Аав, ээж болоход бэлэн үү?


Гэр бүл зохиож эцэг эх болно гэдэг бол амьдралд хүлээж байгаа том хариуцлагын нэг. Нөгөө утгаараа жинхэнэ аз жаргалын мэдрэмж байдаг. Зарим залуу хосуудын хувьд хүүхэд гэдэг бол бэлэн биш үеийн гэнэтийн шийдвэр байх нь цөөнгүй байдаг. 
 Энэ тохиолдолд тэд сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах нь байдаг. Гэвч хүүхэд гэдэг бол зүгээр нэг бэлэгдэл төдий зүйл биш. Түүнд эдлэх ёстой эрх гэж бас байдаг. Та хоёр үнэхээр эцэг эх болохоор шийдсэн бол дараах зүйлсийг тооцоолсон эсэхээ дахин нэг бодоод үзээрэй.
Та хоёр хоёулаа хүсэж байгаа юу?
Таны нөхөр хүүхдийг үнэхээр хүсэж байсан уу, хариуцлага хүлээхэд бэлэн үү?
Таны эхнэр хүүхэд гаргах сэтгэл зүйн бэлтгэлтэй байна уу?
Таны эхнэр ажлаасаа түр хугацаанд татгалзахад бэлэн үү? Учир нь хүүхэд гаргасан эх хүн ажлаасаа тодорхой хэмжээнд хөндийрөх шаардлага гардаг, мөн ахиж яваа ажлын карьери-ийн хувьд ч түр зогсонги байдалд орох нь тодорхой болдог, үүнийг хүлээн зөвшөөрч чадах сэтгэл зүйн бэлтгэл нь хангагдсан уу?
Таны нөхөр мөн хүүхдийн талаар хариуцлага хүлээж, амьдралдаа томоохон өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч чадах уу? Учир нь хүүхэд гэдэг хүүхэлдэй биш өөрөө том болоод, өөрөө өсчихдөг зүйл биш учраас, аав, ээж тэгш эрхээр хүүхэд хүмүүжүүлэх, сургах, өсгөх, нийгмийн болоод сэтгэл зүйн хэрэгцээг нь 100% хангах үүрэг хүлээдэг.
Гэр бүлийн зөвхөн хэн нэг нь хүсээд хүүхэдтэй болно, эсвэл ганцаардахгүйн тулд, эсвэл хүүхдийнхээ тусламжтайгаар амьдралд хөлөө олох гэж хүүхэд гаргана гэдэг төдийлөн хариуцлагатай хандаагүй үйлдлүүдийн нэг болдог. Учир нь хүүхэд зөвхөн санхүү эдийн засгийн хэрэгцээгээр хангагдаад зогсохгүй тэдэнд сэтгэл зүйн хэрэгцээ гэж бас байдаг. Тэдний хувьд сэтгэл хангалуун гэр бүл, амьдралын мэдрэмжийг эцэг, эх болох хүмүүс бэлэглэх үүрэгтэй байдаг.
Энэ бүх зүйлийг та хоёр хамтдаа ярьж шийдвэрлэж чадаж байгаа бол та бүхний гэр бүлд амжилт хүсье.
Сэтгэл судлалын МА, ДХИС-ийн сэтгэл судлаач А.Баярцэцэг