Услахгүй хайр ургадаггүй

Манай хамт олонд хайртай хүнээ алдсан нэгэн эмэгтэй зарлал ирүүлснийг уламжилъя. Таних тэмдэгийг тэрээр хэлэхдээ: сайн ажиглавал зүрхгүй, толгой нь баруун тал бөмбөлөгтөө захирагдсан, зүүн тал нь эсэргүүцэл зарлан хайраа санахыг зөвлөсөн, дахин сайн ажиглавал бугуйн дахь цаг нь надтай байсан тэр л үедээ зогссон, харахад бардам царайтай, том том алхлан байгаа ч мөн л сайн ажиглавал харцанд нь эргэлзээ, санах сэтгэл, ганцаардал төрсөн байгаа. Хэрвээ та энэ залууг олвол хайртай хүнрүүгээ хурдан явахыг зөвлөөрэй. 
Хэн нэгнийг өөрийгөө хайрлахыг хүлээхийн оронд та хэн нэгэнд хайраа яаж зориулах талаар бодож үзсэн үү?
Хайр, дурлал бүтэлгүйтэх шалтгаан нь харамч зангаас болдог. Энэ нь эд материалын харамч зан гэдгээр ойлгогдох төдий зүйл биш. Үүнд маш том сэтгэл зүйн хэрэгцээ, мэдрэмж байдаг. Энэ л бие биенийхээ хүссэн сэтгэлийн хэрэгцээг нөхөж чадаагүйгээс хайр дурлал, гэр бүлийн харилцаанд гомдол хуримтлагдсаар байдаг.
Хайр дурлал, гэр бүлийн харилцаагаа хэрхэн амжилттай насан туршийн халуухан сэтгэл мэдрэмжээр удирдах вэ гэхээр бие биенээ мэдэрч, юу хүсэж байдгийг нь таамагладаг байх хэрэгтэй. Жишээ нь: Эмэгтэй хүмүүс хайртаасаа хамгийн сайхан үгийг сонсож, энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй гэх сэтгэгдлээ хадгалж явах нь тэдний хувьд хамгийн том хүндлэл болж сэтгэл ханамжтайгаар хайраа мэдрэх боломжийг нь олгож байдаг. Харин эрэгтэй хүмүүс хүндлэл, баатарлаг хэрэгцээгээ, давхар сэтгэлээсээ ойлголцож чадсан тохиолдолд хайр дурлалдаа сэтгэл хангалуун байж чаддаг.
Гэхдээ бид нэг л зүйл тохиолдоход өөртөө олон асуултууд тавьж эхэлдэг. За хэн тэгж байнав би тэгчихвэл яах бол дэмий ч юм уу? Тэр энэ үйлдлийг хийгээгүй байхад би тэгэхгүй ерөөсөө, эмэгтэй хүн тийм байж болохгүй, ийм байж болохгүй, эр хүн ийм зан гаргаж болохгүй, тийм сэтгэгдэл төрүүлж болохгүй гэж мэтчилэн бид ухамсартайгаар маш олон бодлуудынхаа боол нь болсоор байдаг.
Хайр гэж бусдыг жаргаахаас амсах таашаал ч гэж зарим хүмүүс тодорхойлсон байдаг. Хайртайгаа үнэхээр мэдэрч байгаа бол хайрынхаа төлөө өөрөөсөө тодорхой хэмжээний зориг гаргаж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө 100% золиоёлох гэдгээс энэ шал өөр утгатай. Олон болохгүй, олон ёс суртахууны хяналтаасаа гарах юм. Заавал яагаад зарим үед кино үзэх саналыг эхнэр, найз охидууд тавьж болохгүй гэж, бүх зүйл дээр яагаад хүлээсэн байх ёстой гэж?
Хайртай л бол хариу хүсэхгүйгээр зориулдаг, сэтгэлийг нь хүндэлдэг, халамжилдаг байх ёстой. Бие биендээ санаа тавихгүй, бие биенээ хүндлэхгүй, бие биенээ халамжлахгүй, бие биенээ мэдэхгүй хайр услаагүй цэцэг цэцэглэдэггүйтэй адил тордоогүй хайр ургадаггүй.
Бид хайртай гэдэг үгний үнэ цэнийн талаар байнгад ярилцдаг. Энэ үгийг үнэ цэнэтэй байлгах талаар ч олон яриа өрнүүлж, санал бодлоо илэрхийлж байдаг. Гэвч үүний цаад зорилго нь юу вэ? хайр дурлал, чин сэтгэлийн харилцааг үнэ цэнэтэй байлгахад чиглэдэг.
Хайраас хол хүн гэж байдаггүй. Хүн төрөлхөөсөө бусдыг хайрлах, бусдаар хайрлагдаж байж амьдралын аз жаргалыг мэдэрдэг жамтай. Гэвч энэ аз жаргалыг мэдрэхгүй, хугацаа хомимддог, эсвэл мэдэрсэн ч хэнээс ч юунаас ч юм хайраа бид харамласаар байдаг.
Эрчүүд өөрийн тэр их агуу хайрыг юундаа нөөцөлдөгөө ч сайн мэддэггүй. Хайртай гэж мэддэг хэдий ч түүндээ сэтгэлээ зориулах, хайр халамжаа зориулах талаар биш, хангалуун материаллаг байдлын талаар нь санаа тавьдаг. Эхнэр нь өөрт нь зориулж, өөрөөс нь магтаалыг хүсч сайхан хувцасласны учрыг ч тэд сайн мэддэггүй. Гэхдээ тэдний энэ санаа тавьж байгаа нь амьдралд өөр хэн ч тавиж чадахааргүй том анхаарал халамж юм аа гэдгийг эмэгтэйчүүд, эхнэрүүд маань сайн ойлгодог ч сэтгэл дундуур байдаг. Учир нь эмэгтэйчүүд халуун дулаан харилцаа, анхаарал халамж, сэтгэлийн дотносол, хайртай хүнийхээ магтаалаар тэжээгдэж, цэцэг шиг услагдаж байдаг болохоор тэдэнд энэ талын анхаарал сэтгэл ханамжийг нь 100% бий болгож байдаг.
Та эхнэртээ хайртай гэсэн хэдий ч сэтгэлинй хайр халамжийг бага мэдрүүлдэг бол таны эхнэрээс таны талаар “Миний нөхөр ч сайн хүн л дээ хариуцлагатай, ухаантай харин…” гэсэн дүгнэлт гарах болно.
Харин эмэгтэйчүүд хайртдаа тунирхал хуримтлуулсаар л байдаг. Сэтгэлээсээ ойлголцож харилцах харилцаагаа хойш тавин биеэ даасан хүний байр сууринд очдог. Гэр бүлийн харилцаанд дотно харилцаа хол байсан юм шиг ч сэтгэгдэл бас үүсдэг. Үүний оронд гэр бүлийнхээ хүнтэй чин сэтгэлээсээ ярилцаж, хамтдаа байж, ойлгож, эр нөхрөө дэмжин тусалж, урамшуулж байх нь тэднийг улам зоригтой нээлттэй, зоримог байхад дэм тус болдог. Өөрийг тань ч гэсэн өөрийг нь ойлгосны хариуд ойлгож хайр, халамжаа бэлэглэх болно.
Та үнэхээр хайж явсан тэр л хүнээ олсон бол, хайрлах хүнээ гэж мэдэрсэн л бол түүнд өөр хэзээ ч биш “ЯГ ОДОО” хайр халамжаа харамгүй зориулах хэрэгтэй. Танд амжилт хүсье. 

Сэтгэл судлалын МА, ДХИС-ийн сэтгэл судлаач А.Баярцэцэг