Фрейд ба Психоаналитик хандлага

Өнөөдөр бидний дунд зүүдний тайллаар мэргэшсэн хүмүүс байдаг бол психоанализыг үндэслэгч Зигмунд Фрейдийн бүтээлүүдэд талархаад ч барахгүй билээ. Психоанализ бол дараах зүйсээс бүрдэнэ.
- Хүний сэтгэцийн мөн чанар тухай онол
- Сэтгэцийн асуудлыг эмчлэх
- Бидний нийгмийг нэвт ойлгон харах чадвар
Фрейд эмчийн мэргэжилтэй бөгөөд түүний шинжлэх ухааны сургалт нь Фрейдийн бодол санаа, сонирхлоо хөгжүүлэхэд тэргүүн ач холбогдолтой байв. Тэрээр амьдралынхаа ихэнх үеийг Венад өнгөрөөсөн. Гэхдээ 1885 онд Парисын эмнэлэгт ажиллаж байхдаа истеригээр өвчилсөн хүнтэй уулзаж байв. Өвчтөний эмч өвчний үүсэл оюун ухаанаас гаралтай байж магадгүй, тархины гэхээсээ илүү сэтгэл зүйн эмгэг байх гэж таамагласнаа өөрт нь танилцуулж байлаа. Энэ явдлын дараа тэрээр 1885 онд Венад буцаж ирээд нейропсихологийн чиглэлээр дадлага хийх болсон юм. Түүний хамтрагчдын нэг урьд өмнө нь ярьж эмчлэх аргыг ашиглаж нэгэн бүсгүйг эмчилж байлаа. Тэр бүсгүй бол истеригийн олон шинж тэмдэгтэй, хүмүүсийн сайн мэдэх Анна О байв. Ховсонд оруулж өвчнийхөө эрт үеийн үүсэл, шинж тэмдгүүдийнх нь тухай яриулмагц өвчин нь эдгэрдэг арга зүйгээр тэр эмэгтэйг эмчилсэн билээ. Энэ явдлаас хойш олон жилийн дараа Фрейд "ярьж эмчлэх" гэдэг санаагаа хэрэгжүүлж, түүнийгээ "чөлөөт нийлэмж"-ийн арга болтол нь хөгжүүлсэн юм. Чөлөөт нийлэмжийн арга нь толгойд орж ирсэн ямар ч хамаагүй бодол санаагаа илэрхийлэхийг санал болгодог. Тэдгээр бодол санаанууд нь далд нууцлагдмал зүйлсийн үүсэл гэж үздэг байв. Энэ техник нь ухамсарлагдаагүй мартагдсан, нуугдсан, дарагдсан баримтуудыг сэргээх зорилготой байдаг. Чөлөөт нийлэмжийн процесст тохиох саад тотгорууд болох үг хэлэхдээ татгалзах, зогсох, алдах үзэгдлийг Фрейд өвчтөн ухамсраасаа чухал баримтуудыг авах гэсэн тэмцэл, ухамсарлан танин мэдэхийг сэтгэцийн эсэргүүцэж буй үйлдэл хэмээн үздэг байв. Фрейд иймэрхүү саад бэрхшээлийг "эсэргүүцэл" гэж нэрлэдэг байсан. Хамгийн хүчтэй эсэргүүцэл бол бэлгийн мөн чанар, цаашлаад үүнийгээ бэлгийн тэвдэлт ба сэтгэцийн хүч хоорондын зөрчлийг бий болгох оюун ухааны будлиант хөгжилтэй холбож дүгнэлт хийсэн билээ.
Дээрх дүгнэлттэй холбогдуулан Фрейдийн бүтээлүүд эмэгтэй өвчтөн, тэдгээрийн бэлгийн амьдрал руу чиглэх болсон. Ингэх нь психоанализ эрэгтэй сэтгэцийг ч мөн адил судлахад тохиромжтой юм гэдгийг ухаарсан хэрэг байлаа. Фрейд өөрийгөө гүн гүнзгий задлан шинжлэхээр шийдсэн. Энэ шийдвэр нь магадгүй түүний аавынх нь үхэлтэй холбоотой сэтгэл хөдлөлийн илэрхийлэл байж мэднэ. Энэ явдлаас болж урт хугацаанд дарагдсан сэтгэл хөдлөлийн утга учрыг ойлгож, өөрийнхөө эрт үеийн туршлага, мэдрэмжинд анхаарлаа хандуулах болсон юм. Харин тэдгээрийн утга учрыг мэдэхийн тулд зүүдний тайллын техникийг хэрэглэж зорьсондоо хүрсэн. Зүүд бол ухамсаргүйд хүрэх харгуй гэдгийг тодорхойлж, бид яагаад зүүдэлдэгийг, бидний амьдралд зүүд ямар үүрэгтэйг нарийн нягт боловсруулан дүгнэсэн хүн бол яахын аргагүй З. Фрейд мөн билээ.

Ашигласан материал: Teach your self - Interpretation Dreams, Leila Bright, 2003

Л. Энхтүшиг