Бодгаль сэтгэл судлал - Зүүд
Та ямар зүүд зүүдэлдэг вэ ? Тэр зүүд чинь байнга давтагддаг уу ? Зүүд чинь биелдэг үү ? Зүүд юу өгүүлдэг вэ ? гээд л зүүдний тухай толгой эргэм олон асуултууд байсаар л байна. Үүнийг олон ч эрдэмтэд тайлбарлах гэж хичээсэн, одоо ч хичээж байгаа. З. Фрейд зүүдийг ухамсартай холбож үзсэн ба зүүд бол ухамсаргүйд хүрэх гарц гэж үзсэн. Түүний онолыг үгүйсгэх аргагүй. Түүнийг дэмжих олон баримт нотолгоо бий. Гэвч туйлын үнэн гэвэл худал болно. Зарим хүмүүс зүүдний сэтгэл судлал гэвэл юуны түрүүнд З. Фрейдийг онцолдог. Гэвч бусад сэтгэл судлаачдын зүүдний талаарх үзэл баримтлалыг мэдэж байвал зохистой. Бодгаль сэтгэл судлалын үүднээс зүүдийг З. Фрейдийн онолоос өөрөөр авч үзнэ. Зүүд бол зөн билгийн хүсэл бус зорилгын "түлхүүр" гэж А. Адлер үздэг. Түүний онолд бодгаль хүн амьдралын туршид зорилгод тэмүүлж байдаг гэдэг. Зарим тохиолдолд таны зүүд биелдэг үү. Тэгвэл нэгэн тамирчны жишээг авч үзье. Тэрээр бэртэл авч байна гэж зүүдэлсэн, дараа нь бодит амьдрал дээр бэртэж орхино. Энэ үзэгдлийг муу ёр, зөгнөл мэт уламжлалт маягаар хүртэж хүлээж авах нь буруу. Харин тэр хүний зорилго зүүдэнд нь илэрсэн гэж болно. Тэр амжилтанд хүрч, зорилгоо биелүүлхийн тулд бэлтгэл хийх хэрэгтэй гэдгийг ухамсарласан. Энэхүү зорилгодоо хүрэх гэсэн алхамд тэр бэртэнэ гэдгийг мэдэж байсан болхоор л тэр хүн зүүдэлж, улмаар бодитоор бэртсэн. Өөрөөр хэлбэл зүүд бол зорилгодоо хүрэх гэсэн нууц давуу байдал юм. Фрейдийн - Хүсэл, Адлерийн - Зорилго гэсэн нэр томъёо хоорондоо ялгаатай, өөр утгыг агуулдаг гэдгийг санаарай.
Л. Энхтүшиг
0 comments: