Судлаач ба Судалгааны "Хийсвэр" хандлага

 
Их сургууль бол ерөнхийдөө академик буюу онолын чиглэлээр боловсрол олгох үүрэгтэй байгууллага юм. Харин практик талын ур чадвар ба мэдлэгийг оюутнууддаа өгөх нь тийм ч чухал биш. Бүр алба байхгүй. Оюутнууд өөрсдөө практикыг эзэмших ёстой бөгөөд үүний тулд юун түрүүнд онолын мэдлэгтэй байх ёстой. Иймд онолын мэдлэгийг нэн тэргүүнд тавих учиртай. Хэрэв онолын мэдлэггүй бол түүнийгээ практик дээр хэрэгжүүлнэ гэж найдаад ч хэрэггүй юм. Та "Хүний Нөөц" аль эсвэл ямар нэгэн байгууллагуудын зохион байгуулдаг сургалтуудын талаарх мэдээлэл, зар сурталчилгааг анзаарсан бол онол 20%, практик 80% гэсэн агуулга явж байдаг. Энэ бол маркетинг юм л даа. Сургалтанд хэзээ ч 80% практик заана гэж байхгүй, эс бөгөөс 80% практик гэх нь өөрөө онол байдаг. Яагаад ийм зар сурталчилгаа явах болов? Хариулт нь маш энгийн. Хүмүүс онолд дургүй байдаг. Онол гэхлээр нөгөө оюутнууд нь "үхлээ, хатлаа" гээд толгойгоо гудайлгадаг. Үүнд ямар ч сонирхол байдгүйгээс болж нөгөө зар сурталчилгаа нь дээрх байдалд хүргэж байгаа юм. Хүмүүс яагаад онолд дургүй байдаг вэ? Ер нь хүмүүсийн суралцах хэв маяг нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Зарим оюутнууд олж авсан мэдлэгээ өнөөх практик дээр шууд туршихыг хүсдэг бол нөгөө хэсэг нь удаан хэмнэлээр суралцах, аль эсвэл бага мэдээллийг олон давтамжтайгаар хүлээж авах хандлагатай байдаг гэх мэт хэв маягууд нь ялгаатай байхаас гадна эдгээр сурах арга барил нь сургуулийн өмнөх үе болон бага ангид төлөвшдөг.
Ямартай ч гол санаа бол их сургуулийн хүрээнд бид онолын мэдлэгийг хангалттай эзэмших ёстой бөгөөд үүний тулд онолыг суурийг тавьдаг судалгаандаа бас анхаарах ёстой. Миний хувьд судалгааны тал дээрээ хангалттай сайн туршлагагүй хэдий ч өөрийн хэдэн жилийн турш хуримтлуулсан туршлага, мэдлэг, үзэл бодлоо дараах байдлаар та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ:
  1. Бид бол судлаач. Аливаа мэргэжил бүрт тэр зүйлийн эсвэл түүний тухай судлал гэж их сургуульд тэнхим бүрийг тэгэж нэрлэдэг. Жишээ нь, сэтгэл судлал гэх мэт.
  1. Судлаач хүн яг л хүүхэд шиг цаг үргэлж яагаад? гэдэг асуултыг тавьж байх хэрэгтэй. Та аль нэг зүйлийн талаар унших тусам түүний талаар яагаад вэ, яагаад ийм байгаа вэ, үүний учир нь юу вэ гэх мэт сониуч зан тань хөдөлж таныг энэ талаар судалж мэдье гэсэн сэдлийг төрүүлэх учиртай. Мөн аналитик хүн буюу бүхэл зүйлийг хэсэгчилж, гүн гүнзгий задалж ойлгодог хүмүүс судалгаандаа ул суурьтай ханддаг.
  2. Бүтээлч сэтгэлгээ буюу бусдыг дууриахгүй байя. Та хэсэг хугацаанд судалгааны шинэ санаа төлөөд үз дээ (5-10мин). Таны төсөөлөл хэн нэгний өмнө хийгдэж байсан ажлыг санагдуулж байна уу? Тийм бол энэ бүтээлч сэтгэлгээ биш, зүгээр л таны нэмж ургуулан бодсон төсөөлөл аж. Иймд өөр нэгэн оронд явуулсан туршилт, хэн нэгний удирдсан судалгааг та дууриаж хийж болох ч үүний ач холбогдол, шинэлэг тал нь юу байна вэ гэдгийг бодох л хэрэгтэй.
  3. Судалгааны эхлэл буюу оршил хэсэг. Судлах зүйлээ сайн тодорхойлох учиртай. Үүнд субьектив нөлөөлөл оруулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Тухайлбал, өөрийн таамгаа дэвшүүлэхдээ "Ийм л үр дүн гарах ёстой" гээд тэр нь няцаагдах ёсгүй мэт бодож болохгүй. Миний бодлоор энэ хэсэг нь эргээд судалгааны үр дүн ба дүгнэлт хийхэд сөргөөр нөлөөлдөг. Үүнийг сүүлийн хэсэгт авч үзье.
  4. Сүүлийн хэсэгт бид үр дүн ба дүгнэлтээ гаргана. "Судалгааны үр дүнг ямар гаргамаар байна тэгэж л гарна" гэдэг үгийг байнга санаж яваарай. Судлаач хүн өөрийн бодол санаа ба бодит байдал хоёрын дундыг барьж судалгаа явуулахгүй бол таны үр дүн ба дүгнэлтэнд таны итгэл үнэмшил шингэсэн байхыг мэдрэх болно. Энэ бол аюултай.
Дээрх санаа бол судалгааны ажлын дэс дараалал ба ач холбогдлын тухай бичсэн болно. Харин дараа нь сэтгэл судлалын судалгаа гэсэн нарийвчилсан мэдээллийг хуваалъя. Гэхдээ сэтгэц оношилгоо ба сэтгэл судлалын судалгаа хоёр ямар ялгаатай эсэхэд та эргэлзэж байж магадгүй юм. Сэтгэц оношилгоо бол тухайн хүний сэтгэцийг илрүүлэх практик ач холбогдолтой байдаг бол сэтгэл судлалын судалгаа нь акадамик зорилготой байдаг.
  1. Бусад салбарын судалгааны ажлыг хэрхэн явуулдаг талаарх нарийвчилсан мэдээллийг би мэдэхгүй юм. Харин сэтгэл судлалын судалгааг интернетээр явуулах нь учир дутагдалтай хэрэг. Учир нь бид анги, танхимын хүрээнд анкет болон асуулгын аргаар бичгийн хэлбэрээр судалгаа авлаа гэхэд судалгаанд оролцогчдыгоо хэрхэн оролцож байгааг хянах ёстой. Дараа нь асуулт асууж бусдадаа төвөггүй удуулахгүйн тулд судалгаа эхлэхээсээ өмнө зааварчилгаагаа маш тодорхой өгсөн байх ёстой. Тэгтэл сүүлийн үед ямар ч зэрэг цолтой судлаач эсвэл оюутнууд эрдмийн ажлаа интернетийн ард суугаад хийдэг болчиж. Ялангуяа "Survey Monkey", "Google Survey" гэх мэт нийгмийн сүлжээгээр хэдэн холбоос шидэж өгөөд "алив судалгаанд минь оролц !" гэдэг болжээ. Энэ явдал одоогоор багш нараар шүүмжлүүлэхгүй хэдий ч дахиад 3-5 жилийн дараа асуудал болгож хүмүүс ярих болно. Ямартай ч эдгээр нийгмийн сүлжээ сайтууд нь сэтгэл зүйн судалгаанд зориулагдаагүй гэж найдахаас.
  2. Субьектив нөлөө. Та өөрөө судалгаандаа дундын байр сууринаас хандахгүй бол таны хүссэн үр дүн гарна гэдгийг дээр бичиж анхааруулсан. Мөн үүнээс гадна проектив тестэнд найдана гэдэг их хэцүү. Проектив төрлийн тестүүд обьектив ертөнцийн субьектив тусгалыг харуулдаг гэж байгаа ч өөрөө дэндүү субьектив шинжтэй. Жишээ нь, ТАТ, Роршахын бэхэн толбоны тестийг удирдаж байгаа судлаач үр дүнгээ гаргахдаа судлуулагчийг биш, харин өөрийнхөө тухай оношилсон байдаг гэж хэсэг анти-проективистүүд үздэг. Энэ мэт төрлийн тестийг удирдаж буй үнэхээр л өөрийн итгэл үнэмшлээр сэтгэл зүйн судалгаагаа явуулах гээд байдаг дутагдалтай.
  3. Ухамсаргүйн оюун ухааныг хэмжиж болдог гэж үү? Тийм байсан ч "Таны ухамсаргүйн оюун ухаанд тэр зүйл эсвэл тэр үйл явдал нөлөөлсөн үү?" гэдэг асуулгаар ухамсаргүйн тухай баримт илэрдэггүй юм. Нөгөөх хүн нь асуултандаа "тийм, нөлөөлсөн" гэж хариулж байгаа шиг худал зүйл гэж үгүй шүү судлаач нар аа! Энэ яг коффены тухай зар сурталчилгааг санагдуулчихлаа. Коффены тухай хүмүүсийн сэтгэгдэл их сайн байж л дээ. Тэгтэл борлуулалт нь муу хэвээрэй байсан. Харин нарийн судлаад үзэхэд хэрэглэгчдийн бүр гүн дэх ухамсарт өнөөх явуулсан сурталчилгаа нь та нарын хэрэглэж буй коффег зөвхөн гэрийн "авгай" нар хэрэглэдэг юм гэсэн санааг өгчихсөн байсныг сүүлд мэдээд энэ хандлагаа өөрчилснөөр борлуулалт сайжирсан юм. Яг үүнтэй л адилхан шүү дээ.   
  4. Судалгааны боловсруулалтыг тоон ба чанарын гэж ангилдаг. Тоон боловсруулалтанд таны арифметик дунджыг олсон тоо, процентыг гаргасан байдал ба тэдгээрийгээ MS office-н "Bar, Chart, Diagram"-д оруулах нь тун хангалтгүй. Өмнө нь тоон боловсруулалтанд математик статистикын аргачлал ба томъёог ашиглаж гар аргаар боддог байсан бол орчин үед "SPSS" хэмээх программ гарсанаар дурын хүн судалгааны боловсруулалтаа чанартай гаргах боломж олдсон юм. Энэ программыг ашиглаж нарийн боловсруулалтыг хийхгүй бол манайд болдог юм гэхэд гадаадад лав таны судалгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг санаарай.
За тэгээд судлаач нартаа амжилт хүсье. Миний зөвлөгөө танд туслана гэж найдаж байна. Хүн мэдэж байгаагаа нуувал үнэн мэдлэг биш, бусадтай хуваалцаж байвал сургалтын жинхэнэ үр ашиг мөн юм.

Л. Энхтүшиг