Ипохондри. Байнгын айдсын өвчин

"Ипохондрикууд бол өөрийгөө өвдсөн гэдгийг мэдрэхдээ л сэтгэл санаа нь амардаг хүмүүс."
Ипохондрикууд- тэд бол эмийн зах зээлийн олз, тэдэнд зориулан аврага загасны мөгөөрс, хонины ноос зэргээс гаргаж авсан гэх төрөл бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд олноор үйлдвэрлэгддэг. 
Өөрийн эрүүл мэнддээ хэт санаа тавидаг хүмүүс тоглоом тохууны объект болох нь элбэг байдаг. Ипохондриг хувь хүний инээдтэй зан чанар, өвчин биш гэсэн ойлголт байдаг. Түүнчлэн ипохондрикуудын асуудлуудад нухацтай хандахгүй байх нь зөв гэдэг ойлголт нийгэмд төдийгүй эмч нарт ч байдаг. 
Гэвч ипохондри нь илүү хүнд өвчнүүд, ихэвчлэн депрессийн шинж тэмдэг болон илэрдэг сэтгэлийн хямрал юм.
Ипохондри өөрөөр хэлбэл ипохондрик невроз нь өөрийн эрүүл мэнддээ хэт их анхаарлаа төвлөрүүлэх байдал бөгөөд өөрийн бие махбодийн физиологийн буюу эрүүл шинж тэмдгүүд дээр үндэслэн өвчин туссан гэдэгтээ гүн итгэхийг хэлнэ. Тэдгээр нь үнэндээ огтхон ч өвчний шинж тэмдэг биш байдаг. Өвчтэй гэдэгтээ итгэх итгэл нь хэт их санаа зовинолт, айдастай хамт дагалддаг. Эрүүл гэдэгт нь итгүүлэх оролдлогууд бүтэлгүйтхээс гадна, тэдний айдсыг багасгалгүй үргэлжлүүлэн өөртөө тавих онош, эмчилгээг хайхад хүргэдэг. 
Ипохондри нь хүмүүсийг биед нь гарч байгаа өчүүхэн өөрчлөлтийг илрүүлэн гаргаж ирдэг төхөөрөмж болгон хувиргадаг. Зүрхний цохилт, хөлс ялгаралт, амьсгалаа минут бүрт шалгана. Хэм алдагдаж уу? Ер бус мэдрэмж төрж байна уу? гэхчилэн норм үзүүлэтээс хазайсан тоо тэмдэг бүрийг өвчний баталгаа болгон хүлээн авдаг. Үүгээр барахгүй эмнэлгийн шинжилгээ оношилгооны үзүүлэлтүүд ч тэдний бодлыг өөрчлөхөд нэмэр болдоггүй. Үргэлжлүүлэн эмнэлэг эмнэлэг хэсүүчлэн, "эмч нарын хаалга татсаар" явдаг. 
Ипохондриг тайлбарладаг олон таамаг байдаг ч хамгийн баттай нь депресс зэрэг сэтгэлзүйн хямралуудыг дагалддаг өөрчлөлт гэдэг ойлголт юм. Депрессээр өвдсөн хүмүүст бүх төрлийн өвдөлтүүд, дотор муухайрах, толгой өвдөх, цээжээр хөндүүрлэх гэх мэтийн шинж тэмдгүүд мэдрэгддэг нь судалгаагаар тогтоогдсон. Депресс эмчлэгдэж, сэтгэлзүйн байдал дээрдсэний дараа биеийн талаас гарсан өөрчлөлтүүд алга болдог. 
Ипохондрик өөрийн айдсан дундаа түгжигдэн, яг л шоронд байгаа мэт нэг минут ч түүгээсээ чөлөөлөгдөх чадалгүй болдог. Байнгын айх мэдрэмж нь бүрэн бүтэн амьдралаар амьдрах боломжийг нь хаан, баярлаж хөөрөх, авьяас чадвараа нээхэд нь саад учруулдаг. 
Өөрийгөө нэг шалгаад үзээрэй. Хурдан бөгөөд удаан бодолгүй хариулаарай. 
1. Гэнэтийн үхлээс айдаг уу?  1. Тийм 2. Үгүй
2. Амархан ядарч, бие сулардаг уу? 1. Тийм 2. Үгүй
3. Эмч нарт итгэдэг үү? 1. Үгүй 2. Тийм 
4. Өөрийгөө эрүүл гэж боддог уу? 1. Үгүй 2. Тийм 
5. Үхэх өвчин туссан байж магадгүй гэсэн бодол салд 2-с дээш удаа төрдөг үү? 1. Тийм 2. Үгүй
6. Өвчний тухай ярих дургүй юу? 1. Үгүй 2. Тийм 
7. Өөрийн мэргэжилдээ холбогдолгүй анагаахын ном олныг уншдаг уу? 1. Тийм 2. Үгүй
1 ба 2 гэсэн хариултаа тоолно уу, Бүгд 2 гэсэн хариулт байвал бүх юм сайхан байна. Ипохондри таниас хол байгаа юм байна. 
3 хүртэлх 1 гэсэн хариулт байвал ипохондри тусах магадлал бага. 
3-5 удаа 1 гэж хариулсан бол ипохондри-д өртөх магадлалтай. Сэтгэлзүйч эсвэл мэдрэлийн эмчид үзүүлвэл илүүдэхгүй.
5-с их бол та- ипохондрик. Сайхан гүн амьсгаа ав. Та эцэст нь жинхэнэ өвдсөн өвчнөө оллоо.  Өөрийг хайх хэрэггүй. Туршлагатай сэтгэлзүч, сэтгэл засалчид ханд, танд туслах болно.

                                                                                                    Р.Мөнхжин
Ашигласан хаяг: