10 хүн тутмын 6 стресстэй байна
Хүмүүс стресстэй байна гэдэг. Стресс нь таны бие махбодь, сэтгэл хоёрын ачаалал туйлдаа хүрч байгааг харуулдаг “симптом” юм. Тэр бүү хэл амьтад ч стресстэй амьдардаг ба ихэвчлэн бусдаас хамааралтай ачаалал дарамт ирж байгааг л бид стресс гэж нэрлэдэг. Их сургуульд элсэхийн тулд шалгалтандаа бэлдэж буй оюутан, байрныхаа зээлээ төлөхөөр өдөр шөнөгүй ажиллаж буй залуус, мөн байхгүй зүйлээ санаашран суудаг хүний үл хангагдах хэрэгцээ бүхэн стресс үүсгэгч болдог. Тиймээс стрессийг аюултай өвчин гэхээсээ илүү бидний шунал тачаал ба цаг хугацаагаа зохицуулж чаддаггүй зуршилаас үүдэлтэй гэвэл зохино. Тайм менежмент хийж чаддаг, цагийн юмыг цагт нь амжуулдаг хүнээс бухимдал, цухалзсан уур хилэнг олж харахгүй л болов уу.
The Regus Group компани 15 орны 1,000 гаруй байгууллагад судалгаа хийхэд ажилчдын стрессийн түвшин сүүлийн хоёр жилийн дунджаас илт өссөн бөгөөд дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх орнуудад 10 ажилтан тутмын 6 нь стресстэй байна гэжээ. Эдгээр орнуудаас Хятад стрессийн түвшингөөрөө (нийт ажиллагсдын 86%) тэргүүлсэн байна. Харин Австралид байгууллагын ажилтан жилд дунджаар 3.2 өдөр ажлаа таслан ор сураггүй алга болдог гэнэ (Энэ нь ажлаас халшрах хам шинжээс үүдэлтэй. Ийм хам шинжтэй хүн гэнэт ор сураггүй алга болохыг хүсдэг, хөдөө, гадаа явмаар санагддаг). Ер нь аж үйлдвэржсэн, хүн ам олноор суурьшсан бүс нутагт стрессийн индекс өндөр байдаг.
Мөн дэлхийд стрессийн хамгийн хүндэрсэн хэлбэр болох сэтгэл гутрал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон юм. (2014.09.03) Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 15-29 насны залуу үеийхний үхлийн хоёр дахь гол шалтгаан нь амиа хорлолт болсон гэв. Хүмүүсийн мэддэггүй эл тоо бүр санаанд оромгүй аж. Жил бүрийн 9-р сарын 3-нд амиа хорлолтоос сэргийлэх өдөрт зориулж бичдэг ДЭМБ-ийн илтгэл, тайланд жил бүр дэлхийд 800,000 хүн амиа хорлодог, энэ нь 40 секунд тутамд нэг хүн амиа хорлохтой тэнцэнэ гэжээ. НҮБ-ын тэмдэглэснээр нийт амиа хорлолтын 75% нь ядуу буурай, хөгжиж буй орны иргэдэд тохиолддог байна. Мөн дэлхийн улс орнуудын амиа хорлолт ба насны ялгаа харилцан адилгүй байна. Зарим оронд 70 ба түүнээс дээш насны хүмүүсийн амиа хорлолт ихэнхи хувийг эзэлж байхад бусад оронд зөвхөн залуус амиа хорлож буй. ДЭМБ-аас 2013-2020 он хүртэл хэрэгжүүлэх Сэтгэцийн Эрүүл Мэндийн хөтөлбөрийн хүрээнд дэлхийн нийт амиа хорлолтыг 10%-аар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа юм.
Зөвлөмж: Юун түрүүнд санаа зовоож буй гол асуудлаа олж мэдэх нь хамгийн чухал юм. Ингэсэнээр ямар асуудлаас, яаж гарах нь илүү ойлгомжтой болох ба ямар ч хүний зөвлөгөөнөөс илүү таны шийдэл илүү үр дүнтэй байх болно. Нэгдүгээрт, зүгээр суусан ч стресс багасдаггүй. Аль болох завгүй байж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, бие махбодын хувьд дасгал, эрчимтэй хөдөлгөөн хийснээр стрессээс үүдэлтэй чангарсан булчинг султгаж амралт өгдөг, нөгөөтэйгүүр эндорфин буюу аз жаргалын дааврыг ялгаруулснаар сэтгэл зовнил багасна. Стресстэй үед архи, тамхи хэрэглэх нь стрессын дааврыг ялгаруулдаг кортизолын сувгийг нээж өгснөөр стрессийг бүр ч ихээр ялгаруулдаг. Идэж буй хоол хүнсэндээ анхаарал тавих хэрэгтэй, ялангуяа кофейн агуулсан хүнс стрессийг улам хүндээр тусгахад хүрдэг.
Nice post . And also check the bessemer municipal court
ReplyDelete