Ховс

Ховс бол маш хүчтэй ятгалгаар бий болох ухамсрын динамик (altered-хувирсан) шинж юм. Ховс нь үгэн ятгалгын хэрэглээгээр хүнийг зүүд шиг транс буюу хөөрлийн байдалд оруулдаг. Ховс бол нойрны нэг төрөл боловч EEG багажаар авсан туршилтын үр дүнг үзвэл ховсонд орсон хүний тархины долгион нойрны үеэсээ илүүтэйгүүр сэрүүн үеийн долгионтой төстэй байдаг.
1700-аад оны сүүлээр Венын эмч Франц Антон Месмер нь өвчтөнгүүдэд ховс хэрэглэхдээ соронзыг ашиглаж амьтны магнетизм хэмээх техникийг боловсруулж байлаа. Энэхүү баримтлалыг месмеризм гэж нэрлэдэг байсан ч хожим гипноз буюу ховс хэмээн нэрлэгдэх болсон юм. 19-р зууны сүүлээр Францын эмч Жан Шарко хүмүүсийг амраахын тулд ховсыг ашиглах аргыг нээсэн юм. Улмаар Зигмунд Фрейд ховсыг ухамсаргүйн оюун ухаанд хүрэх арга зүй гэж үзэж байв (нөгөө нэг арга нь зүүд). Гэсэн хэдий ч Фрейд ховсыг төдийлөн үр нөлөөтэй арга биш гэдгийг ухаарч, хэрэглэхээс татгалзсан юм.
Ховсын техник ба чадвар. Ховсонд оруулах маш олон техникүүд байдаг бөгөөд тэдгээрийн нийтлэг хэрэглэгддэг нь цөөн аж. Нэг техник нь ховсонд оруулах хүнээ амраана, ямар ч айдасгүй болгоно. Учир нь тухайн хүний анхаарлын фокусыг нэг зүйлд хүчтэй төвлөрөх шаардлагатай байдаг. Ховсыг удирдаж буй хүн нь нөгөө хүндээ тайвшрал, тав тухтай байдлыг давталттайгаар ятгадаг. Ernest Hilgard (1987) ховсонд маш сайн ордог хүний хийсвэр сэтгэхүй болон төсөөлөл нь сайн хөгжсөн байдаг гэжээ.
Ховсын онол. Энэ талаар цөөн хэдэн онол байдаг. Үүнд транс онол, социологийн дүрийн онол, шалгуур-сэдлийн онол зэрэг багтдаг (Wallace & Fisher, 1991). Транс онолоор бол ховс нь маш хүчтэй ятгалгаар бий болдог ухамсрын динамик шинж гэж үздэг (Hilgard, 1979). Түүний шинэ тусгаарлалтын онолоор ухамсар нь бие биендээ хамааралгүйгээр хэд хэдэн бодол санааны урсгалыг бий болгох чадвартай гэж үздэг. Ховсонд орсон хүн нь ухамсрын түвшин бүрт тохиох бүх үйл явдлуудыг мэддэггүй бөгөөд зөвхөн нэг урсгалыг нь мэддэг гэж тайлбарлажээ.
Sarbin, Coe's (1979) социологийн дүрийн онолоор ховсонд орсон хүний ухамсар нь хэвийн түвшинд байдаг бөгөөд тэд нийгэм болон ховсчидоос итгэл найдвар авахын тулд тэдэнтэй уулзахыг хичээдэг гэж тайлбарладаг. Barber (1969) шалгуур-сэдлийн онолоор бол ховс нь ухамсрын динамик шинж биш, харин ухамсар нь хэвийн байх бөгөөд ховсыг удирдаж буй хүний ятгалганд анхаарлаа хандуулахаар сэдэлжсэн байдаг гэжээ.
Ховсын хэрэглээний зорилго нь өвчнийг хяналтандаа авах, зан үйлийг өөрчлөх, ой тогтоолт ба хүртэхүйг сайжруулах зэрэг олон төрөлд авч үздэг.


Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг