Бага ангийн хүүхдийнхээ хичээлийг бэлдүүлэх 4 арга
Хэрэв та бага ангийн хүүхэд эсвэл дүүтэй бол тэдний уул овоо шиг их даалгаврын ард нь гарахад туслах гэж, ойлгохгүй зүйлийг нь заах гэж мунгинаж л байсан байх. Тэгээд ч өрөмний өт шиг, тогтвортой сууж чаддаггүй насан дээр нь хүүхдийг удаан цагаар суулгаж хичээл, даалгаврыг нь хийлгэх хэцүүхэн сорилт болох үе бий. Тэгвэл хүүхэдтэйгээ хамт хэрхэн амжилттай “суралцах” талаар 4 хялбар аргыг танилцуулъя.
#1: Хүүхдээ “багшийн дүрд хувирга”
Хүүхдүүд дүрд хувирч тоглох дуртай. Том болсон хүүхдүүд ч тэр. Тэд дуучин, цагдаа, тогооч, эмч гээд төрөл бүрийн дүрд хувирч тоглох дуртай байдаг. Энэ аргыг ашиглан хүүхдийнхээ анхаарлыг илүү төвлөрүүлэхийн тулд өөрийг нь багш болго. Та ч мөн адил дүрд хувирах ёстой. Хүүхдээр өөрөөр нь хүрдийг тайлбарлуулж, хэрхэн зөв сайхан бичихийг заалга. Та ч мөн дүрдээ орж “хүүхэд шиг” асуулт асуух хэрэгтэй. Асуултаа хүүхдэд ойлгомжтой, энгийн байдлаар тавь. Бүгдийг мэддэг сурагчийн дүрд хувирсан ч болно “Багшаа, энэ чинь ........ юм биш үү? Би зөв хариулсан юм чинь онц дүн авъя” гэх мэтээр дүрдээ хувираарай.
Үр ашиг нь: Та хүүхэдтэйгээ хамт хөгжилдөхөөс гадна хүүхэд чинь эрх давуу тоглогч гэдгээ мэдрэн өөртөө итгэлтэй болно. Өөртөө итгэлтэй болсноор мэдээж сайн дүн авахад нөлөөлнө.
#2: “Экспертийг” авчир
Хүүхэдтэйгээ хичээл хийх болоход нэгэн “мундаг хүнийг” урьсан гэдгээ хэл. Тэгээд тэрхүү супер баатар/хүнийхээ зургийг хэвлэж гаргаад саваа модон дээр наан баг болгон нүүрнийхээ урд барь. Ингээд жишээ нь “Би үржүүлэхийн хүрдний мастер Бетмен байна” гэж хэл. Хүүхэд чинь эхэндээ итгэхгүй байсан ч хамаагүй, эцэг эхийнхээ дүрд буцаж орж болохгүй. Хувирсан баатрынхаа дуу хоолойг гаргаж асуулт асуу. Удахгүй хүүхэд чинь дасах болно.
Үр ашиг нь: Хичээлийг хөгжилтэй маягаар хийснээр хүүхдээ хичээл хийх явцад анхаарлыг нь тогтоож чадна. Мөн хүүхдийнхээ сонирхдог зүйлст анхаарлаа хандуулж, хүүхдээ илүү сайн ойлгоход ч дөхөмтэй.
#3: Хичээлээ хөдөлгөөнтэй байлга
Хүүхдүүд байгалиасаа хөдөлгөөнтэй, сахилгагүй байхаар зохицуулагдсан. Тэд байнга л хөдөлгөөнд оршиж байдаг. Долоон настай хүүхэдтэй гадуур тогтож хоол идэхэд хэцүү байдаг шүү дээ. Хичээл хийх гэж олон цагаар суух ч мөн адил, хөдөлгөөн ихтэй хүүхдэд тэвчихэд хэцүү зүйл. Иймд хүүхдийнхээ энэ талыг ашиглан, хичээлээ идэвхтэй, хөдөлгөөнтэй өрнүүл. Жишээ нь хүүхэдтэйгээ хамт сагс тоглолоо гэвэл тоглож байхдаа бэлдүүлэх асуултуудаа асуу. Буруу хариулсан хариулт бүрээр торгуулийн шидэлт хийлгэх гэх мэт.
Үр ашиг нь: Зарим хүүхдүүд юм сурахын тулд заавал хөдлөх шаардлагатай байдаг. Мөн та хүүхдийнхээ хичээлийг хийлгэнгээ дасгал хийчихнэ байна.
#4: Бага багаар асуу
Насанд хүрэгчид бид завгүй улс. Ажил төрөл, гэр орны ажил, хоол унд гээд барагдахгүй. Хүүхдүүд ч мөн адил. Даалгавар, сонгон, дугуйлан гэх мэт. Энэ бүгдийн хажуугаар хүүхдийнхээ хичээлийг бэлдүүлэх, шалгалтанд бэлдэхэд нь туслах хэцүү байдаг. Тэгвэл хийлгэх хэрэгтэй даалгаврууд, асуултыг бүгдийг хэвлэж гаргаад, хэдэн өдөрт бэлдэх шаардлагатай тэр тоогоор хуваа. Тэгээд тэр өдөрт асуух асуултуудаа зав гарах бүрт ухасхийн асуу. Хүүхдээ хүргэж өгөх гээд машинд явахдаа улаан гэрлэн дээр зогсохдоо, амттан өгөхийн өмнө гэх мэт. Буруу хариулсан бол амттан идэхгүй. Бага багаар ингэж бэлдэхэд хүүхдэд чинь уйдах зав гарахгүй бөгөөд хооронд нь зайтай давтуулахад хүүхэд удаан хугацаанд мартахгүй байх давуу талтай.