Хүчирхийллийн тойрог ба Хүүхдийн сэтгэлзүй


Эцэг эх байх гэдэг бол бидний амьдралынхаа туршид гүйцэтгэх хамгийн чухал “мэргэжил” юм.
  Ихэнх залуу эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ, өөрсдийг нь  эцэг эх нь хэрхэн хүмүүжүүлсэн, эцэг эхийг нь эмээ өвөө нар нь хэрхэн хүмүүжүүлсэн гээд энэ гинжин холбоосын дагуу хүүхдээ хүмүүжүүлж, асуудлуудыг шийдэх хандлагатай байдаг. Заримдаа бүр хүүхдийнхээ сайн сайхны төлөө гэж хэлээд тэднийг шийтгэж, өвтгөх нь ч бий.

Хүүхэдтэйгээ зөөлөн харилцаарай, хүүхдээ урамшуулж байгаарай зэрэг зөвлөмжүүд хангалттай байдаг ч учир шалтгаан, гарах эрсдлийг эцэг эхчүүд маань төдий л сайн ухамсарладаггүй учраас тэр бүр хүртээмжтэй байдаггүй болов уу. Үүнд л  сэтгэл зүйн боловсрол хэрэг болж байгаа юм.

Хүүхдийн өсөж торних гадаад орчин нөхцлийг хамгийн сайнаар хангаж өгөх хүчин зүйл нь асран халамжлагчид буюу эцэг эх юм. Тэд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх, ойлгох, хайрлах  зэргээр хүүхдийн органик хэрэгцээнүүдийг хангаж өгөх учиртай. Зарим үед хүүхэд органик хэрэгцээгээ хангах явцдаа гадны саад тотгортой таардаг ба энэ үед тэд  эерэг эсвэл сөрөг байдлаар дасан зохицолд ордог.

Илүү ойлгомжтой болгохын тулд нэгэн жишээ авч үзье. Нэгэн охин өлсөж байна гэж бодьё. Тэгээд ширээн дээр алим байхыг хараад идэхээр авжээ. Тэгтэл аав нь түүнийг цохиж, “чи ямар их иддэг юм, чи дөнгөж сая идсэн биздээ, чи өлссөн байх ёсгүй, хоол өгөхийг хүлээгээд сууж бай” гэж хэллээ. Энэ бол хүүхэд хамгийн анхдагч хэрэгцээ буюу өлсөх хэрэгцээгээ хангахыг оролдох үед үүсч байгаа “гажуудал” юм.  Энэ хэдхэн секундын харилцаанаас хүүхэд олон зүйлсийг алдаатайгаар хүртэх цаашлаад сэтгэцийн гэмтэлтэй болох эхлэл тавигдаж болно. Тухайлбал,

·         Өөрийнхөө хэрэгцээг өөрөө хангахыг оролдвол биеийн хүчирхийлэл үүсдэг, буюу хүссэн зүйлээ идэх гэвэл намайг “зодно”.
·         Дөнгөж сая авсан зүйлсдээ сэтгэл хангалуун байх ёстой, буюу өөрийн хүслээр сонголт хийж болохгүй.
·         Өөрийнхөө хэрэгцээг өөрөө үнэлж тогтоох нь буруу, буюу би бусдаас хамааралтай байх ёстой.
·         Өөрийн хэрэгцээгээ хангаж сэтгэл ханамж авахад саад хийх ёстой, буюу би сэтгэл ханамж авахыг оролдвол намайг зоддог юм байна.

Энэ харилцаанаас хүртсэн охины хүртэхүй, ойлголт нь түүний цаашдын хөгжил болон сурах үйл явцад маш чухал нөлөөтэй. Тэрээр насанд хүрсэн хойноо магадгүй өлсөх мэдрэмжээ дардаг сэтгэцийн өвчтэй (анархси), өөрт хэрэгтэй байгаа хэрэгцээгээ мэдрэх чадваргүй болох, өөрийнхөө талаарх итгэл үнэмшлээ мушгин гуйвуулах, өөртөө итгэлгүй болох зэрэг шинжүүд илэрч болох юм. Түүнчлэн энэ нь яагаад зарим хүмүүс өөрийнхөө хэн болох, юу хүсч байгааг ухамсарлаж чаддаггүй,  эсвэл хэлэхээс айдаг, бусдаас хэт хамааралтай, өөрийн сонголтоор амьдардаггүй болж хувирдгийг харуулсан жишээ юм.

Эцэст нь дүгнэхэд, эцэг эхчүүдийн сэтгэл зүйн боловсрол, сэтгэлийн хүч, хайраас бяцхан хүүхдүүдийн хэн болж төлөвших нь шууд хамааралтай байдаг. Өдөр тутам тохиолдох, жижигхэн асуудал мэт харагдах зүйлсүүд, тухайлбал санамсаргүй хэлсэн сөрөг утгатай үгс, тохиромжгүй шийтгэлүүд зэрэг нь  хүүхдийн сэтгэл зүйд маш том траума болон хувирч болно гэдгийг санаж тэдэнтэй зөв харилцаж байгаарай.

Сэтгэл судлаач Б. Алтанцэцэг