдлаараа, өөрчлөлт шинэчлэлтгүй энэ байдлаараа байгаад байвал хамгийн муу сургууль, хамгийн муу тэнхим болох цаг МУИС -ын хувьд тун ойрхон болсон байна. Тиймээс ямар нэгэн байдлаар цус сэлбэж, одоо байгаа энэ хуучин, бүдүүлэг тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй болжээ. МУИС -ын сэтгэл судлалын багш нар бүтээлч байх хэрэгтэй болсон байна. Ядаж л яагаад оюутнуудынхаа оролцож байгаа эрдэм шинжилгээний бага хуралд сууж, ажиглаж болдоггүй юм бэ? Бусад сургуулиудын багш нар хурал эхлэхээс дуусах хүртэл нь үзэж сонирхдог юм байна билээ. Бүтээлч байх тухай манай МУИС -ын багш нар үргэлж ярьж байдаг. Гэхдээ ямар байхыг бүтээлч байна гээд байгаа нь инээдтэй санагддаг. Миний санахад бүтээлч байна гэдэг нь судалж шинжилсэн зүйлүүд дээрээ үндэслэн шинэ санаа олж, шинэ дүгнэлт хийн, шинэ шатанд ахиж гарахыг хэлэх болов уу гэж ойлгодог. Гэтэл сургалтын төлвөлгөө, багш нарын удирдлагыг дагаж буй нөхцөлд энэ нь бүтэхгүй зүйл гэдгийг өөрийнхөө сургуулийн жишээн дээрээс өнгөрсөн гурван жилийн хугацаанд маш сайн ойлгож авлаа. Өөрөөр хэлбэл манай сургалтын тогтолцоо үзэл суртал маягийн шинжтэй байна. Энэ нь нөгөө талаараа оюутнуудын маань идэвхигүй, сул дорой байдалтай холбоотой шүү гэдгийг дахин дахин сануулмаар байна.

Хоёрдугаарт энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд оролцсон ажлуудаас сайн болсон ажил нэг ширхэг ч байсангүй. Уучлаарай дахиад хэлье нэг ч сайн ажил байсангүй. Хэдэн газраар хэдэн сар гүйж, хөлсөө урсгаж судалгаа авсан байж болно. Тийм байлаа гээд өөрийгөө сайн ажил хийсэн гэж үнэлж болохгүй. Ажилын чанарыг тоон үзүүлэлтээр үнэлдэггүй юм. Ач холбогдол, үзүүлэх нөлөө, цаашид хэрэглэгдэж, ашиглагдаж, хэн нэгэнд үр ашигаа үзүүлэх байдлыг заавал анхаарч, тооцож байх ёстой. Хуралд оролцсон бүтээлүүд дотор чухал ач холбогдол үзүүлэх нэг ч бүтээл байсангүй. Бас дээр нь өөрийнх нь ажилыг өөрөөс нь асуухаар мэдэхгүй зогсоод байх юм. Оюутнууд маань сэдвээ зөв сонгох тал дээр нилээдгүй ажиллах хэрэгтэй гэдэг нь харагдаж байсан. Локиг, найрууллагын хувьд ажлын сэдвүүд дээр алдаатай зүйлүүд их харагдаж байлаа. Жишээ нь "Сэтгэл судлал хуулинд" гэх мэт. Тийм учираас сэдвээсээ тэс өөр ойлголт илэрхийлээд тухайн ажил нь сүйрч байх жишээтэй. Оюутнуудаа хэрэгтэй, шаардлагатай, ач холбогдолтой, хэн нэгэнд мөн цаашлаад ирээдүйд хэрэгтэй тийм сэдвээр судалгаа шинжилгээ хийх цаг болоод удаж байна шүү. Энэ хуралд оролцсон ажилуудтай адил хэнд ч хэрэггүй юм хийгээд яваад байх цаг биш шүү. Оюутнуудыг хараад байхад тэнгэрт нисээд байнаа. Газарт бууж ирэх цаг болжээ. Өнөөдөр манай монголд хэрэгтэй, шаардлагатай салбаруудаа эхлээд хөгжүүлье. Яг одоо монголд хуулийн сэтгэл судлал, гэр бүлийн сэтгэл судлал, парапсихлоги, удирдлагийн сэтгэл судлал, сансрын сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал гэх мэтийн шаардлага ач холбогдол багатай салбаруудад хэнд ч хэрэггүй явцуу судалгаа хийсэн болж цаг аргацаах хэрэггүй шүү гэж хэлмээр байна. Наад захын жишээ татахад хуулийн сэтгэл судлаач яг өнөөдөр монголын хууль хяналтын байгууллагуудад ямар ч хэрэггүй шүү. Сэтгэл судлаачтай судлаачгүй цаадуул чинь ажилаа хийгээд сурчихсан хүмүүс. Мөрдөн байцаалт, шүүх үйл ажиллагаанд сэтгэл судлаачаар оролцож хэрэг илрүүлнэ гэж бодож байвал уучлаарай, ийм муу төвшинд бэлтгэгдэж байгаа оюутнууд хэзээ ч тйим амжилт олохгүй шүү. Манай хууль хяналтын байгууллагууд олон арван жил үйл ажиллагаагаа явуулаад тогтчихсон бүхэл бүтэн нүсэр том тогтолцоотой. Тэнд багтаж ороод, сэтгэл судлалын үйл ажиллагаа явуулна гэвэл одоохондоо худлаа шүү. 

Гуравдугаарт шинэчлэлт хийх цаг аль хэдийн болсон байна. Хамгийн эхлээд хамгийн чухал хэрэгтэй салбаруудаа хөгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь хамгийн түрүүнд ерөнхий сэтгэл судлал, нийгмийн сэтгэл судлал, хөгжлийн сэтгэл судлал, бие хүний сэтгэл судлал, сэтгэлзүйн зөвлөгөө, клиник сэтгэл судлал гэх мэт салбарууд хөгжих хэрэгтэй байна. Эдгээр салбарууд хөгжиж ач тусаа үзүүлсний дараа бусад салбарууд нь дагаад хөгжих ёстой. Наад зах нь энэ салбаруудад судалгаа шинжилгээ хийж эхэлмээр байна. Бусад салбаруудыг сонирходог байж болно, би сонирхож байгаа салбараа орхи гэж хэлээгүй. Чухал салбарууд нь хөгжихгүй бол сонирхож байгаа салбар чинь хөгжихгүй шүү. Хуучин, бүдүүлэг, ач холбогдлоо алдсан Оросын хэв загварыг дагахаа болих цаг аль хэдийн ирчихжээ. Арван жилийн өмнө одоогийн энэ загвар тохирдог байсан байж болно. Одоо бол тохирохгүй. Өөрчлөх хэрэгтэй. Өөрчилж чадвал бид урагшилна. Нөгөө талаар монголд сэтгэл судлал шинэ шатанд гарч ирж байна. Тийм л учираас би одоо байгаа энэ загвар, арга барил, судалгаа шинжилгээгээ өөрчлөх цаг болсон байна гэж яриад байгаа юм шүү. Ингээд сүүлд нь хэлэхэд зөрчил бий болж байна гэдэг хөгжилийн үндэс юм шүү.

Нийтлэгч
Л.Төрбурам