Практик сэтгэл судлал


Ихэнхи хүмүүс сэтгэл судлаач нарыг хүний сэтгэл зүйн асуудлыг шийдэж, тэдэнд тус хүргэх үүрэгтэй гэдгийг мэддэг ч бидэнд нөлөөлж буй практик нийгмийн асуудлын маш өргөн хүрээний сэдвийг авч үздэг сэтгэл судлалын судалгааны ололтуудыг тэр бүр мэддэггүй аж. Зарим мэдээллийн сэтгэл судлаачид нийгэмд үр ашигтай ажиллаж байна. Жишээ нь, байгууллага, сургууль, гэрт тохиолдох зан үйлийн асуудлыг багасгах, анги танхимд хичээл заах аргыг сайжруулах зэрэг хүрээнд үр нөлөөтэй сургалтын үндсэн зарчмыг ашигладаг. Мөн сэтгэл судлаачид телевизээр гарч буй хүчирхийллийн нөлөөг судалж, боловсролын хөтөлбөрүүдийг зохиож, сэтгэл ханамжтай ажиллахад нь тусалж, бие махбодын эрүүл мэндэд нь анхаарч, гэмт хэргийн учир шалтгааныг тогтоох гэх мэт нийгэм рүү чиглэсэн ашиг тустай үйл ажиллагаа явуулдаг билээ.
Практик буюу хэрэглээний сэтгэл судлал нь амьдралд тохиолдох асуудлуудыг шийдэхийг хичээдэг. Практик сэтгэл судлалын үндсэн хоёр хэсэгт клиникийн ба зөвлөгөө (байгууллагын) ордог. Клиник болон байгууллагын хэрэглээнээс гадна сэтгэл судлаач нар гэмт хэргийг шалгаж, хуулийн систем, шоронгийн талаар авч үздэг бөгөөд нийгэм дэх сэтгэцийн эрүүл мэндийн төлөө анхаарал тавьж, сайжруулан ажилладаг. Бусад тусгай практик сэтгэл судлалд спортын, анагаахын, энх тайвны, замын хөдөлгөөн тээвэрлэлтийн, тэжээвэр амьтны, чөлөөт цагийн гэх мэт салбарууд багтдаг бол нийгмийн практик сэтгэл судлалд орчны, эрүүл мэндийн, байгууллагын гэх мэт салбарууд ордог ажээ (Rodin, 1985).
Goldstein, Krasner (1987) ерөнхий ба практик судалгаа нь хоорондоо уялдаа холбоотой бөгөөд практик сэтгэл судлал нь ямар мэдээ ашиглаж байна түүнээс илүү их мэдээллийг ашиглахыг хичээдэг гэжээ. Тэд практик сэтгэл судлалыг клиник, эрүүл мэнд, хуулийн, боловсролын, спортын хүрээнд авч үздэг. Практик сэтгэл судлалын сэтгүүл нь анх 1917 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн үедээ үйлдвэрлэлийн сэтгэл судлалд анхаарлаа хандуулдаг байсан аж. 1946 он хүртэл Америкийн Практик Сэтгэл Судлалын Холбооны практик талыг баримтлагч эрдэмтэд болон Америкийн Сэтгэл Судлалын Холбооны онолын эрдэмтэд нар тус тусдаа ажиллаж байгаад эдгээр хоёр байгууллага 1946 онд нэгдсэн юм.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг