Сэтгэл хөдлөлийн онолууд

Сэтгэл хөдлөлийг тайбарласан олон онолууд байдгийн учир нь сэтгэл хөдлөл гэдэг зүйл өөрөө учир битүүлэг, субьектив туршлагатай байдагтай холбоотой юм. Түүхэн үнэ цэнэтэй онолууд алдартай ч орчин үеийн ойлголтууд мөн ялгаагүй хүлээн зөвшөөрөгдөж байна.
Жеймс-Лангегийн онол. Бид айж байгаа  учраас зугтдагтай адил үйлдэл хийхээсээ өмнө сэтгэл хөдлөл бий болдгийг ихэнх хүмүүс мэдэрдэг. Виллиам Жеймс (1884), Карл Ланге (1885) нар тус тусдаа ажиллаж зан үйлээс урьтаж мэдрэмж бий болдог гэсэн сэтгэл хөдлөлийн үзэл баримлалын ижил нэг санааг гаргасан юм. Энэ баримтлалыг Жеймс-Лангегийн онол гэдэг. Эхлээд физиологи сэргэлт ба зан үйл тохиолдоно, дараа нь сэтгэл хөдлөлийн субьектив туршлага бий болдог. Тиймдээ ч бид айж байгаа учраас чичирдэг, уурлаж байгаа учраас хүч хэрэглэдэг ажээ.
Сүүлийн үейин судалгаагаар Жеймс-Лангегийн зан үйл-дараа нь сэтгэл хөдлөл гэсэн ойлголтыг шалгаж зарим талаараа үнэн юм гэжээ (Izard, 1990).
Каннон-Бардын онол. Валтер Каннон (1927), Филип Бард (1928) нар хүн гадаад орчны өдөөгчийг хүртэж аваад түүнд тархины таламус хариу үйлдэл үзүүлдэг гэж тайлбарлажээ. Энэ онолоор таламус нь тархины гадаргад импульсийг нэгэн зэрэг өгч мөн симпатик мэдрэлийн тогтолцоог удирддаг. Тиймээс сэтгэл хөдлөлийн мэдрэмж ба физиологи сэргэлт зэрэг явагддаг ажээ. 
Шахтер-Сингерийн онол. 1962 онд Жироме Сингер, Стенли Шахтер нар сонгодог туршилтыг удирдан явуулсан юм. Энэ онолоор хүнд эхлээд физиологи сэргэлт явагдаад, дараа нь сэтгэл хөдлөл бий болдог гэжээ. Үүний дараа энэ сэргэлтээ орчноосоо тайлж уншина. Бид нөхцөл байдлаа танин мэдээд тохирсон сэтгэл хөдлөлөөр өөрсдийнхөө сэргэлтүүдээ ангилдаг гэж тайлбарласан юм.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг