Сэтгэл хөдлөлийн ангилал

Чухам хэдэн төрлийн сэтгэл хөдлөлийг бид илэрхийлээд байна вэ гэдгийг баталсан зүйл нэг ч үгүй. Маш олон сэтгэл судлаачид үндсэн сэтгэл хөдлөлийн жагсаалтыг гаргах гэж нилээд хичээн ажилладаг юм. William McDougall (1921) сэтгэл хөдлөл бүрт тохирсон долоон төрлийн инстинк буюу зөн билэг байдаг гэж үзсэн. Зарим зөн билгийг нь дурьдвал нислэг (айдас), зэвүүцэх (дургүйцэх), сониуч зан (гайхах), хэрэлдэх (уурлах), өөртөө итгэх (хөөрөх) гэх мэт зөн билэг байдаг гэж үзсэн билээ. Түүний онол сонирхолтой хэдий ч 1920-иод онд сэтгэл судлалын шинжлэх ухаанд бихевиоризмын дэг сургууль ноёрхож байсан болохоор түүний онол төдийлөн үнэлэгдээгүй юм.
Өнөө үед сэтгэл судлаачид хэд хэдэн бүдүүвч ангилалуудыг тодорхойлоод байна. James Russel (1980) сэтгэл хөдлөлийн загварыг тодорхойлохдоо сэргэлт ба тааламжтай байдал гэсэн хоёр хэмжүүрээр ангилсан. Баяр хөөр - уйтгар гуниг, түгшүүртэй - тайван, сонирхсон - уйтгартай, сэтгэл хангалуун - гутралтай гэх мэт сэтгэл хөдлөлүүд эсрэгээрээ хослох хандлагатай байдаг гэжээ.
Sylvin Tomkins (1964, 1981) сонирхох, гайхах, таашаах, зовох, айх, ичих, зэвүүцэх, уурлах гэсэн үндсэн найман сэтгэл хөдлөл байдаг гэж тайлбарласан. Эдгээр сэтгэл хөдлөлүүд төрөлхийн бөгөөд нүүрний хувирал гэх мэт бие махбодын хариу үйлдлээр илэрхийллэгддэг гэжээ. Тэрээр бие махбодын хэрэгцээний тусгал болж сэтгэл хөдлөл нь сэдлийг эрчимжүүлдэг хэмээн үздэг байлаа.
Харин Carrol Izard (1979) сонирхох, таашаах, гайхах, зовох, уурлах, зэвүүцэх, жигших, айх, ичих, гэмших зэрэг үндсэн арван сэтгэл хөдлөлийг тодорхойлсон. Үндсэн сэтгэл хөдлөл бүр нь тархин дахь мэдрэлийн системтэй холбоотой байдаг бөгөөд хэвшил болсон өөртөө субьектив мэдрэмжтэй зан үйлийн хариу үйлдэл (ихэвчлэн нүүрний хувирал байдаг) гэжээ. Izard-ын үзсэнээр бидний хувьд сэтгэл хөдлөл нь төрөлхийн, бас бусад зүйлсийн төлөө суралцаж ч болдог гэж тайлбарласан. Түүнчлэн хүний зан үйлийг хөдөлгөх үндсэн сэдлийн системийн бүрдүүлдэг гэжээ.
Хамгийн дажгүй цогц ангилалуудыг тайлбарласан хүмүүсийн нэг бол Robert Plutchik (1980) юм. Тэрээр таашаах, сайшаах - хүлээн зөвшөөрөх, айх, гайхах, гуних, зэвүүцэх, уурлах, горьдож хүлээх зэрэг найман төрлийн үндсэн сэтгэл хөдлөл байдгийг тайлбарлаад эдгээр анхдагч сэтгэл хөдлөлүүд нь хоорондоо нэгдэж хоёрдогч сэтгэл хөдлөлүүдийг үүсгэдэг гэжээ. Жишээ нь, таашаах ба зөвшөөрөх нь хайрыг, айдас ба зөвшөөрөх нь бууж өгөхийг, уур ба горьдлого нь түрэмгийллийг бүрдүүлдэг. 
Сэтгэл судлаачид сэтгэл хөдлөлийн ангилал ба тодорхойлолтыг бүрэн дүүрэн баталж чадаагүй л байна. Энэхүү хүрээнд асуултын хариултыг олох гэсэн судалгаа үргэлжилсээр байгаа билээ.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг