Спортын сэтгэл судлалд төсөөлөл

Сүүлийн жилүүдэд танин мэдэхүйн сургалтын онол болон түүний хэрэглээ нь спортын ертөнцөд мэдэгдэхүйц сайжирчээ. Өөр нэгэн өсөн сайжирч буй танин мэдэхүйн хандлага бол Mahoney (1977) юм. Түүний хандлагад би-гийн үр нөлөө, сэргэлтийн зохицуулалт, анхаарлын ба төсөөллийн төвлөрөлтийг авч үздэг. 
Solso (1991, p. 267) "төсөөлөл бол одоо цагийн бус үйл явдлыг эсвэл объектыг илэрхийлж буй оюун ухааны дүрслэл юм" гэжээ. Moran (1993) төсөөлөхөд заавал харааны мэдрэхүйн хүрээнд хязгаарлагдах албагүй харин "дуртай аялгуугаа сонсох", "дуртай зүйлээ хийж бүтээх" байдлаар төсөөлж болох юм. Porter, Foster (1988) спортын сэтгэл судлал дахь анхаарлын төвлөрөлт бол оюун ухааны нүд болох харааны дүрслэл (төсөөлөл) - ийн хүчтэй төвлөрөлт байдаг.
Төсөөллийг шинжлэх ухаанч байдлаар 100 гаруй жилийн турш судалж байна. Спортын хэд хэдэн төрлүүд энэхүү төсөөллийн техникийг ашигладаг байсан бөгөөд үүнд бейсболл (Gough, 1989), сагсан бөмбөг (Predebon & Docker, 1992), крикет (Gordon, Weinberg & Jackson), ширээний теннис (Gray, 1990), голф (Martin, 2003), регби (Evans, Jones, Mullen, 2004), тэшүүр (Rodgers, Hall, & Buckholz, 1991) гэх мэт төрлүүд багтаж байв. Хокейн бүх цаг үеийн шилдэг тамирчин Wayne Gretzky "Бид хувцас солих өрөөндөө Bobby Orr, Potvin, Beliveau зэрэг алдартай тамирчдын болон аваргын цомын зургийг байрлуулан тэднийг харж,  бид өөрсдөө энэ бүгдийг хийж байна гэж төсөөлдөг байв. Та ямар нэг зүйлийг хийнэ гэж төсөөлж байгаа бол түүндээ хүрнэ гэдэгт итгэлтэй бай ... хэдэн мянган удаа үүнийг давтах ёстой. Санасан зүйл маань бүтэхэд ноён нуруу цэхийж эхлэнэ дээ." (Orlick, 1998., p. 67).  Мэргэжлийн голфийн бүх цаг үеийн агуу тамирчин Jack Nicklaus "Би толгойдоо хийх зүйлийнхээ дүр зургийг маш хүчтэйгээр төвлөрөн төсөөлөхгүйгээр бэлтгэл дээрээ, мөн тэмцээнд ганц ч цохилт хийж байсангүй." (Nicklaus, 1974, p. 79)
Төсөөллийн техникийг сагсан бөмбөгийн спортод хэрэгжүүлж чадсан нэгэн туршилт байдаг. Жишээ нь, Meyers, Schleser (1980) нар коллежийн тоглогч нарын шидэлтийн гүйцэтгэлийг сайжруулахаар туршилт хийжээ. Тоглолтын үед зохицуулах техникүүдийг ашигласан бөгөөд тэр тусмаа Meichenbaum-ийн стрессийн тарилга хийх сургалт (SIT) - ыг хэрэглэснээр хэсэг хугацаанд гүйцэтгэлийн амжилтанд ахиц гаргасан ч мөн тухайн нөхцөлд гадаад дарамт шахалт, хичээл зүтгэл гаргах шаардлага гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж өөрийгөө буруутган бүтэлгүйтэх аттрибуци үүсч байв. Хүнд нөхцөл байдал нэмэгдэхэд тамирчид амралт авч, дүр зургийг амжилттайгаар төсөөлж сурсан байлаа. Нөгөө талаас тоглогчид амжилтгүй дүр зургийг сайн төсөөлөх нь төсөөллийн сургалтын үеэр үр дүн буурахаас сэргийлж буй хэрэг. Эдгээр үйл явцыг эхний удаад тэмцээнгүй орчинд, дараа нь тэмцээний өмнө халаалтын байдлаар, эцэст нь тоглолтын үеэр давтана. Энэхүү дасгал сургуулилтын үр дүнд багийн шидэлт/довтолгоо 42%-66% хүртэл сайжирсан.
Дасгал. Төсөөлөл бол чадвар бөгөөд түүнд суралцх боломжтой. Зарим хүмүүс үйл явдлыг бусдаасаа илүү хийсвэрлэн зохион бодож чаддаг ч хүсвэл хүн бүр дасгал сургуулилтаар төсөөллийн чадвараа сайжруулж болно. Гэхдээ ахиц гарах үр дүн нь хурдан бэлтгэснээр эсвэл хичээл зүтгэлгүйгээр бий болохгүй аж. Тамирчид тэмцээнд орохоос хэдэн сарын өмнө сэтгэл зүйн бэлтгэлээ хангаж дууссаны дараа төсөөллийн техникийг ашиглах боломжтой болдог.

Ашигласан материал : Arnold LeUnes, Sport Psychology, 2008
Л.Энхтүшиг