Дуу чимээ ба Хүний зан байдал

Бид дуу чимээг децибел (dB) гэдэг хэмжигдэхүүнээр тодорхойлдог. Түүний доод хязгаар бол 0 dB юм. Энгийн харилцан ярианы дуу чимээ ойролцоогоор 40 dB хэмжигддэг бол хөл хөдөлгөөн ихтэй гудамж 70 dB, рок хамтлагийнх 120 dB тус тус хэмжигдих хандлагатай байдаг. 90 dB дуу чимээ удаан хугацаанд үргэлжилбэл чихний хэнгэрэгийг хагалах чадамжтай байдаг. Зарим тохиолдолд дуу чимээ гэдгийг физик үзэгдлээс бий болж буй ямар ч хамаагүй чимээ гэж тайлбарладаг. Гэхдээ ихэнхи тодорхойлолтуудад дуу чимээг сэтгэл зүйн болон бие махбодид төвөг учруулж байгаагаар тодорхойлсон байдаг. Тиймээс доод түвшиний дуу чимээ ч гэсэн тааламжгүй болон хяналтгүй байдалд оруулж байвал түүнийг дуу чимээ гэж тодорхойлох юм.
Cohen ба түүний хамтрагчдын (1986) бичсэнээр өндөр орон сууцны доод давхруудад амьдардаг хүүхдүүдийн унших, сонсох чадвар нь дээд давхруудад амьдардаг хүүхдүүдийнхээс бага, муу байна гэжээ. Орон сууцны ойролцоох дуу чимээ хүүхдийн сонсголд сөргөөр нөлөөлдөг.  Smith ба Stansfeld (1986) нар насанд хүрэгсдийн өдөр тутмын амьдралд дуу чимээ сөргөөр нөлөөлдөг болохыг баталжээ. Жишээ нь, Хөршүүд нь дуу чимээ ихтэй бол энгийн зүйлийг хийж чадахгүй алдаа гаргах, нийтлэг зүйлсийг мартах, эд зүйлсээ хаяж гээх гэх мэт дутагдалтай болдог. 
Мөн дуу чимээ бидний нийгмийн зан байдалд нөлөөлдөгийг баталсан хэд хэдэн судалгаануудыг дурдья. Mathews ба Canon (1975) нар 85 dB дуу чимээтэй үед газарт унасан хэн нэгний номыг авч өгч туслах хүн цөөхөн байсан. Үүнтэй төстэй судалгааг лаборатори болон гудамжны нөхцөлд туршиж үзэхэд үр дүн нь дээрхтэй ижилхэн гарчээ. Бусад судалгааны хувьд дуу чимээ ихтэй хөршүүдтэй айлууд нийгмийн харилцаа багатай, илүү түрэмгий, хөршүүддээ дургүй байх хандлагатай байдаг гэжээ. Glass, Singer нарын үзсэнээр стрессийн эх үүсвэр нь дуу чимээ байдаг гэж тайлбарладаг. 

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг