Орос ба Америк шинжлэх ухаан /нийтлэл/ /Л.Төрбурам/


1990 оноос өмнө буюу ардчилал гарахаас өмнө манай орноос гадаадад сурч байгаа оюутнуудын дийлэнх нь Орос буюу тухайн үеийн ЗХУ -ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд болон социалист хамтын нөхөрлөлын орнууд руу явж сурдаг байсан. Түүний үр дүнд тухайн үед Оросын шинжлэх ухаан судалж төгсөөд эргэн ирж байсан эрдэмтэн судлаачид одоо үед манай их дээд сургуулиудын багш нарын орон тооны дийлэнх хувийг эзэлдэг. Тэр ч утгаараа манай их дээд сургуулийн тогтолцоо, заах арга, бичигдэж буй ном зохиолууд, сурах бичгүүд нь Орос хэв маягийн байдаг билээ. Харин сүүлийн үед, тэр дундаа ардчилал гарч манай орон нээлттэй болж ирсний дараа барууны болон америк соёл, шинжлэх ухааны ололтууд зэргийг нь судлах боломж нээгдсэн. Гэхдээ яг 1990 -ээс 2000 оны эхэн хүртэл бид шинжлэх ухааны талаар бодох нь бүү хэл зүүдлэх ч сөхөөгүй байсан. Гэдэс нь өлсгөлөн ард түмэн юун шинжлэх ухаан бодох билээдээ. Хүүхэд нь өлсөж, картын бараанд дараалж, мөнгөний ханш урьд өмнө байгаагүйгээр унаж, 50 мөнгөний печенье 100 төгрөг болж, эрээн лүү ганзгаа үүрээд эх орон үр хүүхэд аав ээжийгээ тэжээхээр мордож байсан үе. Харин 2000 оны эхээр байдал арай дээрдэж монголчууд жоохон ч гэсэн өөр бусад зүйлс рүү анхаарах болсон. Чухам энэ үеэс шинжлэх ухаан социализмын үеийнхээс арай өөрөөр яригдах эхлэл тавигдсан. Даанч болсонгүй ээ. Нэг л болсонгүй. Яагаад? Америкад, Англид, Германд төгссөн гэх их зантай ганган залуучуудад эх орондоо шинжлэх ухаан хөгжүүлэх сэтгэл хүний урманд хумсны толион төдий ч байсангүй. Их дээд сургуулиудад оюутнууд нь багш нараа, багш нар нь оюутнуудаа үзэн ядах байдал эцэстээ туллаа. Одоогийн оюутнууд залхуу, хичээл тасалдаг, заасан юм сурдаггүй, хүний өөдөөс олон юм хуцдаг, архи тамхи хэрэглэдэг, хичээл дээр унтдаг, хахууль өгдөг, покер тоглодог гээд нөгөө эрдэмтэн доктор профессорууд хашгирч гарлаа. Хариуд нь оюутнууд багш нар юм заадаггүй, өөрсдөө хоцордог, юм ойлгуулдаггүй, багш нэрээрээ бусдыг дарамталдаг, эрх чөлөөнд халддаг, өөрсдөө ч гэсэн сургууль дээр согтуу ирдэг гээд мөн л хариу өгч байв. Үнэндээ энэ бол социализм болон ардчилал хоёрын дайн байлаа. Орос маягаар шинжлэх ухаан судалж, Орос маягаар сэтгэдэг багш нарын эсрэг барууны тэр дундаа Америк маягийн сэтгэлгээтэй өссөн 90 -ээд оныхон гэж нэрлэгдэх монголын нийгмийн бүхэл бүтэн нэг том төлөөлөл тулалдсан юм. Тулаан өнөөдөр 2012 онд ч дуусаагүй л байна. Багш нар нь ч тэр, оюутнууд нь ч тэр ялгаагүй Монголоор сэтгэдэггүй. Тэд монгол сэтгэлгээтэй хүнийг хөдөөнийхөн гэх юм билээ. Гэхдээ нийгэмд тэдний тулааныг ганцхан монгол ухаанаар хардаг, хүлээж авдаг байлаа. Тэр нь ах захаа мэдэхгүй тэнэг залуучууд. Гэвч энэ үг тэр дайныг илэрхийлж, бас шийдэж чадаагүй. 

Өнөөдөр яагаад их сургуулийн дипломтой хүн цэвэрлэгч хийгээд шал угаагаад байгаа юм бэ? Яагаад хятад барилгачид монголоор дүүрчихсэн юм бэ? Хариулт нь миний хувьд энэ дайны үр дүн, энэ дайны золиос гэж боддог. Өөрөөр хэлбэл ямаануудад тэмээнүүд хичээл заадаг болохоор тэр. Барууны аль ч оронд улс орны хөгжил их сургуулиас эхтэй гэдэг. Энэ бол маргашгүй үнэн. Хэдэн зуун жилийн практик туршлага үүнийг харуулна. Тэгвэл бид нар их дээд сургуулийнхаа чанарт биш харин тоонд анхаараад байна шүү дээ. Олон байна гээд л нэгтгэсэн. Үр дүнд нь олон сайн сургууль ёстой будаа болсон. Хамгийн том жишээ Худалдаа үйлдвэрийн дээд сургууль, Радио телевизийн дээд сургууль зэргийг дурьдаж болно. Хайран сургуулиуд. Энэ мэтчилэн шинжлэх ухаан хоцрогдож гацаж байх хооронд мэдлэггүй ард түмнээ шулах гэсэн номлогчид энд тэндээс гарч ирсэн. Тэд нар бараг л шидтэн юм шиг өөрсдийгөө танилцуулж 21 хоногт англи хэл сургана гэж амалж эхлэв. Зарим нь Германд төгссөнөөрөө гайхуулна. Тэдний тод жишээ нь Арго, Молор-эрдэнэ гэх мэт. Тэгвэл яагаад? Яагаад манай их дээд сургуулиуд чанаргүй байна вэ? Яагаад төгсөгчид чадваргүй байна вэ? 

Би 90 -ээд оныхоны төлөөлөгчидийн нэг. Бид нар хужаа чихэр хүлхэж, сега тоглож, Бритни, 2pac, Blue, Eminem сонсож, Америк кино үзэж, романтик сэтгэлгээтэй болж өссөн. Бид нар анх удаа дураараа өссөн хүүхдүүд байсан юм. Тиймдээ ч бид илүү өөрөөр сэтгэдэг. Өөрөөр сэтгэдэг гэдэг нь илүү ухаантай гэсэн үг биш, арай өөрөөр хардаг гэсэн үг юм шүү. Бид нар ядарсан үедээ анги дээрээ унтаж болно гэж үздэг, өөртөө хэрэггүй зүйлийг сурах шаардлаггүй гэж үздэг, хэрэгтэй зүйлдээ илүү цаг гаргахыг хүсдэг, бусад хүнд зүгээр байж байгаад загнуулах ёсгүй гэж үздэг, ах эгч хүнд ч бай хараалгуулах ёсгүй гэдэгт итгэдэг, бид өөрсдийнхөө ирээдүйг өөрсдөө бүтээх ёстой гэж хардаг. Харин их дээд сургуулиудад шал өөрөөр ханддаг.

Миний яриад байгаа 90 -ээд оны үед хүүхэд байсан тэдгээр хүмүүст сэтгэлгээний зарим нэг онцлог байдаг. Үүнд:
  • Юмсыг цээжилж биш ойлгож сурах хандлагатай.
Миний яриад байгаа Орос арга барилтай багш нар хичээл заах зарим онцлогтой байдаг. Үүнд:
  • Юмсын утга учирыг ойлгуулах биш механикаар буюу хүчээр цээжлүүлж, бөөгнөрсөн мэдлэгийн бааз хүнд үүсгэх гэж хичээдэг. 
 Дээрхээс гадна маш олон ялгаа буй. Үүнийг та дотроо тунгаана биз. Энэ мэтчилэн маш их ялгаатайн дээр бие биеэ ойлгоддоггүй учраас багш оюутнуудын хооронд дайн гарч монгол оронд бараг тогтсон хандлага болжээ. 90 -ээд оны бид нарт ямар нэгэн зүйлийн утга учрыг тайлбарлаж өгөөд ойлгуулаад байвал юмсыг их амархан сурдаг, тэгээд бас хүсэл сонирхол мөрөөдөл тэмүүлэл гэж хэтэрчихсэн хүмүүс юм шүү дээ. Тодорхойлолт биш товч хариулт бидэнд хэрэгтэй. Гэхдээ уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэж.

Харин одоо би өөрийнхөө мэргэжлийн талаар хэдхэн үг хэлэхийг хүсч байна. Манай сэтгэл судлалын салбар мөн ялгаагүй. Сэтгэл судлалын мэргэжлийн хичээлүүдэд ашигладаг номнууд нь бүгд Орос эх сурвалж, ном зохиол ашигласан байдаг. Уншаад ойлгох их хэцүү. Монгол хэл дээр бичигдсэн мөртлөө ойлгогдох байдал нь их л ярьвагтай. Бараг орчуулагч хэрэгтэй болох вий. Би англи хэлэндээ сайн биш л дээ. Хэл мэлээр гүнзгийрээд байдаг тийм айхтар арван жилийн сургуульд сурч байгаагүй. Сургалтанд нэг ч удаа сууж үзээгүй. Англи хэлтэй хүнтэй таван үг солиод мэнд амрыг нь асууж бараг чадахгүй. Гэхдээ англи хэл дээр бичигдсэн номнуудыг зарим монгол хэл дээр байгаа сэтгэл судлалын номнуудаас илүү ойлгоод байдаг юм шүү. Сонин байгаа биз. "Сэтгэл судлалд өөрөө суралцах нь" нэртэй алдарт Д.Доржжавын 2005 онд хэвлүүлсэн ном бий. Мань мэт шиг муухан амьтан цүнхлээд аваад явж чадхааргүй ёстой аврага том ном байдаг юм. Тийм том номноос ганцхан семинарын сэдэв олддоггүй л байсан юмдаа. Хайж ядаад нетээс хайгаад copy paste. Тэгээл болоо. Ийм байгаа юм чинь оюутан юу сурах юм бэ? Бодолдоо өнөөдөр монголд сэтгэл судлалын үндэс гээд нэгтгээд гаргацан чанартай ном байхгүй шүү дээ. Нэг багш маань "та нар танин мэдэх процессуудаа мэддэгүй юм уу" гэж загнаж байж билээ. Үнэндээ ямар ч багш бид нарт танин мэдэх процесуудыг тайлбарлаж ойлгуулаагүй байсан юм. Харин багш нар маань бид нарт тодорхойлолт бас унших ном өгдөг байсан. Тэр тодорхойлолтыг ойлгодог хүн цөөн, тэр номыг нь ч өөрийн болгодог хүн цөөн. Учир нь бид нарт арга барил нь таарахгүй байгаа юм. Энэ талаар дугардаг хүн ч цөөн. Учир нь айдаг. Үнэн шүү. Багш нараа шүүмжлэхээс оюутнууд айдаг. Учир нь дүн. Боллоо баяртай гээд хэлчих вий гэхээс айдаг. Ингээд л хэн ч юу ч хэлж чадахгүй байгаад байдаг. Нөгөө байдал үргэлжилсээр. Аль ч салбарт өнөөдөр ийм л байгаа. 

Тэхдээ багш нар шинжлэх ухааныг хөгжүүлэхгүй гэсэн хорон санаатай улс гэж бий хэлээгүй шүү. Тэд маань биднийгээ ойлгохгүй байна. Асар хүнд ойлгоход бэрх Оросын шинжлэх ухаан бид нарт хүнд, дээр нь наалдацгүй байнаа. Харин барууны, америкийн ойлгомжтой тайлбарласан тэр шинжлэх ухаан бид нарт хамаагүй ойр байдаг юм. Гэхдээ оюутнуудад ч гэсэн алдаа бий. Тэд нар залхуу, хичээхгүй, дүлий домбо царайлж байгаа нь үнэн. Энэ байдлын эсрэг тэмцэж чадахгүй арчаагүйтэж байгаа нь үнэн. Нэг ч гэсэн гал асааж гэрэлтүүлэхгүй байгаа нь үнэн. Аль аль талдаа буруу ч байна, зөв ч байна. Ганцхан обьектив байдлаар хандах чадвар аль алинд маань дутдаг юм уу даа. Бодит байдлаа олж харах, үнэлж дүгнэх чадвар. За тэгээд цаашид хэрхэхийг тэнгэр л мэдэх байхдаа.

Л.Төрбурам