Дутуугийн мэдрэмж (тайлбар)

  Саяхан найз маань надаас "Чамд ямар дутуугийн мэдрэмж бий болчив ?" гэж асууж байх юм. Би чимээгүйхэн дотроо инээд алдав. Бас ихэнх хүмүүс дутуугийн мэдрэмж гэдгийг стресс, депрессийн үетэй адилтган ойлгодог болчиж. Дуугүй суух гэхлээр дутуугийн мэдрэмжтэй болсон байна ч гэх шиг. Би анх дутуугийн мэдрэмжийн талаар ярьж байхдаа ширээн дээр элдэв юм зурж сараачих, хичээлийн үеэр хэнд ч хэрэггүй замбараагүй зураг зурах зэрэг невротик үйлдэл мөн. Энэ нь дутуугийн мэдрэмжийн шинж тэмдэг гээд хэлсэн чинь мэдлэгийн эх сурвалж хүн хүнээр дамжин явсаар явсаар шал өөр утгатай болчих юм. Тиймээс голч сайтай оюутнуудын мэдлэгт нэмэр болъё.


  Дутуугийн мэдрэмжийг ойлгохын тулд бодьгал сэтгэл судлалын зарчмын нэг хэсэг гэж ойлгоорой. Бодьгал буюу /individual psychology/ үндэслэсэн хүн бол Алфред Адлер юм. Түүний намтарыг миний блогийн төлөөлөгчид хэсгээс уншиж болно. Адлер өөрийн амьдралын туршлагаар онолоо баталсан байх гэж би хувьдаа дүгнэдэг юм.
Бодьгал сэтгэл судлал бол практик дээр, онолын хүрээнд ч мөн адил хэрэгждэг гэсэн. Миний хувьд уншаад түүний үзэл баримтлалыг 100 % хүлээн зөвшөөрдөг.
Дутуугийн мэдрэмжийг дурьдахаас өмнө бид зарим хэсгүүдийг ойлгох хэрэгтэй. Бид цагаан толгойн үсгүүдээс хамгийн эхэнд А үсэг үзэж байж дараагийн Б,В,Г,Д үсгүүдийг цээжилдэг шүү дээ. Гэвч алгасаад өөрийн байр сууриас тайлбарлах гэж оролдъё.

Дутуугийн мэдрэмж гэж юу вэ ?

  Бодьгал сэтгэл судлал нь хүнийг бүхэллэг байдлаар авч үзэж, түүнийг нийгэмшүүлэх чиг үүрэгтэй байдаг. Бид дутуу байгаа зүйлээ нэгэнт өөрөөсөө бий болгож чадахгүй тул бусдаас түүнийгээ эрэн хайж нийгмийг бүрэлдүүлж байгаа юм. Нийгэм байхгүй бол та бодгаль бие биш хувь хүн болно. Ийнхүү нийгэмших нь чухал гэдгийг дурьдаж байна. Нийгмээс зугтаах, ангид байх сэдлийг бий болгогч гурван хүчин зүйлс нь нөгөө л бага насанд тохиолдсон хэт эрх дураараа байх, хэт хөндий байх бас бие махбодын бусдаас дутуу гэх мэдрэмж буюу (хөгжлийн бэрхшээл) зэрэг юм.
Рижжи Миллер
  Бие махбодын хувьд бэрхшээлтэй байна гэдэг дутуугийн мэдрэмж үүсэх шалтгаан болно. Жишээ авъя, ҮСБХ-ны шилдэг тоглогч, гурван онооны шидэлтийн мастер, Жорданы ганц айдаг байсан тоглогч Рижжи Миллер нь бага байх үедээ өрөөл татамхай, саажилттай байсан юм. Эмч нар түүнийг эмчлэх боломжгүй гэж оношилсон боловч сагсан бөмбөгийн тамирчин эгч нь бэлтгэл хийх үеэр үргэлж дүүгээ дагуулсан явсаар спортод дуртай болох сэдлийг нь бий болгосон байх. Энэ үеэс эхлээд бяцхан Миллер үргэлж сагсан бөмбөг тоглосоор өвчинөө даван гарч, улмаар ҮСБХ-ны шилдэг тоглогч, алдрын танхимд нэрээ мөнхөлсөн юм.
   Түүний кейс юуг харуулж байна вэ гэхлээр, Тэр бусдаас дутуу гэж хойш суугаагүй. Хэрэв тэгсэн бол нийгмээс тусгаарлагдах байсан. Улмаар гэмт хэрэгтэн, алуурчин гээд бүтэхгүй нөхөр болох байсан. Мөн тэрээр бие махбодын дутуугийн мэдрэмжээ давуу тал болгож, тэр нь зорилго болон амжилтанд хүрчээ.
  Хөндий хүйтэн харьцах. Адольф Гитлерийн үйлдлийг бид одоо үед жигшин зэвүүцэж, түүнийг харгис хэрцгий байсан гэж дүгнээд байгаа. Хэрэв Гитлерийн санаа, зорилго хэрэгжсэн бол бид одооныхоос илүү дээр амьдралтай байх байсан ч юм бил үү. Бид нар Чингис хааныгаа хичнээн их магтдаг билээ. Гэвч Чингис хаан, Гитлер хоёрын харгислал, хядлага адилхан биш гэж үү ? Саяхан л социалист нийгмийн үед одоо магтаад байгаа Чингис хааныгаа дурсах байтугай, адгийн новш гэж үздэг байсан гэнэлээ. Ингэхлээр Гитлерийн юу хийх гэж байсан нь огт хамаагүй түүнийг ийм үйлдэл хийх болсон шалтгаан юу вэ гэдэг сонин. Бодьгал сэтгэл судлалаар түүний нийтлэгийн мэдрэмж бага байсан байх гэж таамаглах нь зүйтэй. 
  Бихевиоримзд бол чи ямар зан үйл үзүүлнэ тэр чамд мөн адил тийм л зан үйлээр хариу барих болно гэдэг. Гитлерийн аав харгис, догшин ширүүн хүн байсан гэдэг. Гитлер аавтайгаа ер таарамжгүй байсан нь дутуугийн мэдрэмжийг бий болгосон байж магадгүй. Учир нь дээр миний дурьдсан нийгэмшүүлж байж зөв хүн болно. Нийгмийн эхний давхарга бол гэр бүл юм шүү. Гитлер хожим Гимназиумд суралцахаар шийдсэн боловч тэнцээгүй. Учир нь тэр үеийн еврейчүүд үнэхээр мэдлэг, чадвартай байсан нь үнэн. Ингээд түүний дутуугийн мэдрэмж нь эмгэг болж дутуугийн комплекс бий болсноор еврейчүүд хамгийн "муу" гэх итгэл үнэмшилтэй болсон биз. Тэгээд дараа нь юу болсныг бид бүгд сайн мэднэ. Гэмт хэрэгтнүүд мөн адил өөрсдийнхөө үйлдлийг зөв гэж үзэж байгаа ч бусдын нүдээр шал өөр байдаг юм. Энэ бол дутуугийн мэдрэмжийн илрэл буй.

  Дээрх жишээнүүдийг нэгтгэн үзвэл бид бүгдээрээ зорилготой амьдардаг гэдэг нь мэдрэгдэж байна. Адлер ч үүнийг онцолдог. Өвчнөө даван туулах, дутуугаа нөхөх, амжилтанд хүрэхэд саад болж буй бэрхшээлийг даван туулах гэх мэт. Зорилгогүй амьд биет гэж үгүй. Хүнийг нийгэмшүүлж байж дутуугийн мэдрэмжийг тэнцвэржүүлдэг боловч энэ нь ихэнх үед биднийг хөдөлгөгч хүч байдаг гэдгийг санаарай.

Л. Энхтүшиг