Яагаад мартдаг вэ?

Зарим хүмүүс ой тогтоолтын марталт ба алцхаймерийн өвчин хоёрыг буруу ойлгодог. Жишээ нь, зарим шаардлагатай мэдээллийг мартах эсвэл гэнэт мартах зэрэг үзэгдлийг өөр өөрийнхөөрөө би "зөнөж" байна, "мартдаг өвчтэй" болсон байна зэрэг ташаа ойлгодог. Ер нь марталт бол нийтлэг тохиолддог бөгөөд оюун ухааны хэвийн үзэгдэл юм. Та ямарваа нэгэн зүйлийг мартчихаад түүнийгээ эрж хайгаад олдохгүй байна гэж бодъё. Энэ тохиолдолд хайж буй зүйлийн талаар мэдээлэл таны ой тогтоолтод байхгүй байна гэж үзэх хэдий ч марталт бүрийг ой тогтоолтын мэдээлэл устгагдсан, алга болсон гэж ойлгож болохгүй. Нөгөө талаас мэдээллийг эргэн санах үйл явцад алдаа гарсантай холбоотой. Магадгүй мэдээлэл урт хугацааны ой тогтоолтод хадгаладсан боловч түүнийгээ эргэн санах боломжгүй байж болно.
Сэтгэл судлаач, ой тогтоолт судлаач, алдарт "The Memory - Ой Тогтоолт" номыг бичсэн Херман Эббингауз цээжилж, тогтоосон мэдээллийг дахин давтаж санахгүй бол цаг хугацааны багахан нарийвчлалд мэдээлэл огцом буурдагийг олж тогтоосон. Амьдрал дээрх энгийн нэгэн жишээг авч үзье. Оюутан, сурагчид, суралцагсад хичээлийнхээ шалгалтыг өгдөг. Шалгалтын өмнө хичээлээ давтах нь мэдээллийг хадгалах үйл явц болдог. Шалгалтын үеэр мэдээллийг эргэн санах үйл явц тохиодог. Харин дараа нь шалгалтын өмнө хадгалсан мэдээллийг давтахгүй бол 20 мин дараа мэдээлэл бага багаар алдагдсаар 31 өдрийн дараа юу ч үгүй болдог. Үүнтэй холбоотойгоор Б.Ф. Скиннер "ой тогтоолтоос үлдсэн хэсгийг боловсрол гэнэ" хэмээн хэлсэн удаа ч бий.
Гэхдээ эдгээр нь ой тогтоолтыг хангалттай сайн тайлбарлах үндэслэл болж чадахгүй. Иймд дараах хэдэн хандлагаар тайлбарлахыг хичээе.
  • "Decay" буюу гажуудлын онолоор мэдээлэл нь ой тогтоолтын ул мөр гэдэг ойлголттой холбоотой. Ямарваа нэгэн шинэ зүйлийг цээжлэхээр бол ой тогтоолтын ул мөр шинээр үүсдэг. Тэрхүү ул мөр нь мэдээлэл өнгөрөн явсан гэдгийн баталгаа гэсэн үг юм. Энэхүү ул мөрөөр мэдээлэл нааш цааш явахгүй тохиолдолд ул мөр бага багаар бүдгэрч алга болдог. Иймд өнөөх марталт үүсдэг гэж үздэг.
  • Хөндлөнгийн ой тогтоолтын гажуудлын онол. Хэрэв шинэ мэдээлэл нь өмнөх мэдээлэлтэй ойролцоо утгатай байвал дараа нь эргэн санах тохиолдолд хоорондоо хутгалддаг байна.
  • Бага зэргийн мэдээлэл урт хугацааны ой тогтоолтод хадгалагдаж чаддаггүй бол заримдаа байнга давтаж хийдэг зүйл ч гэсэн түүнд багтаж чаддаггүй. Энэ нь анхнаасаа кодлох үйл явцтай холбоотой. Жишээ нь, аливаа зүйлсийг урт хугацаанд тогтоохдоо нарийн шинж онцлогуудыг гэхээсээ илүү бүхэлчилж тогтоодог.
  • Психоаналитик онолоор тааламжгүй дурсамж, болсон үйл явдлыг ухамсаргүйгээр мартахаар сэдэлжсэн байдаг гэж үздэг. Үүнийг "репресс" буюу дарагдмал бодол санаа, сэдэл гэж үзээд ухамсар үүнийг санахгүй ч хэзээ нэгэн цагт ухамсарт бус оюун ухаанаас ил гарч чадахуйц байдаг гэж ойлгодог. Гэвч дарагдсан мэдээлэл байдаг эсэхийг судалж, шалгах боломжгүй учир нийт сэтгэл судлаачид үүнийг хүлээн зөвшөөрдөг гэвэл өрөөсгөл явдал болно. Мөн эсрэгээрээ амьдралын хүнд хэцүү үе, гэнэтийн цочирдуулам аймшигт явдлууд харин ч мартагддаггүй тохиолдлыг энэ онол тайлбарлаж чаддаггүй.
Гэх мэт олон төрлийн хандлагаар ой тогтоолтын марталтыг тайлбарлаж болохоор байна. Хэрэв та ой тогтоолтын өвчин ба марталтын ялгаа заагийг мэдэхийг хүсвэл ЭНДээс уншиж болно.

Сэтгэл Судлаач Л.Энхтүшиг