Өөрийнхөө хоббиг мэргэжлээ болгоорой


Хүнийг насан туршид нь салахгүй дагалдаж явдаг зүйлүүдийн нэг яах аргагүй хүний сонгосон, эзэмшсэн мэргэжил. Мэргэжил нь хүний идэх талхаа олоход тусалдаг, өргөн хүрээгээр аваад үзвэл нийгмийн амьдралд, хүмүүсийн тусын тулд байхад зориулагдсан зүйл юм. Хүний хийж чадах зүйл дээр суурилсан чадварын цогц бол мэргэжил. Мэргэжилдээ дур сонирхолтой, авьяас чадвартай хүмүүс хамгийн их амжилт, бүтээл туурвил гаргадаг. Үүнийг практик харуулж чадсан. Тэр хэрээрээ нийгмийн амьдралд ч хамгийн үр бүтээлтэй хүчирхэг бие хүн байж чаддаг.

Сонирхолгүй, хүсээгүй ажил, мэргэжилдээ хүн өөрөө хичнээн зүтгээд ч өндөр амжилт олох нь бага байдаг. Мэргэжил сонгох гэдэг шууд шийдчих амар хялбар ажил бишээ. Өөрийнхөө сэтгэл зүй, бие физиологи, оюун ухаан, сэтгэн бодох чадвар гээд олон зүйлээ нарийн тооцоолж байж шийдэх амьдралын чухал сонголт юм. Үүнийг мэргэжилд тэнцэх чанарын судалгаагаар тодорхойлдог. Энэ нь тухайн мэргэжлийг эзэмших гэж буй хүн энэ мэргэжлээрээ цаашид өсөж хөгжих, өөрийгөө хөгжүүлж чадах эсэхэд гол анхаарлаа хандуулдаг.

Мэргэжил хувь хүний хөгжилд давамгайлах байр суурь эзлэх бие хүн болох үйл явцад эергээр нөлөөлж байж гэмээнэ хүн өөрийнхөө мэргэжилд дуртай, сэтгэл хангалуун байж чадварлаг боловсон хүчин болдог. Мэргэжилд хандах хандлага хүүхэд насанд 3-4 удаа өөрчлөгдөж, солигдож болдог. Тийм учраас зарим үед юу хүсээд байгаадаа өөрөө эргэлзэх үе олон байдаг үүнд дараах хүрээлэл, хүчин зүйлс нэлээд нөлөөлдөг.

Мэргэжил сонгоход хүн 4 замын бэлчир дээр ирж зогсдог. Хувийн сэтгэл зүйн хүчин зүйл /өөрийн сонирхол хүсэл, эрмэлзлэл/ 

1. Найз нөхөд, хамт олны нөлөөлөл, даган дууриалт 

2. Гэр бүл, ээж аавын хүсэлт, шаардлага 

3. Нийгмийн хэрэгцээ гэсэн сонголтуудтай нүүр тулгардаг. Олон мэргэжил олон сонголтууд дундаас өөртөө хэрэгтэй өөрийнхөө чадна гэж бодсон зүйлд хүчээ сорьсон нь дээр. Энэ нь идээдүйн амьдралын баталгаа болж өгдөг. Мэргэжил сонгохдоо өөрийнхөө сэтгэл зүйн дараах байдлуудыг анхаарвал зохино.

  • Аливаа зүйлийг тооцоолох чадвар 
  • Авьяас чадвар · Шийдвэр гаргалт 
  • Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж 
  • Темперамент /зан араншин/ 
  • Хувь хүний хөгжлийн онцлог 
  • Хэрэгцээ 
  • Хүсэл сонирхол, хобби 
  • Сэдэл · Чиг хандлага 
  • Зан төлөв 
  • Зоригийн үйлдэл 

Эдгээр нь сонгох, эзэмших гэж байгаа мэргэжлүүдэд өндөр нөлөө үзүүлдэг, ач холбогдолтой. Ер нь эзэмших гэж байгаа уг мэргэжлийнхээ чадварууд дээрээ тулгуурлан мэргэжлээ сонгож, өөрийнхөө авьяас чадвар нөөц бололцоогоо илрүүлэн гаргасан цагт тухайн салбартаа тэргүүлэгч нь байж чадна.

Сэтгэл судлаач Б. Ууганцэцэг /ССҮТ/