Сэтгэл Судлал амьдралд

Бусад судлаачдын нэг адилаар сэтгэл зүйчид өөрсдийн судалгаандаа олон нийтийн мэдээллийн хэрэгслийн талаар олонтаа дурьдаж, түүний ач холбогдлыг заавал тэмдэглэн ярьж байдаг. Гэхдээ энэ хүрээнд хүндрэлтэй асуудал цөөнгүй гардаг билээ. Үүний нэг нь асуудлын мөн чанарыг энгийн, хүн бүрт ойлгомжтой хэлээр тайлбарлах хэрэгцээнээс үүдэж гарна. Сэтгэл зүйчид мэргэжлийн нэр томъёог сайрхах зорилгоор ашигладаг хэрэг огт бус. Тусгай нэр томъёо тэдний хувьд асуудлыг зөв цэгцтэй авч үзэх, санаагаа бусдад хоёрдмол утгагүй ойлгуулах боломжийг бүрдүүлж өгнө. Гэвч олон нийтийн хувьд сэтгэл судлалын нэр томъёо голдуу ойлгомж муутай, заримдаа бүр төөрөгдөлд хүргэх нь зүйл байдаг. Тухайлбал, шизо гэсэн нэр томъёог бие хүний хөгжил хоёрдмол болох, галзуурах гэх зэргээр олон нийт хүлээн авдаг. Гэтэл тэр нь бие хүний бүтэц ба бодит байдлын хооронд хэт их зөрөө ялгаа үүсэхийг хэлдэг билээ.

  Өөр нэг асуудал нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл мэргэжилтнүүдийн зүгээс нэг янзын хариулт хүлээж байдаг явдалтай холбоотой байдаг. Гэтэл шинжлэх ухааны талаас тэр бүр ийм нэг мөр хариулт өгөх боломжгүй юм. Сэтгэл судлал цаг үргэлж магадлал ба нөлөөлж болох хүчин зүйлийн тухай ярьдаг. Сэтгэл судлаачид ямар ч үед нэг үзэгдэл нөгөөгийнхөө учир шалтгаан болсон тухай ярьдаггүй. Яагаад гэвэл эцсийн үр дүнд өөр бусад хүчин зүйлс нөлөөлөх боломж асар их. Ялангуяа хүний тухай ярьж байгаа үед энэхүү магадлал бүр ихээр өснө. Сэтгүүлчдийн хувьд сэтгэл зүйчдийн ийм зан байдал ажлаа мэдэхгүй байх юмуу өөртөө итгэлгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг тал бий. Тэгээд ч өдөр тутмын амьдрал дунд хүмүүс тов тодорхой ярихад нэгэнт дасч, сэтгэл зүйчид шиг асуудалд ``бөөрөнхий`` хандахыг ажлаа мэдэхгүй байна хэмээн үзэж хэвшсэн байдаг билээ. Энэ бүхнээс болж сэтгүүлчид болон сэтгэл зүйчид бие биенээ сайтар ойлгох нь их ховор байх тал бий.
  Гуравдахь багц асуудал энгийн хариулт эрж хайхад чиглэдэг. Ямар нэг үйл явдал болоход олон нийтийн мэдээллийн хэрэгсэл сэтгэл зүйчдэд хандан тодорхой шалтгаан нэрлэхийг шаарддаг. Гэтэл орчин үеийн сэтгэл судлал хүний зан үйл, сэтгэл зүйд маш олон төрлийн шалтгаан нэгэн зэрэг нөлөөлдөг, түүнийг энгийн ойлгомжтой хэлбэрээр тайлбарлах боломж байхгүй гэдгийг сайтар мэддэг болжээ. Тухайлбал, сэтгэцийн үндсэн үйл явцуудыг хэд хэдэн түвшинд судлах хэрэгтэй болдог бөгөөд тэдгээрийн хөгжилд соёл, нийгмийн бүлгүүд, танин мэдэхүйн авъяас билэг, хувийн үнэт зүйлс, зан үйлийн хэвшил, хүрээлэн байгаа орчин, бие махбодь, мэдрэлийн үйл, ген, бие хүн хоорондын харилцаа гэх зэргээр маш олон хүчин зүйлс нөлөөлж байдаг. Иймээс сэтгэл зүйчид энэ тэр үйл явдлын шалтгааныг хэл хэмээн тулгахад тэр ч тийм амархан зүйл бишээ хөө гэдэг. Хэдийгээр тэр байдал нь асуултаас зайлшийж байгаа мэт гаднаа харагдаж болох ч жинхэндээ сэтгэл зүйчид үнэнийг хэлж байгаа нь маргаангүй зүйл. Зарим нөхцөлд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл мэргэжилтнүүдийн саналыг хэт хялбаршуулж, нэг тодорхой шалтгаан олохыг байдгаараа хичээх нь байдаг. Гэтэл сэтгэл зүйчид наад зах нь төчнөөн хүчин зүйл нөлөөлсөн байж болно гэх зэргээр ярьж, түүнийг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид, цаашилбал олон түмэн ойлгохгүй эсвэл хүлээж авах дургүй байх нь олонтаа ажиглагдаж байдаг.

Эх Сурвалж:

Д.Доржжав - `Сэтгэл Зүйд Өөрөө суралцах нь` УБ., 2005

Л.Төрбурам