Нойр
Та орой бүр тогтмол нэг цагт цаг руугаа харна, эвшээнэ, тэгээд унтахдаа бэлддэг шүү дээ. Та гэрлээ унтраагаад, орон дээрээ хэвтэж нүдээ аниад нойр хүрэхийг ч юм уу найм ба түүнээс дээш цаг унтахаа хүлээдэг. Та бараг амьдралынхаа гуравны нэг буюу 25 жилийг унтаж өнгөрүүлдэг. Учир нь та өдөр бүр их, бага хэмжээгээр унтах нормтой байдаг. Судлаачид яг одоогоор нилээд олон нууцлагдмал нойр, зүүд зэрэг судлагдахуунуудыг ойлгоод байна.
Бидэнд заримдаа нойрны минь дутагдал (нойрны хямрал биш) нөлөөлөөд байгаа мэт санагддаг. Нойрны дутагдлын судалгаагаар өдөр тутмын нойрны үйл ажиллагааны зарим гол нууцуудыг нь тайлах боломжийг олгож байгаа юм.
Нойрны ихэнх судалгаа нь их сургуулийн нойрны лабораторид явагддаг. Лабораторийн хэмжигдэхүүн нь судалгааг нямбай хянаж, удирдах чадамжтай байдаг. Туршигдагчийг тухлаг орон дээр хэвтүүлж, энэ үеэр судлаач бичлэг хийдэг электрофизиологи оношилгоог бэлддэг. Тархины үелзлэлийг оношилдог электрод (бичигч төхөөрөмж) нь хальсан дээр бичлэг хийдэг. Тархины үелзлэлийн идэвхийн бичлэгийг электроэнцефалография (EEG) гэж нэрлэдэг. Электрод нь ерөнхийдөө нүүртэй холбогдсон байх бөгөөд зүрхний цохилт (EKG), цусны даралт, биеийн дулаан, нүдний хөдөлгөөн (EOG), ясан дахь булчингийн идэвхжил, амьсгал гэх мэт бие махбодиос судалж болдог. Ингээд туршигдагч маань амрахаа сануулаад унтаж эхэлнэ.
Сэрүүн үеийн байдлаар EEG багаж тархины үелзлэлийн үндсэн хоёр хэв маяг: альфа идэвхжил, бета идэвхжлийг харуулдаг. Хүн нүдээ аниад бүрэн дүүрэн амарч, бие нь суларсан үед альфа идэвхжил 8-12Hz-ийн давтамжийг гаргаж байдаг. Харин хүнийг арай сул-сэрүүн байгаа үед бета идэвхжил 13-20Hz-ийн давтамжийг ялгаруулдаг. Та амарч байвал альфа долгионыг, харин миний бичсэн энэхүү текстийг уншиж байвал бета долгионыг ялгаруулж байна гэсэн үг.
Нойрны хоёр төрөл
1953 онд анх нойрны хоёр төрлийг ангилжээ. Чикакогийн их сургуулийн Nathaniel Kleitman ба Eugene Aserinsky нар 1953 онд нойрны үед тогтмол цагаар хүний нүд урагшаа, хойшоо хурдан хөдөлж буйг тэмдэглэжээ. Энэхүү бусад нойрны идэвхээс ялгагдах илүү идэвхжлийг нь РЕМ (нүдний хурдан хөдөлгөөн) харин бусад арай идэвхгүй нойрны үе шатуудыг РЕМ бус гэж хоёр янзаар нэрлэдэг.
РЕМ бус нойрны үе шат. Тархины EEG багаж РЕМ бус нойрны дөрвөн өөр үе шатуудыг харуулдаг. Заримдаа эдгээр үе шатууд нь бүхэлдээ удаан-үелзлэл эсвэл классик нойртой холбоотой байдаг. Бид шөнө бүр унтахдаа РЕМ нойронд орохоосоо өмнө РЕМ бус нойрны дөрвөн өөр үе шатуудыг дамждаг. Дараа нь бид өглөө сэрэхээсээ өмнө нойрны эдгээр үе шатуудыг циклийг хэд хэдэн удаа дамждаг. РЕМ бус нойрны үе шатуудыг 1,2,3,4 гэж нэрлэдэг (Dement & Kleitman, 1957).
1-р үе шат бол шижилтийн үе. EEG багаж 4-7Hz-ийн давтамжтайгаар тета долгионы идэвхжлийг үзүүлдэг. Унтаж буй хүн нойрмогдуу болж, мөн мөрөөдлөөс илүү их хийсвэр харааны дүр зургууд үзэгддэг аж. Унтаж буй хүн амархан сэрэх боломжтой ба утас дугарах, машины сигнал, хүмүүсийн яриа гэх мэт гадаад цочроогчууд нөлөөлөх боломжтой. 2-р үе шатанд EEG багаж ээрүүл хэлбэртэй 12-14Hz үелзлэлтэй тета долгионыг харуулдаг. 2-р үе шатанд к-комплекс гэдэг хурц өсөлт, бууралтыг EEG багаж тогтоодог. Нийт нойрны 50 хувь нь 2-р үе шатанд явагддаг. 2-р шатаас 4-р шатыг холбох 3-р шатанд нийт нойрны 10 хувь нь явагддаг. 3-р шатанд ээрүүл хэлбэртэй долгион үргэлжлэх боловч 1-3Hz делта долгион ажиглагдаж эхэлдэг. 4-р үе шатанд нийт нойрны бараг 15 хувь нь явагддаг байна. 4-р үе шатны нойрноос сэрэх хамгийн хэцүү байдаг. Сэрсэн тохиолдолд хүн тогтворгүй, согтуу хүн шиг хэлбийж, үйл ажиллагааг бүрэн гүйцэт хийж чаддаггүй. Мөн нойрондоо ярих, явах, шөнийн террор (нойрондоо хэн нэгэнд төвөг удах эмгэг), орондоо шээх зэрэг эдгээр үзэгдлүүд бүгд 4-р үе шатанд бий болдог юм.
РЕМ бус нойронд нийтлэг шинжүүд илэрдэг. Нүд алгуурхан ийш, тийш хөдөлдөг, Зүрхний цохилт удааширна, цусны даралт үл ялиг суларна, амьсгал удааширна, булчин суларна, унтаж буй хүн хөдлөхгүй. РЕМ бус нойрыг ажигласнаар хүн тайван амардаг гэж дүгнэж болно.
РЕМ нойр. Нүдний-Хурдан-Хөдөлгөөн нойрийг ихэвчлэн зүүдний нойр, идэвхтэй нойр, логик зөрчилдөөнтэй нойр гэж нэрлэдэг. Учир нь энэ нойрны үед хүн зүүдэлдэг бөгөөд РЕМ нойрны шинжүүд сэрүүн үеийнхтэй адилхан байдаг. Нүд маш хурдан ийш, тийш хөдөлдөг. Зүрхний цохилт түргэснэ, цусны даралт өснө, амьсгал тогтворгүй болно, аль ч хүйсний хүнд бэлгийн сэрэл үүсдэг (Kiester, 1980). РЕМ нойронд нүүр, хуруу татваганадаг ч мэдрэлийн системээр биеийн том булчингууд бүхэлдээ хөдөлгөөнгүй болдог. Тиймээс бие бүхэлдээ хөдлөх боломжгүй юм. РЕМ нойрны үед хүн нойрны идэвхтэй байдалд унтдаг гэж дүгнэж болох юм.
Мөн зүүд РЕМ нойронд бий болдог. William C. Dement 1976 онд явуулсан хэд хэдэн судалгааны үр дүнгүүдийг нэгтгэж РЕМ нойрноос сэрсэн хүмүүс зүүдний 83 хувийг эргэн санадаг гэжээ. Харин РЕМ бус нойрноос сэрсэн хүн зүүдний 14 хувийг санадаг. РЕМ нойрны зүүдийг тод сандаг бол РЕМ бус нойрны зүүд эргэлзээтэй, бүдэг бадаг байдаг.
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: