Аавууд стресстэй байдаг уу ?

Аав болох нь ихэнх эрчүүдийн хувьд сэтгэл хөдөлгөсөн сайхан үйл явдал байдаг төдийгүй ялангуяа залуу шинэхэн аавуудын хувьд бүр илүү байдаг. Хүүхэдтэй болж эцэг хэмээх сайхан нэр зүүж байгаа ч төдий чинээгээр хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэж тэр хэрээрээ асуудлууд үүсч байдаг.
Хүүхэд хүмүүжүүлэх, тэднийг асарч халамжлах гээд бүхий л үүргийг эцэг эхчүүд хамтдаа үүрч хамтдаа гүйцэтгэж байдаг. Эцэг эх байх эхний таван жилийн хугацаанд аавууд стресст маш ихээр өртдөг бөгөөд энэ талаар судлаачид олон судалгааг явуулж байсны нэг нь Фейнберг их сургуулийн судлаачдын удирдсан судалгаа юм.

“Хүүхдийн эмнэл зүй” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзэхэд 25 настай залуу аавуудын хувьд аав байх эхний 5 жилийн хугацаанд стрессийн шинж тэмдэг илрэх байдал нь 68%-тай байна. “Хүүхдийн өсөлт хөгжлийн үед ээжүүдийн стрессийн түвшин ч мөн адил нэмэгдэж байдаг, тэдний эрүүл мэнд эрүүл өсөж бойжих гээд л тэдний хувьд санаа зовох асуудал маш их гардаг боловч аавууд ч мөн энэ тал дээр стресстэж байдаг. Шинэхэн аавуудын стрессийн талаар өнөөг хүртэл тодорхой баримт, судалгаа хийгдэж байгаагүй учраас өнөөдөр энэ сэдвийг хөндөхөд хүмүүс гайхаж хүлээж авч байна ” гэж энэхүү судалгааг удирдсан Баруун хойд мужын Фейнберг анагаахын их сургуулийн нийгмийн шинжлэх ухаан, хүүхдийн эмнэлзүйн доктор профессор Крейг Гарфилд өгүүлсэн байна.

Хүүхдээ төрснөөс өөрөөр хэлбэл аав болсноос хойш хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаагүй аавууд илүү стресст өртөмтгий байдаг төдийгүй хүүхдээ хүмүүжүүлэх байдал нь хайнга хөндий харилцаатай байдаг. Энэ байдал нь яваандаа гүнзгийрч стресст өртсөн аавууд хүүхэдтэйгээ харилцах тал дээр ялангуяа хоорондоо ойлголцохгүй үргэлж зөрчилдөж, энэ нь яваандаа гар хүрэх байдлаар гүнзгийрч хүүхдийн харилцаа хүмүүжлийн тал дээр асуудал үүсдэг байна. Үүнээс үзэхэд эцэг эхчүүд ялангуяа аавууд эцэг болсноосоо хойш, хүүхдээ төрснөөс хойш хамтда байж хүүхэд өсөх бүх үеүдийг хамтдаа даван туулснаар ирээдүйд стресстэх байдал нь бага байна.

Аавуудын стресст өртөх байдлыг үндэстний хувьд харьцуулсан судалгааг доктор Гарфилд мөн хийсэн бөгөөд энэ судалгааны үр дүнд хар арьст болон испани аавууд стрсст өртөх эрсдэл нь цагаан арьст аавуудыг бодвол маш өндөр гарсан байна.

“Яагаад аавуудын хувьд ийм ялгаатай байдал харагдаж байна вэ. Энэ юунаас үүсч байна вэ гэдэг нь сонирхол татсаар байна. хүүхэд өсгөх гэдэг энэ дэлхий дээрх хамгийн хэцүү ажил, тиймээс энэ үед эцэг эхчүүд стресстэх нь ч аргагүй юм. Ер нь ямар ч хүнд ажлыг хийж буй хүн  үргэлж стресстэж байдаг шүү дээ” гэж Massachusetts их сургуулийн сэтгэл судлалын профессор Лиза Харви тайлбарласан байна. “Хүүхэд нялх байхаасаа эхлүүлээд байнгын асаргаа сувлгаа, хайр халамж шаардаж байдаг. Ямар нэг талаар нь дутаачихвий гэсэндээ эцэг эхчүүд өмнө байснаасаа илүүгээр ажиллаж төдий чинээгээр  их ачаалал авч стресстэж байдаг. Мөн хосуудын хамтын амьдралын үед үүсч байдаг санхүүгийн бэрхшээл ч бас давхар нэмэгдэж эхэлдэг. Энэ бүх шалтгаанууд эцэг эхчүүдийг ялангуяа санхүүгийн хувьд гэр бүлээ тэжээх үүрэг бүхий аавуудын хувьд энэ нь маш их стрессийг үүсгэдэг юм.” гэжээ.
Л. Сарангэрэл