Боловсролын сэтгэл судлал

Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь боловсролыг сэтгэл судлалын хэрэглээ болгож бидний сургалтын үр ашигийг нэмэгдүүлэхэд тусалдаг юм. Сургуульд сурч буй хугацаанд бидний сургалтын хэв маяг, сэтгэхүй, ой тогтоолтын чадвар зэргийг боловсролын сэтгэл судлаачид тодорхойдог. Дунд сургуулийн сэтгэл судлаачид сурагчдаас сэтгэл зүйн тестийг авч  тэдний эцэг, эх, багш, мөн өөртэй нь уулзаж зөвлөгөө өгдөг бөгөөд сургуулиас тавьж буй академик шаардлагад нь дасан зохицоход тусалдаг. Сургуулийн сэтгэл судлаач бол таныг академийн аль ч түвшинд явж байсан тантай үргэлж холбоотой байж таны боловсролын үр ашигийг нэмэгдүүлэхэд туслах болно. Суралцагчид хэрхэн суралцаж, сурган хүмүүжүүлэгч хэрхэн сургаж байгааг боловсролын сэтгэл судлал судалдаг (Thornburg, 1984).
Сургалтын хэрэглээ. Сургалт ба зан үйлийн бэхжүүлэлт, шийтгэлийн техник болон онолууд нь анги танхимд олон жилийн турш хэрэглэгддэг. Жишээ нь, сурагчид хичээлдээ онц авч, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх гэх мэт сайн үйл хийж байгаа бол энэхүү зан үйлийг нь магтаал сайшаалаар бэхжүүлэх, харин сурагч эсрэгээрээ тааруухан байвал шийтгэл өгөх, хязгаарлалт хийх байдлаар зан үйлийг нь бэхжүүлж болдог. 1903 онд Эдвард Торндайкын "Боловсролын Сэтгэл судлал" номонд бичсэнээр сургалтын явцад зан үйлийг бэхжүүлэх үүрэг, мөн сурагчдын сурах үйл явцыг тодорхойлж байхыг онцолсон байдаг. Жон Девей боловсролын сургалтанд "Үйлдлээр суралцах" техникийг ашиглах болсноор энэхүү техник нь суралцах үр ашигийг улам нэмэгдүүлж, боловсролын гол цөм нь болж чадсан юм.
Сурган хүмүүжүүлэх процесс. Сургалтыг үр ашигтай явуулахын тулд сурган хүмүүжүүлэгчид хэд хэдэн зорилтуудыг тавьж ажилладаг. Gage, Berliner (1988) нар сурган хүмүүжүүлэх үйл явцтай холбоотой загварыг гаргажээ. Тэд суралцагчдыг амжилтанд хүрэх хүлээлтийг бий болгох шинж чанарыг нь хөгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Сурган хүмүүжүүлэгчид суралцагчдынхаа чадвар, сонирхол, тулгамдаж буй асуудлууд, бие хүний зан чанар болон хэрхэн ажиллавал суралцагч илүү сайн сурах вэ зэргийг ойлгож байх нь зүйтэй. Үүний тулд сурган хүмүүжүүлэгчид сургалтын процессд нөлөө үзүүлэх сэтгэл судлалын зарчим, сургалтын онолуудыг мэдэж байх хэрэгтэй болдог. Энэхүү мэдлэгтэй холбоотойгоор сурган хүмүүжүүлэгчид сургалтыг явуулахдаа лекц, хэлэлцүүлэг, тусгай хөтөлбөрийн дагуу, компьютер техникийн тусламжтай, үзүүлэн таниулах гэх мэт арга зүйгээсээ шалтгаалж шийдвэх гаргах ёстой болдог. Боловсрол гэдэг нь сурган хүмүүжүүлэгч ба суралцагч хоёрын хоорондын хамтрал юм.
Сургалтаа ямар арга зүйгээр явуулахаа шийдсэний дараа суралцагчдийг сэдэлжүүлж, түүнийг эзэмших арга барилаа мэдэж байх хэрэгтэй. Jere Brophy (1983) сургалтыг сэдэлжүүлэх дараах аргыг санал болгожээ. Суралцагчдад гэнэтийн их хэмжээний мэдээллийг хүргэхээсээ илүү алхам алхамаар бага зэргийн мэдээллийг хүртээх нь тэднийг сэдэлжүүлж амжилтанд хүргэх хандлагатай байгааг олж харжээ (жишээ нь, бүлэг сэдвийг биш, харин түүнд задаргаа хийж ойлгуулах). Мөн үүнтэй адилаар суралцагчдийн сэдлийн буюу идэвхийн түвшин нь хэт хүчилсэн биш, харин дундаж байхад сургалт илүү ойлгомжтой болдог. Мөн сурган хүмүүжүүлэгчид сургалтын сэдэлжүүлэлт амжилттай болоход саад болж буй бүтэлгүйтэхээс айх, түгшүүрлэх мэдрэмжийг багасгах ёстой. 

Ашигласан материал:
Terry F. Pettijohn., Psychology A Concise Introduction - Third Edition., 1992

Л.Энхтүшиг