Тархиа цэнэглэх 7 нууц
TEDx Talk дээр Техасийн их сургуулийн Тархины эрүүл мэндийн төвийн захирал доктор Чапман (Dr. Chapman) хүний тархины талаар нэгэн гайхалтай яриа хийжээ.
Тархи бол хамгийн хүчтэй, цахилгаан-биохимийн гайхамшигт цогц механизм юм. 100 тэрбум мэдрэлийн эс янз бүрийн холбоос үүсгэн мэдээлэл солилцож байдаг. Саяхныг хүртэл энэ нууцлаг эрхтэнг хувиршгүй, тогтмол шинжтэй гэж үздэг байсан хэмээн тэрээр өгүүлжээ.
Гэхдээ тэдний Тархиний эрүүл мэндийн төвийн судалгаагаар “тархи нь динамик, шинэ нөхцөлд амархан дасан зохицдог, засаж залруулж болдог, уян хатан шинжтэй” гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Хүмүүсийн сэтгэцийн чадавхыг дээшлүүлэх бүрэн боломжтойг уг судалгааны дүгнэлтээс ойлгож болох юм. Биологийн нас, тэр бүү хэл тархины гэмтэл эсвэл өвчнөөс үл хамааран хүн бүр тархины ажиллагаагаа дээшлүүлэх боломжтой гэдгийг судалгааны багийнхан тайлбарласан байна.
Тархины үйл ажиллагааг дээшлүүлэх шинжлэх ухаанаар батлагдсан 7 нууцыг доор хүргэж байна. Таны амьдарч, ажиллаж байгаа хэв маяг энэ 7 нууцаас өөр байна уу ? Бидний амьдарч буй 21-р зуун тархины эрүүл мэнд, үйл ажиллагаанд зарим сөрөг нөлөө үзүүлж буйг та олж харах болно.
Доорх 7 зөвлөмж нь ажил эрхэлж буй насанд хүрэгчдэд зориулсан хувилбар нь юм.
1. Нэг ажлаа л чанартай хий
Өөрийгөө олон зүйлийг зэрэг гүйцэтгэдэг буюу нэг сумаар хоёр туулай буудах дуртай хүмүүст хэлэхэд нэг зүйлээ л сайн хий гэж зөвлөмөөр байна. Харин үүний оронд нэг ажлаас нөгөө рүү хурдан шилжих хэрэгтэй. Олон ажлыг зэрэг хийх нь тархийг ядрааж, стрессийн даавруудыг идэвхжүүлдэг. Нэг ажилдаа бүх анхаарлаа хандуулах нь оновчтой байдал, шинэ санаачлага болон хурдыг нэмэгдүүлдэг.
2. Мэдээллийг хязгаарла
Өндөр хурдны технологи, холбоо харилцаа асар хурдан хөгжиж буй өнөөгийн нийгэмд бидний авч буй мэдээллийн хэмжээ 20 жилийн өмнөхөөс 200 дахин их байна. Судалгаагаар энэ хэт их мэдээлэл нь сөрөг зүйлийг дагуулдаг болох нь тогтоогдсон. Дээд зэргээр ажилладаг оюун ухаан юунд хязгаарлалт тавьж, юунд анхаарал хандуулах ёстойгоо сайтар мэддэг. Ач холбогдолгүй зүйлийг хасах тархины байгалиас заяасан чадварыг нэмэгдүүлэхийн тулд авч буй мэдээллээ хязгаарлах хэрэгтэй.
3. Анхаарал сарниулах зүйлсийг холдуул
Дунджаар ажилчид 3 минут ажиллаад анхаарал нь сарнидаг. Техник, технологи нь бидний тархийг анхаарал сарниулагч зүйлсд донтуулж, мөн анхаарлын багтаамжийг өөрчилж байна. Бид өөрийн эрхгүй дараа дараачийн дохиог (шинэ е-майл, мессеж эсвэл сошиал медиа пост г.м.) сэтгэл түгшин хүлээж суудаг. Гар утас, компьютерийнхээ дууг хааж, ажлын өрөөнийхөө хаалгыг хаах нь даалгаварыг гүйцэтгэх тархины чадварыг хурдасгаж өгнө.
4. Томоор сэтгэ
Тархи нь аар саар зүйл, жижиг хэсгүүдэд хэт их анхаарал хандуулснаас болж дарагддаг. Асуудал шийдвэрлэхдээ эсвэл шинэ санаа олох гэж байгаа бол алсын хараатайгаар холоос харах нь асуудлыг харах өнцгийг өөрчилнө. Ингэснээр шилдэг санаа, гайхалтай шийдлүүдийг үйлдвэрлэх тархины системийг бэхжүүлнэ. Жижиг зүйлд хэт удаан бүү төвлөр.
5. Эрч хүчээ хувиарла
Сэтгэцийн эрч хүч, мөн бие махбодийн эрч хүч шавхагддаг. Ажлаа эрэмбэлж, хамгийн чухал ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүл. Тархи хамгийн идэвхтэй, үр бүтээлтэй ажиллах үед чухал ажлаа хийж гүйцэтгэ. Ихэвчлэн өглөө хамгийн үр бүтээлтэй байдаг.
6. Шинэ зүйлийг эрэлхийл
Нэг хэвийн хэмнэлээсээ гадагш алхах нь таны тархины эрүүл мэнд, үйл ажиллагаанд маш чухал. Бидний тархи шинэлэг зүйл рүү байнга тэмүүлж байдаг. Тиймээс мэдлэгээ тэлж, шинэ чадваруудыг эзэмшиж өөрийгөө сорь.
7. Сэдэлжүүл
Шинэ чадваруудад суралцахаас гадна дуртай зүйлээ хийж, сонирхолыг тань татах шинэ зүйлийг илрүүлэх үед таны тархи хамгийн аз жаргалтай байдаг. Таныг сэдэлжүүлж, идэвхжүүлдэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх нь сурах үйлийг дээшлүүлдэг.
Б. Тунгалаг
Your blog is a beacon of knowledge—thank you for sharing. Also check the union twp municipal court
ReplyDelete