Стрессийн шалтгаан
Хүн бүр стресстэй нүүр тулдаг. Бид стрессийн сөрөг шалтгаануудыг мэддэг боловч эерэг шалтгааныг нь төдийлөн мэддэггүй аж. Hans Selye (1976) тааламжгүй болон хор хөнөөлөөс үүсэх стрессийг дистресс гэж тодорхойлжээ. Жишээ нь, дайн байлдаан, өр зээл гэх мэт үйл явдлууд дистрессийг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл бид хайртай нэгнээ алдвал, шалгалтандаа унавал, өвчин тусвал дистресст өртдөг. Харин Selye тааламжтай болон сэтгэл ханамжаас үүсэх стрессийг эустресс (eustress) гэж нэрлэжээ. Жишээ нь, хуримаа хийх, онц дүн авах, спортод амжилт үзүүлэх гэх мэт. Selye (1980) эустресс болон стресс нь биднийг сайн сайхан амьдрахад сэдэлжүүлэх чухал хүчин зүйл тул бидний амьдралд зайлшгүй хэрэгтэй юм гэжээ.
Амьдралын өөрчлөлт. Гэрлэх, тушаал ахих, аялалд явах, сургуулиа төгсөх, ажилд орох зэрэг үйл явдуул ихэнх хүмүүст стрессийг үүсгэдэг. Бидний стрессийн ихэнх нь амьдралын өөрчлөлтүүдийн улмаас үүсдэг бөгөөд шинэ нөхцөлд өөрийнхөө зан байдлыг зохицуулахад бий болдог сорил юм.
Сэтгэц засалч Thomas Holmes, Richard Rahe (1967) нар стрессийг үүсгэдэг амьдралын өөрчлөлтийн үр дагавар, тоо хэмжээг судлахаар "Нийгмийн Дахин Дасан Зохицохуйг Үнэлэх Загвар"-ыг (SRRS) бүтээжээ.
(SRRS) загвараар явуулсан судалгааны үр дүнг танилцуулбал насанд хүрэгчдийн хувьд хосуудын аль нэгнийх нь үхэл стресс үүсгэдэгээрээ нэгдүгээрт, салалт хоёрдугаарт, шоронгийн дүрэм гуравдугаарт, гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь нас барах тавдугаарт, хүнд гэмтэл авах буюу өвчин тусах зургаадугаарт, гэрлэлт долоодугаарт, ажлаас халагдах наймдугаарт, эхнэр нөхөр дахин эвлэрэх есдүгээрт, тэтгэвэрт гарах аравдугаарт тус тус жагссан байна.
Үндсэн шалтгаанууд.
Дарамт. Бид нийгэмтэй нүүр тулж, мөн сэтгэл зүйн шаардлага хэрэгцээтэй холбоотойгоор өөрсдийгөө болон бусдыг дарамтанд оруулдаг. Бид хичээлдээ онц сурах, олон найзуудтай болох, хэцүү сорилтуудыг даван гарах, илүү сэтгэл татам харагдах зэргээр өөрийн үнэлэмжээ өндөр стандарт түвшинд байлгахыг хичээх тусам бидэнд дотоод дарамт үүсдэг. Ажлаа хийх хангалттай хугацаагүй, чадах зүйлээс хэтэрсэн мэт байвал дотоод дарамт үүсэх магадлалтай. Дотоод дарамт нь өөрийгөө хөгжүүлэхэд чухал хүчин зүйл юм. Үүний ачаар бид илүү их амжилтанд хүрэхээр эрмэлздэг. Дотоод дарамтгүй бол шаргуу ажиллаж, өөрсдийгөө сэдэлжүүлж чадахгүй. Гэхдээ хэтэрхий их дарамтанд орвол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй стресс үүсэх ажээ.
Гадаад дарамт бол бусад хүмүүсийн шаардлага хэрэгцээний үр дүн юм. Бид бусдын сэтгэлд нийцэхийг хичээж байдаг. Бусдад сайхан харагдахын тулд жингээ хасдаг, эцэг эхдээ магтуулахын тулд онц дүн авдаг, даргадаа үнэлүүлэхийн тулд сайн ажилладаг, найзууддаа гайхуулахын тулд илүү амжилтанд хүрдэг. Гадаад дарамт биднийг нийгмийн орчинд дасан зохицоход тусалдаг аж. Гэвч бид хэт их хэрэгцээ шаардлагтай нүүр тулбал, эсвэл тэдгээрийг даван гарахад хүндрэлтэй байвал стресс үүсдэг.
Зөрчил. Нийцэж боломгүй шаардлага, хүслийг зөрчил гэнэ (Rice, 1987). Ихэнхи тохиолдолд зөрчлөө шийдэж чадаагүй бол стресс үүсдэг. Ерөнхийдөө сэтгэл судлаачид нийгмийн сэтгэл судлаач Курт Левиний (1935) дэвшүүлсэн зөрчлийн ойртолт ба холдолт гэсэн эсрэг тэсрэг хандлагаар тайлбарлах боломжтой гэсэн санааг дагадаг байна.
Ойртолт-Ойртолтын зөрчил нь тохирохгүй мөртлөө ижилхэн байж болохоор хоёр зорилгод тэмүүлэх үед бий болдог. Нэг зорилгыг сонгоно гэдэг нөгөөхдөө бууж өгч байгаа гэсэн үг. Жишээ нь, сэтгэл судлалын ангийн оюутан математикыг биш сэтгэл судлалыг сонгосон байна, эсвэл нэгэн зэрэг хоёр ном уншиж чадахгүйтэй адил юм. Ийм төрлийн зөрчилд орвол шийдвэр гаргахад төвөгтэй болж гаргасан шийдвэртээ эргэлздэг. Хэрэв шийдвэр гаргаагүй бол стресс үүсэхгүй.
Холдолт-Холдолтын зөрчил нь хүсээгүй ижилхэн хоёр шаардлагын дунд тулгарах үед үүсдэг. Аль ч сонголт нь таатай биш байхыг хэлнэ.
Ойртолт-Холдолтын зөрчил нь нэг зорилготой боловч тэр нь эерэг, сөрөг төлөвтэй үед бий болдог. Жишээ нь, машин худалдаж авахыг хүссэн ч мөнгө хүрэхгүйгээ ухаарахыг хэлнэ. Энэ төрлийн зөрчил нь шийдвэр гаргахаасаа өмнө үр ашиг, өртөгийг анхаарч үзэхэд хүргэдэг. Заримдаа бид хоёр болон түүнээс олон зорилгуудын дунд зөрчилддөг хэдий ч эдгээр нь эерэг ба сөрөг гэсэн агуулгатай байдаг аж. Энэ тохиолдлыг давхар ойртолт-холдолтын зөрчил гэж нэрлэдэг.
Фрустраци. Зорилгодоо хүрэхэд саад бэрхшээл тохиолдвол фрустраци үүснэ (Rice, 1987). Бид фрустрацид өртөх буюу шантарвал зорилго хийгээд байж болох бусад аргуудад ч гэсэн бууж өгдөг. Аль ч тохиолдолд стресс үүсдэг.
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: