Өөртэйгөө ярихын ач тус

Өглөө болгон, өдөрт нэг удаа, эсвэл бүр ямар нэг үйл явдлыг өмнө өөртэйгөө ярьдаг хүмүүс байдаг уу? Та ер нь амьдралдаа ямар нэгэн байдлаар толинд хараад өөртэйгөө ярьж үзсэн үү? Энд зүгээр нэг “дотор” хүнтэйгээ ярих биш толинд ойсон өөрийн дүрстэйгээ ярих тухай юм.
Мэргэжлийнхэн өөрөөр хэлбэл, мэргэжлийн жүжигчин, дуучид, зарим тохиолдолд илтгэгч нар энэ аргаар өөрсдийнхөө бэлтгэлийг хангадаг.
Тэгвэл энэ аргаар хүмүүсийн, тэр дундаа эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд нөлөөлж болдог байна.
Өөрөө өөртэйгөө ярих аргыг олон улсад клиник сэтгэл судлалын эмчилгээний нэг арга болгон хэрэглэж ирсэн бөгөөд Пеннсилванийн их сургуулийн сэтгэл зүйч, профессор Девид Сарвер өөрийн үйлчлүүлэгчиддээ энэ аргыг түлхүү санал болгож, терапи хийдэг байна.
Тэрээр  “Эхэндээ хүмүүс толинд туссан өөрийн дүрснээс хамгийн муухай зүйлээ л олж хардаг. Мэдээж хамгийн эхлээд гадаад байдлаа гоочилж эхлэх бөгөөд яваа яваандаа өөртэйгөө ярьсаар байгаад өөрийн дотоод ертөнц рүү орж тэнд юу болоод байгаа талаараа өөрийнхөө нүүр лүү эгцэлж харж ярьсаар байна. Харин яг энэ л үед сэтгэл зүйч нь өөрт тулгараад байгаа асуудал руу нь илүү чиглүүлж өгвөл тухайн терапи үр дүнд хүрэх болно” гэжээ.
Сүүлийн үед Их Британид энэ аргаар хоолны дуршил буурах өвчин буюу “анарокси”-г эмчлэхэд өргөнөөр ашиглах болсон байна. Өвчтөнүүдийг тольны өмнө зогсоогоод өөртэй нь яриулах замаар өвчнийг нь эмчлэх болсон байна.
Хэрвээ та, эсвэл таны эргэн тойрны ойр дотны хүмүүс дунд өөртөө итгэлгүй, өөртөө сэтгэл хангалуун бус явдаг хүн байвал та энэ аргыг түүнд зөвлөж болох юм.
Мичиганы Их сургуулийн сэтгэл зүйч Этан Кросс энэ талаарх судалгааг удирдаж явуулсан байна. Түүний явуулсан энэхүү судалгаагаар өглөө болгон толинд хараад өөртэйгөө өөдрөг зүйлийн тухай ярьж, өөртөө амжилт хүссэн хүмүүс, өглөөд яг л урьдынх шигээ шууд гардаг байсан хүмүүсийг бодвол амжилтанд хүрэх байдал нь өндөр байсан төдийгүй стрессийн түвшин харьцангуй бага гарсан байна.
Өглөө болгон энэ үйлийг хийж заншсан судалгаанд оролцогчид хариулахдаа “-Эхэндээ энэ бүхэн үнэхээр утгагүй санагдаж байсан. Хүмүүс намайг чи галзуураа юу гэж гайхаж асуух хүртэл энүүхэнд байсан. Гэхдээ өдөр болгон энэ үйлдлээ хийгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа надад илт өөрчлөлтүүд гарч байсан. Миний ажил яагаад ч бүтэмжтэй болоод л, надад амжилтууд ар араасаа гараад л. Энэ бүхнийг би зөвхөн толины тусламжтайгаар өөрөө өөртэйгөө ярьснаар л бий болгосон.” гэсэн байна.
Сэтгэл зүйчид энэ тухай тайлбарлахдаа, хүн өөрөө өөртэйгөө ярьснаар тархиндаа сигнал өгч байдаг төдийгүй, хүн хүнтэй ярилцсанаас илүүтэйгээр өөртэйгөө ярьж өөрийнхөө царайг харснаараа бусад хүнд итгэдгээс илүү ихээр итгэж, төдий чинээ урам зоригийг авдаг юм. 
Л. Сарангэрэл