Хэзээ ч дуусахгүй хүний хэрэгцээ


"Бидэнд байхгүй юм болгон бидэнд илүү их байдаг" П.Орурк 

Бид бүхэн амьдралдаа давуу байх эрмэлзлэлтэй. Энэ эрмэлзлэлийн үр дүнд хүрэх зорилго бидний амьдрах бүрэн бүтэн байдал болж байдаг. Хүн өнгөрсөн, одоо, ирээдүйнхээ амьдралын харилцаанд байх хүчтэй байхыг хүсдэг. Энэ ч утгаараа амьд биетэд хэрэгцээ илэрдэгээрээ бид амьгүй ертөнцөөс ялгагддаг. Бидний хэрэгцээтэй зан үйлийн өөр нэг ялгагдах онцлог нь өөрийнхөө хэрэгцээнд нийцсэн цочроол юм уу биет зүйлст шилэн сонгох замаар хариу үйлдэл үзүүлдэг явдал юм. Гэхдээ тэр нь тухайн цаг үед өөрт нь хамгийн ихээр дутагдаж буй зүйл байх нь олонтоо. 

Хэрэгцээ нь бие махбодийг идэвхижүүлж, зан үйлийг нь өдөөх замаар дутагдаж байгаа зүйлээ эрх хайх, энэ үндсэн дээр хэрэгцээ аяндаа хангагдаг байх нөхцлийг бүрдүүлж өгнө. Үүнээс үзвэл хэрэгцээ араасаа бие махбодь, зан үйлийг дагуулж байдаг. Ингэхдээ эхлээд бие махбодийг хөөрлийн байдалд шилжүүлнэ. Түүгээр ч барахгүй сэтгэцийн зарим үйл явц, эд эрхтнүүд ба бие махбодийн идэвхижилийг дутагдаж байсан зүйлс бүрэн хэмжээгээр хангагдах хүртэл дэмжиж, өндөр хэмжээнд барьсаар байдаг. Амьд биетийн хэрэгцээний тооны ба чанарын үзүүлэлтүүд нь тэдгээрийн хэр зохион байгуулагдсан, амьдарлын нөхцөл байдал, онцлог, амьдралын түүхэн хөгжлийн шатлал дотор ямар байр эзэлж байгаа зэргээс шууд хамаарч байдаг. Бие махбодийн, бодисын солилцооны хэрэгцээнүүдээс гадна материаллаг, оюуны санааны, нийгмийн гэх олон хэрэгцээнүүд хүнд хөгжсөн байдаг. 

Хэрэгцээний хүрээний хувьд тухайн хүний онцлогоос хамаараад зарим нь материаллаг хэрэгцээг хэт шүтсэн эсвэл нийгэм нь тэр чигээрээ оюун санааны хэрэгцээ рүү тэмүүлсэн гээд ялгаатай байх жишээтэй. Хүмүүст хамгийн хүчтэй илэрдэг хэрэгцээ бол нийгмийн буюу өөрийгөө илэрхийлэх, хүмүүстэй хамт байх, тэдэнтэй тогтвортой эерэг харилцаатай байх, харилцан үйлчлэх хэрэгцээ юм. Хамгийн сонирхолтой нь хэрэгцээ нь дууссан, сэтгэл нь ханасан хүн энэ дэлхий дээр нэгээхэн ч үгүй. Нэг хэрэгцээ дөнгөж хангагдаж дуусахад дараагийн хэрэгцээ үүсэж эхэлдэг. Үүнийг гинжин хэлхээ гэвэл илүү ойлгомжтой байх. Мөн хэрэгцээ үүсэх хүч нь сул, хүчтэй байж болно. Хэрэгцээ аль хэр хүчтэй байна тухайн хүн түүнийг хангахын тулд идэвхитэй үйлдэл хийхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Хийхгүй бол “хий хийрхэл” болж хувирдаг. “Тэгэх юмсан”, “ингэх юмсан” гэсэн бодлоос цааш хэтэрдэггүй. Хэрэгцээ үүсэн даруйдаа түүнийг хэрэгжүүлж, үйлдэл, үйл ажиллагаа, хөдөлгөөн болгодог хүмүүс өөрийгөө үнэлэх тал дээр хангалттай сайн байдаг. Үүнээсээ ч хангалттай сэдэл олж авдаг.

Шаргуу зүтгэлийг орлох юм энэ ертөнцөд байхгүй Авьяас дангаараа юу ч биш 


Авьяастай бүтэлгүйчүүдийг алийг тэр гэхэв 

Суут ухаан дангаараа юу ч биш

Хүлээн зөвшөөрөгдөөгүй суутнууд зөндөө л байдаг 

Боловсрол мэдлэг адилхан юу ч биш 

Ертөнц боловсролтой тэнэгүүдээр дүүрэн байна

 Гагцхүү шаргуу зүтгэл, шийдвэр төгс чармайлт бүхнээс хүчтэй. 


Томас Уатсон /IBM компанийг үндэслэгч/ 

Энэ үгээр нилээд олон зүйлийг илэрхийлж болохоор санагдана. Сэтгэл зүйд хэрэгцээний онолууд байдаг. Эдгээр хэрэгцээний гинжин хэлхээнд бид оршин тогтнодог. Хүн идэхийн тулд амьдардаг уу? Амьдрахын тулд иддэг үү? Гэдэг асуултанд энэ хэлхээ магад тус болох байхаа. Ихэнхийн хувьд идэх гол асуудал байхад, цөөнхийн хувьд өөрийгөө нээн гаргах, авьяас чадвараа нээн илрүүлэх, өөрийгөө олох хэрэгцээ байх жишээтэй. Бөмбөрцөг дээр амьдарч байгаа нийт хүмүүсийн ердөө хоёрхон хувь нь л өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх хэрэгцээгээ хангасан гэсэн судалгаа байдаг. Сонин л юм. Үлдсэн хэсэг нь нөгөө амьтны үндсэн хэрэгцээгээ хангах гэсээр нэгэн насны амьдрал эцэс болно. Тиймээс хэрэгцээгээ хэрэгжүүлэхэд хэзээ ч оройтойхгүй, утгагүй, тэнэг хэрэгцээ гэж байдаггүй. Харин түүнийг оройтуулж, утгагүй, тэнэг болгодог үйлдлийг хүн өөрөө өөртөө л бий болгодог. Амьд, амьгүй бүх зүйл хэн нэгэнд хэрэгцээтэй эсвэл өөртөө хэрэгцээтэй байдаг. Тийм ч учраас амьдрал утгатай. Хэрэгцээ их, өндөрт байх тусам хүн хөгждөг. Холыг ч хардаг.
Б. Ууганцэцэг