Царайлаг байх албатай юу?

Охид, бүсгүйчүүдэд төрдөг буруу бодлын нэг нь "Би царай муутай" гэх ойлголт байдаг. Хүн төрөлхтөнд  “хөөрхөн”, “царайлаг”, “үзэсгэлэнтэй” гэсэн ухагдахуун байдаг. Охид үзэсгэлэнтэй, хөөрхөн болох хүсэлтэй өсдөг. Хүмүүст хөөрхөн, үзэсгэлэнтэй төрхийг өөр өөрийн гоо сайхны таашаалаараа дүгнэн цэгнэж хүртдэг. Нүд, хөмсөг, уруул, хацар, хамар гээд нүүрний эд эрхтэн бүрийг хэмждэг. Гэхдээ хүмүүс зөв зохицолыг бүгд хүлээн зөвшөөрдөг. Хүн бүрт л байгаль өөр өөрийнх нь зохицолыг заяасан байдаг. Өөр өөрсдөө өвөрмөц дахин давтагдашгүй байдаг. Гэтэл бүсгүйчүүд маань нийгмийн хэв загвар болсон эд эрхтнийг өөртөө байхгүй бол шаналж, түүнийг ямар нэг аргаар бий болгохыг хүсэж байдаг.
Бодоод үз дээ. Зарим од, топ модель, зарим хүмүүсийг сайн харвал нөгөө л сайхан гэгдэх нүд, хамар ам, хөмсөг, уруул гэх мэт зүйлс бүрэн заяагаагүй л байдаг шүү дээ. Гэхдээ тэд сайхан харагддаг. Яаж? Тэд ердөө л өөртөө таалагдаж, өөрийгөө сайхан гэдэгт итгэсэн хүмүүс юм. Магадгүй та хэн нэгэнд царай муутай харагдаж, хэлэгдэж байвал та өөрийгөө царай муутай гэж бодож, түүндээ итгэж байгаа хэрэг. Энэ үг танд хатуудаж байна уу? Гэхдээ л энэ бол үнэн.
Бидний энэ бодол багаас минь бий болсон байдаг. Томчуудын, ах эгч нарын, хөршүүдийн  үгийг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээн авч, итгэж байдаг насанд минь тэд хэлсэн хэрэг. Магадгүй тэд сайхан зүйлийг олж харах чадваргүй ч байсан юм уу, эсвэл зүгээр л өхөөрдөх, явуулах арга нь тэр байсан ч байж болдог. Ер нь томчууд хүүхдүүдийг явуулах, уурлуулж, түүгээрээ өхөөрдөх нь элбэг.
Эцэст нь хэлэхэд таны царай бол таны л царай шүү дээ. Энэ бол байгалийн нэг өвөрмөц, давтагдашгүй дүр төрх.

                                        Сэтгэл судлалын МА, ДХИС-ийн сэтгэл судлаач А.Баярцэцэг