Зүүд

Хүн төрөлхтний хамгийн их сонирхол төрүүлдэг судлагдахуун бол зүүд юм. Яруу найрагчид, философичид зүүдийг хүний төрөлхийн муу талын илрэл аль эсвэл романтик хийсвэрлэл зэргээр тайлбарладаг. Маш олон судлаачид зүүдний практик хандлагыг эрхэмлэх болж, мөн хүний амьдрал дахь зүүдний орон зайг илүү шинжлэх ухаанч үүднээс ойлгохын тулд лабораторын хүрээнд ч тэр, гадаа ч мөн адил судалж байна.
Зүүдний талаарх Фрейдийн онол. Зүүдний талаарх хүн бүрийн мэдэх эртний онолуудын нэгийг Зигмунд Фрейд (1900) танилцуулж байлаа. Тэрээр зүүд бол ухамсаргүйн оюун ухаанд хүрэх гарц гэж үздэг байв. Түүний үзлээр тухайн өдөр тохиолдсон үйл явдлыг тэвчиж чадахгүй, зохицоогүй зөрчлүүд нь зүүд болдог хэмээн сургадаг байсан. Фрейд зүүдний агуулгыг тодорхой (зүүдний талаар юу санаж байгааг) ба далд (ухамсаргүйн зүүдэн дэх сэтгэл хөдлөл, бодит бодол санаа) гэж хооронд нь ялгадаг байсан.
Зүүдийг задлан шинжлэхийн тулд тодорхой зүүдний хэсгүүдийн хоорондын холбоосыг, дээрээс нь бэлгэдлүүд, тус тусын элементүүдийг анхаарч үздэг. Тодорхой зүүд нь хүний ухамсаргүйн хүслийн (Фрейдийн үзсэнээр нийгмийн хүлээн зөвшөөршгүй хүсэл) дүрслэлийг өнгөлөн далдалдаг. Мөн зүүдний өнгөлөн далдалсан дүрслэлүүдийг тайлж унших шаардлагатай болдог. Фрейдийн тайлал хийх үндсэн гол санаа нь бэлгийн симболь юм. Жишээ нь, зүүдэнд саваа мод, гадас, мод, хутга, жад, гар буу, харандаа, алх зэрэг дүрслэлүүд үзэгдсэн бол эрэгтэй бэлгэ эрхтэн, харин нүх, хөндий, усан онгоц, лонх, сав, шуудай үзэгдсэн бол эмэгтэй бэлгэ эрхтнийг илэрхийлдэг гэжээ. Зүүдний энэхүү хандлагын дутагдалтай тал нь бэлгэдлүүд хүн бүрт ижилхэн утгатай биш байж болох юм.
Зүүдний агуулга. Зүүдний агуулгын талаарх өөр нэгэн хандлагын төлөөлөгч бол Palumbo (1978) юм. Тэрээр өдөр тохиолдсон үйл явдлын процесс нь зүүд болдог гэж тайлбарлажээ. Харин Calvin Hall (1966) зүүд бол өдөр тутмын туршлагын энгийн л нэг харааны дүрслэл гэжээ. Тэрээр хэдэн мянган хүмүүсээс зүүдний агуулгын талаарх судалгаа авч, тэдгээр бодгаль хүмүүсийн ялгаа, зарим ерөнхий чиг хандлагыг олж тогтоожээ. Эмэгтэйчүүд танил хүмүүс, газар орон, үйл явдлуудыг зүүдэлдэг бол эрэгтэйчүүд танихгүй зүйлийг илүү их зүүдэлдэг. Соёлын ялгаанаас болж хүйсүүдийн зүүдлэх зүйл нь өөр байна. Жишээ нь, эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдээ ижил тэнцүү зүүдэлдэг байхад эрэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээ илүү их (65 хувь) зүүдэлдэг нь аль нэг соёлоос ажиглажээ (Hall, 1984). Hall хүний зүүдний ямар ч анализ салангид байх ёстой болохоос тэдгээрийг нэгтгэж болдоггүй хэмээн сануулсан юм.
Griffith ба түүний хамтрагчид (1958) коллежийн оюутнуудын нийтлэг зүүдийг судалжээ. Судалгааны үр дүнгээс оюутнуудын 83 хувь нь уналтын тухай зүүдэлдэг байхад 77 хувь нь дайралтыг зүүдэлдэг, эдгээрийн араас сургууль, бэлгийн зан үйл, идэх, айдас, хайртай хүн нь нас барах зэрэг зүүднүүд удаах хувийг эзэлж байна гэж дүгнэжээ. Мөн 41 хувь нь галыг, шалгалтандаа унаж байгааг 39 хувь нь зүүдэлдэг гэжээ. Бусад нийтлэг зүүдийг дурьдвал мөнгө олох, сэлэх, могой, нүцгэн болох, үхэл зэрэг байдаг. Тэд хэдэн сонирхолтой ялгааг олжээ. Уналтыг эрэгтэйчүүд 65 хувь, эмэгтэйчүүд 86 хувь, дайралтыг эрэгтэйчүүд 65 хувь, эмэгтэйчүүд 86 хувь, романтик байдлыг эрэгтэйчүүд 65 хувь, эмэгтэйчүүд 86 хувь, гэр бүл ба найзуудтайгаа байхыг эрэгтэйчүүд 53 хувь, эмэгтэйчүүд 81 хувь тус тус зүүдэлдэг гэжээ. Бэлгийн үйлдлийг ихэнх хүмүүс зүүдэлдэг ч хуучны судалгаанд хүйсийн хувьд ялгаатай байгааг тогтоосон байна. 1958 онд эрэгтэйчүүд 93 хувь, эмэгтэйчүүд 36 хувь зүүдэлдэг байсан бол 1988 онд эрэгтэйчүүд 76 хувь, эмэгтэйчүүд 72 хувь зүүдэлдэг болсон байна. Мөн 1988 онд авсан судалгаагаар оюутнууд нь зүүдлэхдээ сургууль, багш, сурах зэрэг үзэгдлийг 1958 онд авсан (эрэгтэйчүүд 41 хувь, эмэгтэйчүүд 70 хувь) судалгааны үр дүнтэй харьцуулбал бага зүүдэлдэг болсныг нотолжээ.
Dement унтаж буй хүний РЕМ нойрны үеэр гадаад цочроогч болох усыг цацжээ. Ингээд унтаж буй хүн сэрэхэд гадаад цочроогчийг зүүдэн дэх цагийн хугацааны дараалал руу барагцаалан нэгтгэсэн аж. Тэд усыг бороо, шүршүүр болгож зүүдний агуулгадаа ойлгосон байна.
Ойлгомжтой зүүд. Та зүүднийхээ бодит байдлыг мэдэж байсан уу ? Зарим хүмүүс юу зүүдэлж байгаагаа мэддэг мэт санадаг. Stephen LaBerge (1986) ойлгомжтой зүүдэнд зүүд ба унтаж буй хүний харилцан үйлчлэл байдгийг судалжээ. Зарим нэг иймэрхүү зүүдлэгч хүмүүс зүүдний үйл явдлаа удирдах боломжтой байдаг гэж хэлдэг. LaBerge-ийн санал болгож байгаагаар дээрх шиг зүүдээ удирдаад сурчихвал асуудлыг хөнгөхөн зохицуулж, илүү бүтээлч байж чадна гэжээ. Учир нь хүмүүс хар дарсан зүүдийнхээ аймшигт үйл явдлуудыг хянаж, үгүй хийж сурах боломжтой юм (Gackenback & Bosveld, 1989).
Идэвхжилт синтез онол. Зүүдний идэвхжилт синтез онолыг McCarley танилцуулж байлаа (McCarley & Hoffman, 1981). Мөн чанар нь РЕМ нойрны үед тархи өөрийгөө идэвхжүүлдэг. Дараа нь синтез мэдээллийг зүүд рүү боловсруулдаг. Hobson, McCarley (1977) нарын үзсэнээр зүүд бол тархины идэвхийн тайлбар юм гэжээ. Жишээ нь, уналт бол идэвхжлийн тайлбар, айдас ба зугтах боломжгүй үзэгдэлт зүүд нь булчингийн түр саажилтын тайлбар, гүйх бол РЕМ нойрны үеэр тохиолдох бага тархины цочроогчийн тайлбар юм. Энэ онол сонирхолтой ч хараахан дэмжигдээгүй байна.
Мөрөөдөл. Унтахад зүүд бий болдог бол сэрүүн үед мөрөөдөл бий болдог ажээ. Мөрөөдөл бол санамсаргүйгээр үүсдэг мөн бодит байдлаас хийсвэрлэл рүү зугтаж буй ухамсрын хувирсан хэлбэр юм. Мөрөөдөл бол хаана ч, хэзээ ч үүсч болдог. Таныг телевиз үзэж байхад, хөгжим сонсож байхад, бүр амарч байхад хүртэл мөрөөдөл гэнэт толгойд орж ирдэг. Судалгаанаас үзэхэд мөрөөдөл хувь хүнээс шалтгаалах хандлагатай бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн мөрөөдөх хандлагатай байдаг (Klinger, 1987). Мөрөөдөл нь уйтгар гуниг, стрессийг хөнгөхөн аргалж болдог гэж Singer тайлбарласан. Ингэхлээр мөрөөдөл бидэнд тустай ажээ.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг