Хардалт гэж юу вэ?

 
Хардалт гэдэг бол яг үнэндээ бид бүгдийн мэдэрч үзсэн бидний төрөлхийн сэтгэл хөдлөл юм. Бид хардах үедээ айдас түгшүүр, уур хилэн, ганцаардал болон үзэн ядалтыг давхар мэдэрч байдаг бөгөөд энэ үед хэн ч эрүүл саруул сэтгэдэггүй. Гэхдээ энэхүү сөрөг сэтгэл хөдлөл давамгайлж ирвэл бидний харилцаа холбоонд ан цав суулгах эрсдэлтэй.
Хэрвээ хүүхэд бага насандаа гэр бүлээсээ хэт их хайр халамж амсаж өссөн, хүссэн зүйлээ авдаг эсвэл эсрэгээрээ гэр бүлийнхэн нь элэгсэг дотно бус, ямар нэгэн дарамт шахалт амсаж өсвөл хүүхэд том болоод хартай болох магадлал өндөр байдаг. Үүнээс гадна хүн амьдралдаа томоохон хууралт амссан бол мөн хартай болно.
Хардалтаа хүн өөрөө гүнзгийрүүлдэг. Тухайлбал эхнэр эсвэл нөхрөө гэм буруугүй байхад нь олон дахин хардаж уурлавал мэдээж хамтрагч тань өөрийгөө хамгаалж уурлана. Энэ явдал улам даамжирсаар таниас аливаа жижиг асуудлаа ч нуухад хүрнэ. Ингээд таны хардалт улам гүнзгийрэх болно.
Хардах сэтгэлийн хөдлөлд эмэгтэйчүүд эрчүүдээс  9 дахин илүү ширүүн болон эмзэг ханддаг ба энэ нь тэдгээрийн илүү уян сэтгэл,өндөр сэтгэлийн хөдлөлтэй нь холбоотой гэж тодорхойлогдсон байна.
Хардалтыг зөвхөн дурлалт хосуудын хооронд байдаг хэмээн ойлговол эндүүрэл болох юм. Хардалт нь дотроо ах эгчийн буюу гэр бүлийн, ажлын байрны, амраг хосын, нөхөрлөлийн гэх мэт хэлбэрүүдтэй байна. 

Хэрхэн хардах бодлоосоо салах вэ? 

1.       Өөртөө итгэлтэй бай. Хэрвээ таны хардалт өөрийгөө дутуу үнэлсэнээс болсон бол хамтрагчаа хардахаасаа урьтаад өөрийгөө өөрчилж, өөртөө итгэлтэй бол. Үүний тулд эерэг зан чанар болон сөрөг зан чанараа тодорхойлоод сөрөг зан чанараа зас. Өөрийн хийхийг хүсдэг зүйлсдээ суралц\хөгжим тоглож сурах, усанд сэлэх, бүжиглэх гэх мэт\. Өдөр бүр баяр ёслолд явах гэж буй мэт өөртөө анхаарал тавь.
2.       Асуудлаа бусадтай хуваалц. Дээр дурдаж байсанчлан хүн хардах сэтгэл хөдлөлд автахаараа эрүүл ухаанаар сэтгэж чаддаггүй. Тэгэхээр өөр хэн нэгнээр шийдвэрлүүлэх нь магадгүй зөв шийдэлд хүрэхэд тань тусална.
3.       Бодитоор хар. Эргэлзээ төрүүлж байгаа, хардах шалтаг гаргаж буй зүйлсийг нэг бүрчлэн тунгаан бод. Мөн таньд үнэнч хандсан, таныг хайрлаж байсан, таны төлөө хийсэн зүйлсийг ч бас тунгаан бод. Одоо энэ хоёрыг харьцуулаад аль болох бодитоор хар. Утас, мэйл-г нь шалгахаа боль энэ нь таны хардах бодлоос болоод энгийн захидал хүртэл утга агуулгатай сангадах болно. Ингэх нь хамтрагчаа гомдоохоос цаашгүй. 

4.       Хардалт таныг зовоогоод байвал асуудлыг хайртдаа хэл. Өөрийн мэдрэмжээ дэлгэ. Гэхдээ хэрүүл маргаан болгож түүнийг шүүмжлэхээ урьтал болгож болохгүй. Харин ухаалгаар ярилцах хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал хэн хэн нь сэтгэлээ зовоохгүй болно. 

5.       Зүгээр л хайрла. Хардаж цагаа үрэхийн оронд хайртай хүндээ сайхан зүйлсийг хийж өг, түүнийг баярлуул. Ингэж чадвал хэн нэгэн та хоёрын дундуур орсон байлаа ч хэн нэгэн хайртад чинь сээтэн хаясан та хоёрын дурлал бөх байгаа цагт хэзээ ч цуурахгүй. Хайрлана гэдэг өмчлөхийн нэр биш тул өөрсдийн хайрыг улам бадраахын тулд юу хийхээ л сайн бод.
  
Ашигласан материал: www.psychologytoday.com                                 
  
   Б.Ганзул