Төлөвлөснөөсөө бага мөнгө үрэх 5 арга
Баталгаат ирээдүйгээ хангахын тулд санхүүгийн төлөвлөгөө хийх хэрэгтэй гэдгийг хүн бүхэн мэддэг. Ингэж төлөвлөлт хийх олон арга зам байдаг ч түүнийхээ дагуу мөнгө зарцуулах нь хамгийн ээдрээтэй ба бидний анхаарал бага хандуулдаг эгзэгтэй хэсэг билээ. Төлөвлөгөө гаргасныхаа дараа түүнийгээ дагаж мөрдөнө гэдэг санхүүгийн бус таны өөрийн сэдлийн асуудал. Төлөвлөгөөгөө дагахад тань тусалж доорх 5 аргыг санал болгож байна.
1 дэх арга: Юуг зорьж байгаагаа нарийн тодорхойлох. “Сар болгон мөнгө хадгална” гэх нь том алхам шиг сонсогдож байгаа ч яг хэдийг хадгалах вэ? “Өр зээлээ төлж дуусна”, гэвч хэдий хугацаанд? “Бага үрнэ, их хадгална” гэсэн аргуудад маш том сул зай гардаг. Бид өмнөө маш том зорилго тавихад түүндээ хүрэх гэж хичээснээр энэ нь биднийг илүү их сэдэлжүүлдэг. Өөрөөс чинь ихийг шаардсан, тодорхой нэг том зорилт тавь.
2 дахь арга: Санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг санаарай. “Гадуур хооллоход бага мөнгө зарцуулна” гэдгээ “Би өдөр болгон ажил руугаа гэрээсээ хоол авч явна, долоо хоногт ганц л удаа гадуур хооллоно” гэж өөрчил. Бидэнд зорилгодоо хүрэхэд саад болдог гол хүчин зүйл нь тэдгээрийг өдөр тутмын хэвшил болгон хэрэгжүүлдэггүйд байгаа юм. “Хувцас хунарт мөнгө үрдгээ болино” гэдэг өгүүлбэр “Хувцасанд __ ₮-өөс дээш мөнгө үрэхгүй” болж хувирахгүй бол та өөрчлөлт хийж чадах нь юу л бол.3-5 арга: Бидний ихэнх өөрсөддөө хэрэггүй зүйл авахад буруутай мэт сэтгэгдэл төрдөг. Хэрэв та санхүүгийн асуудалтай байгаа бол хэт их юм худалдан авдаг зуршилаа хянах хэрэгтэй. Бидний зарим нэгэнд энэ нь чихэр шоколад, заримд нь тоног төхөөрөмж эсвэл брендийн гутал хувцас байж болно. 3-5 дахь аргууд мөнгө үрэх хүслээ дарахад тань тусална.
3 дахь арга: Сэтгэл санаагаар унасан үедээ хэзээ ч битгий юм худалдан ав. Ядарсан, ууртай, стресстэй эсвэл сэтгэлээр унасан үед таны өөрийгөө хянах чадвар буурсан байдаг. Энэ нь буруу шийдвэр гаргах маш тохиромжтой нөхцөл юм.
4 дэх арга: Худалдан авах хүсэл таныг эзэмдэх үед түр зогсоод өөрийгөө хянах маш сайн чадвартай хэн нэгнийг санаарай. Өөрийн хяналт нь “халдварлаж” байдаг ба судалгаанаас үзэхэд өөрийгөө маш сайн хянадаг хүнийг бодоход л таны өөрийн хяналт нэмэгддэг гэж үздэг.
5 дахь арга: Эцэст нь сайн үйлийнхээ төлөө өөрийгөө урамшуул. Хүн бүхэнд түлхэх хүч хэрэгтэй. 1 долоо хоногийн эсвэл 1 сарын төлөвлөгөөгөө бүрэн биелүүлсэн тохиолдолд төсөвтөө тохируулан өөртөө хэрэгтэй ямар нэгэн зүйл худалдан авч болох юм.
Heidi Grant Halvorson, Ph.D.
“The Psychology of Goals”
номны зохиолч
Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл 2011/1
0 comments: