Гэмт хэрэг ба олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хамаарал


Сүүлийн үед олон нийтийн ярианы гол сэдэв болсон гэмт хэргүүд түүний шалтгаан, гол буруутан нь хэн бэ ? Өнөөх л  гэмт  этгээд, түүний бие хүний зүй зохисгүй байдал, түүхэн уламжлалт хүний зан төрхөө алдсаны шинж хэмээн үзэж байгаа ч эдгээр гэмт хэргүүдийн үүсэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэгтэй та санал нийлэх үү ?

Монгол орон бол залуучуудын орон. Нийт хүн амын 65% нь 0-30 насныхан тэр  дундаа 15-25 насны залуучууд эзэлдэг. Яг энэ насан дээрээ хүн 15 мянган хүнд нөлөөлж, эргээд 15мянган хүнээс нөлөөлөл авч түүгээрээ өөрийн нийгэм дэхь дүр төрх, төлөвшилөө тогтоодог гэж судлаачид үздэг. Тэгвэл бидний өнөөгийн нийгэм дэхь хамгийн хүчтэй нөлөөллийн зэвсэг болсон сошиал ертөнц, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээллийн 30%-ийг гэмт хэрэг, түүний талаарх цуврал мэдээллүүд эзэлж байна. Хүчирхийлэл, гэмт хэргийн талаарх мэдээллийг ямар нэгэн хязгаарлалт, хүрээлэлгүй цацаж байгаа нь нийгэм олон нийтэд сэрэмжлүүлэг мэтээр харагддаг ч бодит байдал дээр тийм биш. Хүн сайхан, эерэг мэдээллээс илүү сөрөг, асуудалтай мэдээнд илүү анхаарал хандуулдаг. Яг л хүүхдийн болохгүй, битгий гэх тусам улам л тэр зүгрүү зүтгэдэгийн адил. Нийгмийн сэтгэл судлал “3х13”-ийн дүрмийг энэ тохиолдолд авч үздэг. Энэ нь та сайн мэдээг 3-н хүнд түгээдэг бол сөрөг зүйлийг эргээд 13 хүнд дамжуулсан байдаг гэсэн үг.

Тухайн гэмт хэргийг хийх үйлдэх болсон шалтгааны 50% нь өмнө үйлдэгдэж байсан гэмт хэргээс сэдэл авсан байдаг байна. / Richard N. Kocsis / Тэгэхээр нийгэмд тухайн гэмт хэргийн талаарх мэдээллийг “Сэрэмжлүүлэг” гэх нэрийн дор бодит  үнэн, эх сурвалжгүй цацах бус түүний шалтгаан нь юу байв гэдгийг тодруулах нь өөрөө хамгийн зөв алхам. Нийгмийн тогтолцоо, хариуцлагын асуудал хөндөх нь зөв зүйтэй ч түүнээс илүүтэй гэмт хэрэг үйлдэх хүртэлээ асуудлаа дотроо тээн, шийдэж чадахгүй явсаар эцэстээ шийдлээсээ ч айдаг айдсаар дүүрэн яваа хүн хэд байгааг бодоход ч бэрх.

Иймд өөрийн үнэ цэнэ, үнэлэмж, зорилгоо тодорхойлж түүнийгээ хэрхэн биелүүлэх хэрхэн өөрөө өөртөө эзэн байх вэ гэдгийг бодоход гэмгүй. Би хэн бэ? Би хаашаа явж байна вэ? Миний дотоод ертөнцөд чухам юу болоод байна вэ гэх мэт бидний сайн мэдэх боловч огт мэддэггүй асуултанд нухацтай хариулж, бодож нь таны  өөрийнхөө төлөө хийж чадах хамгийн сайн зан үйл юм.

Ашигласан материал : Батболд,Ш. Сэтгэл судлал сонгодгууд. УБ., 2010

Д.Лхамсүрэн