Экологийн сэтгэл судлалын үүсэл хөгжил
Сэтгэл судлаачид 1940-д оны үеэр экологийн зарчим ба арга зүйн талаар ойлголтод ач холбогдол өгч эхэлсэн юм. Тухайн үеийн хамгийн нөлөө бүхий сэтгэл судлаачдын нэг Курт Левин 1944 онд "Экологийн сэтгэл судлал" хэмээх нийтлэлийг бичиж байв. Тэрээр хүмүүсийн орчны хязгаарлалт ба боломжийг судалж бодгаль, бүлгийн зан байдлыг ойлгох эхний алхамаа хийсэн юм. Жишээ нь, Курт Левин гэрийн эзэгтэй нар яагаад гэр бүлийнхэндээ үйлчлэхийн тулд хүнс цуглуулдаг вэ гэдгийг ойлгохын тулд тэд хоолыг бэлтгэх хугацаа, хүнсний өртөг гэх мэт хүчин зүйлсийг харгалзаж цэцэрлэгийн талбайгаасаа юу эсвэл хүнс ногооны дэлгүүрээс авах уу гэдгийг шийддэг альтернатив буюу хувилбар дэвшүүлж сонголт хийдэг юм байна гэсэн гаргалгааг хийдэг байна (Lewin, 1951).
К. Левин экологийн сэтгэл судлалын судалгааны санааг анх дэвшүүлсэн хэдий ч тэрээр тус салбарын хөгжилд хангалттай ач холбогдол өгөөгүй юм. Мөн түүний ихэнхи шавь, хамтран зүтгэгч нар ялгаагүй хувь нэмэр төдий л болоогүй юм (1940-д онд Egon Brunswik (1947) хэмээх өөр нэгэн сэтгэл судлаач экологи гэдэг нэр томъёог ашиглаж хүртэхүйн судалгааг анхлан сонирхож эхэлсэн). К. Левин ба түүний шавь нар хүний үйл ажиллагааг тайлбарлаж буй ихэнхи оролдлогууд нь орчны бодит онцлог шинжүүдийг гэхээсээ илүү хүний орчны талаарх хүртэхүй дээр түшиглэн найддаг байжээ. Үнэн хэрэгтээ хүний зан байдлыг өөрчлөхөд хүргэдэг хүртэхүйд нөлөө үзүүлж байдаг тул тэрээр обьектив орчныг судлах болсон юм. Өөрөөр хэлбэл хүний зан авир өөчлөгдөхөд орчин шууд бус байдлаар нөлөөлж чаддаг гэдэг санааг чухалчилсан хэрэг.
К. Левиний хоёр залуу хамтран зүтгэгч Рожер Баркер, Херберт Райт нар сэтгэл судлалын шинжлэх ухаан дахь экологийн үзэл баримтлалыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Тэд 1949 онд хэрэв экологи нь сэтгэл судлалын салбар шинжлэх ухаан болвол зарим эерэг үр дүнг бий болгоно гэсэн санааг илтгэлдээ буулгаж хэвлүүлсэн. Мөн тэдний илтгэлийн гол санаа нь хүмүүсийг лабораторид оролцуулж, урьдчилан бэлдсэн нөхцөлд эсвэл шалгуурт хариу үйлдэл үзүүлэх замаар тэднээс асуулга явуулж сэтгэл судлалын уламжлалт хандлагыг зарим талаар өөрчилж байгалийн шинжлэх ухаанаас адаптаци хийх гэсэн санааг онцолжээ.
Баркер, Райт нар хүний зан байдал, туршлагыг судалдаг экологийн хандлага нь практикын хувьд үнэ цэнэтэй болж, мөн ялгаагүй шинжлэх ухааны онол ч болж чадна гэдэг байв. Тэдний үзсэнээр ээж хүүхдээ хэрхэн халамжилж, багш хүн ангидаа хэрхэн хичээл заан сурагч нартаа хариу үйлдэл үзүүлж, хоолны цагаар гэр бүлийн гишүүд хэрхэн харилцаж байгааг гэх мэт үйл явдлыг шинжлэх ухааны тайлбар хийж байгаа нь өөрөө хөгжил юм гэдэг байв. Баркер, Райт нарын хөгжүүлсэн сэтгэл зүйн орчны талаарх ойлголт нь биологчдын гаргасан ургамал, амьтдын орчны тухай ойлголттой ижил байдаг. Сэтгэл зүйн орчны ойлголт гэдэгт хүнийг хүрээлэн буй бидний зан байдал, хүртэхүй, мэдрэмжид нөлөөлдөг нийгмийн/бие махбодын орчныг хэлдэг. Иймд тэдний үзсэнээр хүмүүсийн орчин ба зан байдлыг харьцуулах нь нийгмийн анги давхарга, бүлгийн ёсзүй, соёлын ялгаа, түүхэн үечлэлээс ялгаатай юм.
Ашигласан материал:
An Introduction to Ecological Psychology., Allan W. Wicker., 1979
Л.Энхтүшиг
0 comments: