Жолоочтой ярьж болохгүй

Сүүлийн үед явуулсан судалгааны үр дүнд шинэ жолооч нарыг осол гаргахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь гар утас, андройд гэх мэт төхөөрөмжөөс илүү машинд хамт яваа чанга дуутай чалчаа хүмүүс байдаг гэсэн сонирхолтой үр дүн гарчээ. Хойд Каролинагийн хурдны замын аюулгүй байдлын төвийн судлаач эрдэмтэн, Шинэ жолооч нарын сургалтын төвийн захирал  Роберт Фосс “43 муж хотуудад шинээр үнэмлэх авч буй жолооч нарын хажууд нэгээс илүү зорчигч хамт явахыг хориглосон заалт байдаг. Учир нь гэвэл манай багийн явуулсан судалгааны үр дүнгээс харахад шинээр жолооч болж буй хүмүүсийн анхаарал төвлөрөлт маш мэдрэмтгий байдаг бөгөөд зөвхөн нэг л зүйлд анхаарал төвлөрүүлж чаддаг гэнэ. Тэднийг замын хөдөлгөөнд оролцож байхдаа зөвхөн урдах зам дээр бүх анхаарал нь төвлөрч байх ёстой атал хоёр ба түүнээс дээш зорчигчтой явж буй тохиолдолд тэдний чанга чанга ярих, хөхрөх нь шинэ жолоочийн анхаарлыг маш амархан сарниулж, жолооч хяналтаа алдаж улмаар том жижиг осол гаргадаг. ” хэмээн их сургуулийн сонинд нийтэлжээ.

Эрдэмтэн Фосс болон түүний судалгааны багийнхан 6 сарын туршид 52 шинэ жолооч нарыг туршилтандаа оролцуулжээ. Туршилтыг шинэ жолоочын аав ээжийнх нь хамт, найзуудынх нь хамт, мөн ганцаараа гэсэн гурван нөхцөлд явуулсан байна. Туршилтын хугацаанд жолооч нар гар утас болон бусад технологийн хэрэгслээс илүүтэйгээр дуу чимээ, орчны температур зэрэг хүчин зүйлүүдээс болж анхаарал нь сулардаг төдийгүй илүү их стресст өртөж бухимддаг нь батлагдсан байна. Хамт яваа хүнтэйгээ чанга, олон зүйл ярих нь шинэ жолооч нарын осол гаргах эрсдлийг 6 дахин нэмэгдүүлдэг бол гар утсаар ярих юмуу зурвас илгээх зэргээр техник технологийн хүчин зүйлээс шалтгаалах эрсдэл түүнээс 3 дахин бага байдаг гэж судлаачид бичжээ.

Өөр бусад судалгаанд ч гэсэн жолооч нарын анхаарал сарниулах хүчин зүйлсэд мессеж бичих, гар утас ашиглах, юм идэх, ямар нэг зүйлд хүрэх зэрэг жолоочийн гаргадаг зан үйлээс илүү хамт яваа зорчигчдын гаргадаг чанга ярих, хов жив ярих, чанга инээлдэх зэрэг үйлдлүүд илүү нөлөөлдөг талаар дурдагдсан байна.


Л. Сарангэрэл