Бид яагаад аливааг хойш тавьдаг вэ?
Амьдралд биднийг амжилтаас хойш татдаг олон зүйлсийн тоонд ажлыг хойшлуулах явдал орох нь эргэлзээгүй. Аливааг хойшлуулдаг хүн өөрөө өөрийгөө үгүй хийж, өөрстөө саад учруулан, ажлын үзүүлэлтээ муутгах замыг л сонгодог юм.
Яагаад ? Энэ талаар Чикагогийн их сургуулийн сэтгэл судлаач профессор Ph.D. Жозеф Феррари болон Канадын Оттава дахь Карлетон дээд сургуулийн сэтгэл судлаач профессор Тимоти Пичил нарын хэлснийг сонирхъё.
· Хүн төрөлхтөний 20% нь аливааг хойшлуулах тал дээр өөрсдийгөө “архагшсан” гэж үздэг. Энэ байдал амьдралын хэв маяг гээд бүхий л зүйлд нь илэрнэ. Тэд хэзээ ч байр, цахилгааны мөнгөө цагт нь төлдөггүй, концерт үзэх байсан ч тасалбарыг нь авах боломжийг алддаг. Тэд шинэ жилийн бэлгээ 12 сарын 31-нд л авах жишээтэй..
· Ажлыг хойш тавих нь тухайн улс орны соёлоос хамаарч болно. Дээрх 2 эрдэмтний хэлсэнээр бусад орнуудтай харьцуулахад АНУ-д энэ нь элбэг тохиолдох хандлагатай . Учир нь Америк оронд хэн нэгэн “миний эмээ саяхан өөд болчихсон” гэсэн шалтаг тоочиход итгэсэн ч, итгээгүй ч ажилаас нь тэр бүр дуудаад байдаггүй гэнэ.
· Аливааг хойшлуулна гэдэг тухайн хүн цаг заваа зохицуулж чадахгүй байна гэсэн үг биш. Харин ч тэд цаг баримжаалах тал дээр эерэг хандлагатай байдаг. Профессор Феррари : “ажлыг байнга хойшлуулдаг хүнд долоо хоногийн төдөвлөгөөгөө бичих дэвтэр ав гэж зөвлөх нь сэтгэлийн гүн хямралд орсон хүнд өөдрөг бай! гэсэнтэй ялгаагүй” гэв.
· Ажлыг хойшлуулагчид ингээд төрчихөөгүй, харин шууд бусаар гэр бүлийнхэн нь нөлөөлдөг. Энэ нь авторитар хүмүүжлийн хэлбэрт үзүүлсэн хариу үйлдэл юм. Хахир хатуу эцэг эх хүүхдийг өөрийгөө хөгжүүлэх чадвар, өөрийн хүсэл эрмэлзэлээ илэрхийлж , гүйцэлдүүлэхэд нь саад болдог. Эсвэл ийм хүмүүжилтэй хүүхэд эсэргүүцлээ илэрхийлж байгаа арга нь ч байж болох юм. Энэ тохиолдолд хүүхэд найз нөхөддөө илүү хандаж харин найз нь энэ байдлыг улам л өөхшүүлдэг.
· Ийм хүмүүс согтууруулах ундаа илүү ихээр хэрэглэх хандлагатай байдаг. Согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх нь хувийн зохион байгуулалтанд ч сөргөөр нөлөөлнө.
· Ажлыг хойш тавьдаг хүн үргэлж өөртөө худлаа ярьж байдаг. Тэд: “За за, би энийг маргааш л хийчихье” гэдэг үгийг олонтаа хэлдэг. Эсвэл, Би юмыг цагт нь тулгаж, их ачаалалтай ажиллахад илүү сайн хийдэг гэж боддог. Гэтэл тэдэнд маргааш нь төлөвлөсөн ажлаа хийх эрмэлзэл төрдөг ч үгүй, шахаж шаардаад ч ажлаа сайн хийдэггүй. Түүнчлэн “энэ тийм ч чухал биш шүү дээ” гэж өөртөө итгүүлэн өөрсдийгөө хамгаалдаг. Богино хугацаанд тэд илүү үр бүтээлтэй ажиллаж чаддаг гэдэг нь бас нэгэн худал үг юм. Харамсалтай нь тэд богино хугацаанд илүү үр бүтээлтэй ажиллаж чаддаггүй. Зүгээр л өөрсдөд нь тэгэж санагддаг хэрэг. Харин ч өөрсдийн нөөц боломжоо дэмий л үрэн таран хийдэг.
· Тэдний бас нэгэн шинж бол өөрсдөөс нь тийм ч ихийг шаардаад байхааргүй саатааруулах зүйлсийг үргэлж илэрхийлсээр байдаг. Мэйл хаягаа шалгах нь энэ зорилгод яг тохирно. Тэд ийнхүү өөрсдийгөө сатааруулснаар айдас түгшүүр гэх мэт сэтгэл хөдлөлөө зохицуулахыг хичээдэг.
· Хүмүүс янз бүрийн шалтгаанаас ажлыг хойш тавьдаг. Профессор тэдний 3 нийтлэг хэв шинжийг тодорхойлжээ:
1) Эцсийн мөчид цагийг нь тулган, ажлаа хийж дуусган сэтгэл ханамжийг авдаг хүмүүс.
2) Алдаа гаргахаас эсвэл бүр амжилт гаргахаас айн зайлсхийдэг хүмүүс. Аль ч тохиолдолд тэд эргэн тойрных нь хүмүүс юу гэж бодох бол гэж санаа зовж, чадваргүй гэж хэлүүлснээс идэвхи чармайлт дутмаг гэж хэлүүлсэн нь дээр санагддаг.
3) Шийдвэр гаргаж чаддаггүй хүмүүс. Шийдвэр гаргахгүй байна гэдэг хариуцлагаас чөлөөлдөг.
· Аливаа юмыг хойшлуулна гэдэг олон сөрөг үр дагавартай. Нэн түрүүн таны эрүүл мэндэд хор нөлөөтэй. Улирлын эцэс гэхэд л ажлыг байнга хойшлуулдаг оюутнуудын дархлалын систем муудаж, илүү их ханиад тусаж, ходоодны шархлаа нь ихэссэн мөн нойргүйдэлд орсон байдаг. Ажлыг хойш тавих нь танд төдийгүй бусдад ч хор хөнөөлтэй. Энэ нь үүрэг хариуцлагын дарамтыг бусдад тохож дургүйг нь хүргэхээс гадна ажил албан дээр багаар ажиллахад муугаар нөлөөлж хувийн харилцаанд ч хүндрэл учруулдаг.
· Ажлыг хойшлуулагчид өөрсдийн хандлагаа өөрчилж болно. Гэвч энэ нь сэтгэл санааны маш их хүч шаарддаг. Энэ нь хүн тэр чигээрээ өөрчлөгдчихнө гэсэн үг биш. Нарийн зохион байгуулалттай танин-мэдэхүйн зан үйлийн сэтгэц заслын тусламжтайгаар үүнийг өөрчилж болдог байна.
Сэтгэл судлаач Г. Индра
Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл 2010/3
0 comments: