Карл Юнгийн дэвшүүлсэн нийтийн ухамсаргүй


Психие /сэтгэц, сүнс, оюун санаа, душа/

            Юнг хүний сэтгэцийг бүхэлд нь психие гэдэг ойлголтоор тайлбарласан бөгөөд энэхүү психие гэдэг нь дотроо гурван бүрдэл хэсгээс тогтдог, нарийн нийлмэл харилцаа холбоотой зүйл юм. Тэдгээр гурван бүрдэл хэсэг нь ухамсар, хувийн ухамсаргүй, нийтийн ухамсаргүй зэрэг болно. Эдгээр нь ерөнхийдөө хүний сэтгэлзүйн амьдралын гол цөм нь бөгөөд хүн амьд буй эх үндэс нь болдог ажээ. 

Ухамсар

Юнгийн үзснээр ухамсар гэдэг нь эгод хүртэгдэж, мэдрэгдэж буй дүр зургуудыг ойлгож, ухаарах байдал. Ухамсрын хүрээнд эго ажилладаг ба ухамсаргүйтэй эго ямар ч харилцаа холбоо тогтоодоггүй гэж үзснээрээ эгог илүү хязгаартай ойлгосон юм. Эго ердөө ухамсрын төвд байрлах боловч хувийн цөм, эх үндэс нь болдоггүй ба тэр бүү хэл дангаараа бүхэл хувь хүнийг бүрдүүлдэггүй. Өөрөөр хэлбэл ухамсрыг хөдөлгөгч гол механизм нь эго бөгөөд бидний бодох, сэтгэх, асуудалд хандах, эргэн санах, эргэн тойрноо хүртэж хүлээж авах гээд сэтгэлзүйн бүх л үүргийг хангаж, нөхцөлдүүлдэг байна.

Хувийн ухамсаргүй

Бид хүн болж ухаан орсон цагаасаа эхлээд энэ амьдрал дээр туулсан өөр өөрсдийн гэсэн зам, туршлага, дурсамжуудтай. Тэдгээрийн заримыг нь бид амархан эргэн санадаг ч, заримыг нь огт санахгүйгээр мартсан байдаг бөгөөд хялбархан эргэн санагдаж байгаа болон огт санагдахгүйгээр мартагдсан дурсамжуудыг бүгдийг нь нийтэд нь хувийн ухамсаргүй хэмээн Юнг нэрлэжээ. Хувийн ухамсаргүйд тухайн хувь хүнтэй холбоотой мэдээллүүд агуулагдаж байдаг.

Нийтийн ухамсаргүй

Юнгийн гаргаж ирсэн нийтийн ухамсаргүй гэдэг энэхүү ойлголт нь нилээдгүй мистикал талдаа, нууцлаг далд ойлголтыг бий болгосноороо онцлог юм. Тэрээр нийтийн ухамсаргүй хэмээх ойлголтоо тухайн хувь хүнийг бүрэлдүүлэгч гүн гүнзгий, хамгийн хүчирхэг бүрэлдэхүүн хэсэг гэж тайлбарлажээ. Нийтийн ухамсаргүй гэдэг нь хүн төрөлхтөн үүссэн цаг үеэс эхлэн, хөгжлийнх нь явцад бүх хүн төрөлхтөнд яг адилхан хуримтлагдаж хадгалагдсан бүхэл бүтэн цогц мэдээллийн сан юм. Юнг эртний үлгэр домгууд болон хуучны соёлууд дахь бэлэг тэмдгүүд, дүрүүд, шашины зан үйл, философи зэрэг маш өргөн хүрээтэй судалгаа хийж үзснийхээ дараа тэдгээрт илэрч байгаа нийтлэг шинжийг олж харсан. Өөр өөр соёлуудад байдаг бэлэг тэмдгүүд нь ямар нэгэн байдлаар хоорондоо адил төстэй, уялдаа холбоотой байсан тул үүнээс үүдэн тэр бүх хүн төрөлхтний хувьд нийтлэг, түгээмэл ямар нэгэн зүйл байна гээд түүнийгээ нийтийн ухамсаргүй гэж нэрлэжээ. Ази, Европ, Индиан, Африк гээд энэ дэлхий дээр амьдарч буй бүх үндэстэн ястнууд, бүлэг, угсаатан бүрийг хооронд нь холбож байдаг, нийт бүгдэд нь ямар нэгэн төстэй шинж байдлаар үргэлж илэрч байдаг тэрхүү далд гүн хэсгийг ерөнхийд нь нийтийн ухамсаргүй хэмээн ойлгож болно.

Л.Төрбурам