Сэтгэцбиологи

Та урьд өмнө нь тархи юунаас бүрддэг юм болоо гэж гайхаж байсан уу ? Хүний тархи бүхэл бүтэн цогц тогтолцоотой бөгөөд түүнийг судлах төвөгтэй байдаг ажээ. Тархи нь баруун, зүүн бөмбөлөг гэсэн хоёр хэсгээс бүрддэг гэдгийг бид мэдэх боловч саяхныг хүртэл хоёр бөмбөлөг тархи маань хэрхэн зохицон ажиллаж буйг бид хараахан ойлгодоггүй байв.
1960-аад оны эхээр эрдэмтэд тархины нууцлаг үйл ажиллагааг илрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Тэдгээр эрдэмтдийн нэг болох мэдрэлийн мэс засалч Phillip Vogel тэрээр хүнд хэцүү, хянах боломжгүй уналт таталттай өвчтөнтэй байжээ. Тэрээр өвчтөнийхөө зовиурыг багасгах үүднээс хоёр тал бөмбөлөгт очиж буй мэдрэлийн ширхэгийг тасалсан юм. Мэс засал амжилттай болж өвчтөний зовиурын давтамж, хүчдэл нь эрс багасжээ. Тархины хоёр тал бөмбөлгүүдийн хоорондын сэтгэл зүйн нөлөөний холбоосыг таслах талаарх Vogel-ийн сургалтыг Roger Sperry цааш үргэлжлүүлэн мууранд туршиж үзжээ. Гэтэл Sperry хоёр тал бөмбөлөгүүдийн хоорондын мэдрэлийг таслахад мэдээлэл хүртдэг нэг нүд нь тархины нөгөө хэсэгрүүгээ шилжихгүй байсныг олж тогтоожээ. Улмаар тэрээр уналт таталттай хүний хоёр тал бөмбөлгийн хоорондын мэдрэлийн холбоосыг таслах эмчилгээг сонирхож түүнийгээ "хуваагдмал тархи" хэмээн нэрлэх болсон юм. Сэрлийн мэдээлэл бие махбодын эсрэг талд байрлах тархины тал бөмбөлөгөнд очдог. Жишээ нь, бидний нүд тархитай холбогдсон байх бөгөөд баруун нүд нь зүүн тал бөмбөлөгтэй, харин зүүн нүд нь баруун тал бөмбөлөгтэй холбогдсон байдаг. Хэвийн, гэмтээгүй тархины холбоостой тохиолдолд хоёр тал бөмбөлөгүүд бие биендээ мэдээллийг маш түргэн шилжүүлдэг. Sperry ба түүний хамтрагч Michael Gazzaniga хоёр тал бөмбөлөгийн хоорондын мэдрэлийн холбоосыг тасалсан эпилептик өвчтөний хоёр тал бөмбөлөгт өөр өөр төрлийн мэдээллүүдийг үзүүлэхэд тархины хэвийн үйл ажиллагаа алдагдаж байсан. Жишээ нь, та баруун гартаа харандаа барьсан байна гэж бодьё. Тэр мэдээлэл нь таны зүүн тал бөмбөлөгөнд очино. Энэ бол аливаад нэр өгөх хэл ярианы чадвар юм. Гэтэл объектыг харааны зүүн талд эсвэл зүүн гар талд байрлуулахад "хуваагдмал тархитай" хүн объектыг юу вэ гэдгийг хэлж чадахгүй. Үүний учир нь баруун тал бөмбөлөг нь мэдээллийг хүлээж аваад түүнийгээ хэл яриаг зохицуулдаг зүүн тал бөмбөлөгийн хэсэгрүү шилжүүлж чадахгүй байгаатай холбоотой аж.
Гэхдээ баруун тал бөмбөлөг хэл яриаг зохицуулж чадахгүй ч үгсийг ойлгож чадна. Хэрэв үгсийг зөвхөн харааны зүүн талд үзүүлбэл өвчтөн тэдгээр үгсийг хэлж чадахгүй. Гэхдээ иймэрхүү өвчтөнгүүд зүүн гараараа үгсийг бичиж чадна. Хэрэв өвчтөнгүүдээс юу хийснийг нь асуувал тэд хариулж чадахгүй. Учир нь тэдний хэл ярианы төв зүүн тал бөмбөлөг нь баруун тал бөмбөлөгөөс мэдээллийг хүлээн авч чадахгүй байгаа хэрэг. Sperry-гийн судалгаа нь сэтгэл судлаач нарт хоёр тал бөмбөлгүүд хэвийн нөхцөлд өөр хоорондоо хэрхэн уялдаа холбоотойгоор ажиллаж байгааг ойлгуулсан юм. Энэхүү ойлголт нь бид хэрхэн сурч, эргэн санаж, сэтгэж, асуудлыг шийдэх зэрэг сэдвүүдийг судлахад ихэд түлхэц үзүүлсэн билээ.
Sperry-гийн судалсан тархины хоёр тал бөмбөлгийн үйл ажиллагааны талаарх баталгаа нь зан үйлийн биологи үндэст суурийг нь зөв тавьсан. Гэсэн хэдий ч зан үйлд биологи нөлөөлдгийг батлахад "хуваагдмал тархи"-тай өвчтөнийг судлах нь тийм ч чухал биш аж.
Та хамгийн сүүлд хэзээ хичээлдээ явсанаа эргээд санаарай. Та бага зэрэг хоцроод суух хүртлээ сандраад байлаа гэж бодъё. Гэтэл багш танд асуулт тавив. Та асуултанд хариулахдаа ихэд түгшиж, гар тань чичрэх болно. Таны үйлдэл багшийн дуу чимээ, цаашлаад орчноо мэдрэх, дугарах, хөдлөх, мэдээллийг эргэн санах, сэтгэл хөдлөлийн шинж тэмдгээ таних зэргээс шалтгаалсан байж болно. Биологийн хариу үйлдлийн системээр бид мэдээллийг олж, боловсруулж, улмаар шийдвэр гаргадаг. Бидний биологийн хариу үйлдлийн систем зан үйлд маань голлох үүргийг гүйцэтгэдэг. Жишээ нь, удамшил бол хүний зан үйлийн биологи үндсийг бүрэлдүүлдэг. Энэ нь туршилтын сэтгэл судлалын дэд салбар бөгөөд сэтгэцбиологи, биологийн сэтгэл судлал, физиологийн сэтгэл судлал гэж нэрлэх нь бий. Эдгээр сэтгэл судлалын нэг хэсэг нь бие эрхтний сэрэл, мэдрэлийн систем, булчин, дотоод шүүрлийн булчирхайн систем, удамшил зэрэг бүгд бидний эргэн тойронд үзүүлэх хариу үйлдэлд нөлөөлдөг ажээ.
АНУ-ын Конгресс тархины судалгааны ач холбогдлыг ойлгож 1990-өөд оныг "Тархины 10 жил" хэмээн тунхаглан зарлажээ.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг