Тархины гэмтэл ганцаардмал болгодог

Тархины тодорхой хэсгүүд бидний бие махбодийн бүхий л үйл ажиллагааг хариуцаж байдгийг бид сайн мэднэ. Зүрхний цохилт, цусны эргэлтийг зохиуцуулахаас гадна бидэнд мэдрэгдэж буй дуу авиа, амт, үнэр, халуун хүйтэн, даралт гээд бүхнийг биеийн мэдрэхүйгээрээ хүлээн авч тархи руу дамжуулдаг. Тархи түүнийг хүлээж авмагцаа үйл ажиллагаанд оролцох сэдлийг үүсгэдэг аж. Жишээ нь, халуун зүйл дээр гараа тавихад гар түлэгдэх аюултай тул маш хурдан хугацаанд гараа эргүүлэн татна. Өөрөөр хэлбэл халуун дулааныг гараараа мэдэрч, түүнийг тархи руу мэдээлэл болгож явуулна. Дараа нь тархинд мэдээлэл боловсорч гарыг эргүүлэн татах ёстой гэсэн шийдвэрийг гаргадаг.

Энэ мэт бидний тархины төрөл бүрийн хэсэгт үйлдэл хөдөлгөөнүүдийг маань хариуцсан бүсүүд ажилладаг. Дагзны хэсэгт хараа, чамархайн хэсэгт сонсгол, духны хэсэгт ой тогтоолт, зулайн хэсэгт даралт гэх мэт өөрийн гэсэн тодорхой үүргүүдтэй. Дэлхийн II дайнаас хойш тархийг судлах төсөл эрчимтэй хэрэгжиж өдгөө бараг л учрыг нь тайлаад байна. Гэхдээ тархи хэмээх хамгийн учир битүүлэг эрхтнийг бүрэн судлах арай болоогүй бололтой. Эрдэмтэд энэ талаар цаг үргэлж мэтгэлцэж цаашид тархины нууцлаг, хараахан тодорхойлж чадаагүй олон хэсгүүд бий гэж үзэж байна.

Тухайлбал, би өмнөх нийтлэлүүдэд эцэг эхийн маргаантай харилцаа хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, тархины гэмтэл авсан хүн төд удалгүй нас барж, авто осол эсвэл унаж толгойндоо хүнд гэмтэл авсан хүн ирээдүйд эпилепсибуюу уналт, таталт өгдөг өвчтэй болж буй талаар туршилт судалгаануудыг иш татаж байсан билээ. Одоо ч гэсэн эрдэмтэд тархийг судалсаар л байна.

Гэхдээ бид аливаа өвчнийг зөвхөн биологи, физиогийн талаас нь хардаг дутагдалтай. Бид өвчин эмгэгээ үнэхээр сэтгэлзүйн гаралтай эсэхийг тогтоож үзсэн бил үү ? Эсрэгээрээ бидний өвчин эмгэг сэтгэлзүйн таагүй үр дүнд хүргэдгийг мэддэг болов уу ?

Энэ талаар Бригхам их сургуулийн мэдрэл судлаачид судалсан байна. Тэд авто ослын улмаас тархиндаа гэмтэл аваад гурван жил болж буй хүүхдүүдийг судалжээ. Тархины аль хэсэгт гэмтэл авснаар нь хүүхэд нийгмийн амьдралдаа хэр зэрэг дасан зохицож, эрүүл бие байж чадах эсэхийг урьдчилан таамаглах боломжтой гэж тэд үзэж байна. 

Яахав тархиндаа гэмтэл авсан хүн тодорхой хугацааны дараа биологийн хувьд эдгэрч болно. Харагдах байдал нь эрүүл. Хэн ч түүнийг өвчтэй гэж бодохгүй. Гэхдээ гэмтэл авсан хүүхдүүд цаг үргэлж өнөөх ослынхоо талаар бодож, хэт их төвлөрч эргэцүүлдгийн улмаас бусадтай харилцах харилцаанд нь хүртэл нөлөөлдөг байна. Үүнийг гэмтлээс үүдэлтэй сэтгэлийншарх гэж дүгнэж болох юм.

Жишээ нь, 2014 оны 4 сарын 10 нд хэвлэгдсэн Гейл, Эйшли Леван (Gale, Ashley Levan) нарын удирдсан судалгаанд урд тархины гадна хэсэгтээ гэмтэл авсан хүүхдүүдийг нийгмийн янз бүрийн бүлгийн хүүхдүүдтэй харьцуулахад нийгмийн амьдрал тааруу, сэтгэн бодох чадварын хувьд сул дорой гэсэн үр дүн гарчээ.

Гэхдээ үүнийг анхаарлын дутмагшилтай (ADHD) андуурч болохгүй гэнэ. ADHD хэдий урд тархинд нөлөөлж буй нь MRI зурганд харагддаг ч сэтгэл засалчийн тусламжтайгаар ADHD хүүхдийн ой тогтоолтыг сайжруулж болдог бол тархины гэмтэл авсан хүүхэд илүү хэцүү үр дагавартай.

Судлаачдын дүгнэснээр тархиндаа гэмтэл авсан хүүхэд ирээдүйд ганцаардмал, зожиг байх магадлалтай юм.

Л.Энхтүшиг