Порно ба бидний сэтгэлзүй

Хүний суурь хэрэгцээ гэж юу вэ ? Хангалттай хоол ундтай, нүцгэн биеэ далдлах ямар ч хамаагүй хувцас, гадаа гараад бусдад егүүтгэхгүүлэхгүй байх тайван байдал гээд хувь хүний чухал суурь хэрэгцээнүүд гэж бий. Мөн үүнээс гадна бэлгийн амьдрал тэдгээрийн нэгт зүй ёсоор тооцогддог. Гэсэн хэдий ч эр, эм хоёр хүйс хамт байхгүй тохиолдолд хэрхэн суурь хэрэгцээ буюу бэлгийн хэрэгцээгээ хангах юм бэ ? Энэ асуултийг хүмүүс сайн мэддэг ч хариулахаасаа ичдэг. Хүмүүсийн хамгийн санаа зовдог, ичдэг, нуудаг сэдэв бол чухам энэ юм. Үүнтэй холбоотойгоор порно кино хүмүүсийн хүсэл, хэрэгцээг хангадаг болоод бараг нэг зууныг үзэж байна. Дэлхийд хамгийн ашигтай ажилладаг вебсайт, сонин сэтгүүл, кино гээд хүнд хүрч болох бүх сурвалжууд порнографикаар төрөлжих болжээ. Учир нь дэлхийд хамгийн ашигтай салбар бол порнографик зах зээл болоод байна.

Жил бүр вебсайтуудын статистик дунджыг гаргахад порно сайтуудад зочилсон хүмүүсийн тоо эхний байруудад толгой цохиж явна. Хамгийн хачирхалтай нь бүх зүйл хаагдмал гэдэг уриа лоозонтой социалист улсууд хүртэл порнографикын салбарыг дарамталж чаддаггүй. Мөн манай орны хувьд ч гэсэн хамгийн их зочилдог вебсайтуудад порнографик тэргүүлж байна. Нэгдүгээрт порно вебсайт, хоёрдугаарт спорт вебсайт ба бүр сүүлд шахуу байруудад танин мэдэхүй ба боловсролын чиглэлийн эх сурвалжууд багтаж байна.

Мөнгө ашиг олох, бэлгийн суурь хэрэгцээгээ хангах эх сурвалжийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн тул медиа ертөнцөөс арчигдахгүй байсаар байна. Хэрэгцээ байсаар байтал эрэлтийг мэдрэхгүй бизнесмэн гэж юу байхав дээ. Зарим улсад үүнийг соёл ч гэж үзэж байх жишээтэй. Порнографик нь медиа төрөлдөө багтах учир бусад кино, дуу хөгжим, зурагт хуудастай ижил буюу үзүүлэх нөлөөний хувьд ойролцоо байж болно. Энэ талаар өмнөх нийтлүүдэд медиа хүчин зүйл хэрхэн хүчтэй нөлөөлдгийг дурьдсан байгаа. Эдгээр медиа сурвалжууд хүмүүст нөлөөлөх талаараа ижил мэт боловч порнографик нь хүний суурь хэрэгцээнд дөрөөлсөн хийгээд ихэвчлэн интернетэд байдаг учир бусдаасаа арай ялгаатай. Иймд порнографик нь хэд хэдэн донтолт ба гаж зуршилд хүргэх аюултай юм.

Энэ талаар дурьдах нь хэн хүний хүсээд байх, зориглоод хэлчих сэдэв биш бөгөөд хүний ичгүүр үүнийг батална гэж боддог. Чадахынхаа хэрээр энэ сэдвийг хөндөе. 

Бид яагаад порнографик үздэг вэ ? З. Фройд зуу гаруй жилийн өмнө энэ талаар илэн далангуй хариулчихсан хүн л дээ. Түүний бичсэн ном бүхэнд бэлгийн амьдралын талаар чөлөөтэй дурьдсан байдаг бөгөөд өөрөө порнографик сэдвүүдийг сонирхдог нэгэн байсан учир бусад нь түүнийг үргэлж жигшдэг байлаа. Ядаж байхад ажиллаж байсан холбооноосоо хүртэл хөөгдөж байв. Тэрээр XIX зууны хүн боловч дахиад зуун жилээр өмнө амьдарч байсан бол гарцаагүй түүнийг шатаах байсан биз. Ямар азаар хүмүүсийн нүд нээгдсэн үед онолоо бичиж байв аа ! Түүний үзэл санаа өдгөө сэтгэл судлалын суурь ойлголт болдогийн хувьд түүний гаргаж ирсэн амьдралын сэдэв зүгээр нэг их захгүй хүний яриа төдий биш байв.

Тэрээр хүний амьдралыг тэтгэгч, эх булаг болсон зүйл нь ЭРОС буюу бэлгийн энерги гэжээ. Үүнийг тайлбарлавал хүн хаашаа ч явсан, юунд ч хүрсэн бай түүний цаана ЭРОС хэмээх асар их бэлгийн энерги чухамдаа түлхэц үзүүлж байдаг. Хүн юуны төлөө амьдардаг вэ гэвэл үр хүүхдээ үлдээх, үргэлж бэлгийн таашаал авах, эсвэл түүнийгээ орлуулж янз бүрийн таашаал авахын тулд гэж З. Фройд тайлбарлах байсан болов уу. Тэрээр тааралдсан хэн нэгэнтэйгээ секс хийхийг хүсэх боловч үүнийг намжаах ёс суртхууны хүлээс буюу Суперэго тогтоон барих ажээ. Гэвч өнөөх аймшигтай дур хүсэл үе үе оволзсоор байдаг гэнэ. 

Өдгөө гудамж, дэлгүүр, үзвэрийн газар гээд хаана ч явсан хүний бэлгийн дур хүсэл дээр дөрөөлсөн сурталчилгаа байхын зэрэгцээ бүтээгдхүүн, үйлчилгээ нь хүртэл энэ талаар агуулсан шинжтэй байдаг. Ийм байхад хүн суурь хүсэлдээ дийлдэхгүй гээд яах билээ ? Психоанализын хувьд ийм байна.

Харин клиник сэтгэл судлаачдын үзэж байгаагаар порнографик агуулга нь хүнийг бэлгийн гаж дур хүсэл, бэлгийн донтолт, бэлгийн хатуу чанга авиртай болох,  эрүүл бус зан байдалд хүргэдэг гэж олон дахин сануулсаар байна. Судлаачид порно кино хүний түрэмгий авирыг өөгшүүлж буй гэдгийг тогтоосон учир Дани улс 1969 онд аль хэдийнээ порнографикын тухай хууль баталсан юм билээ. Мөн Америкийн сэтгэл судлалын холбооны бичсэнээр олон улсын хүн ам, хүйсийн дунд судалгаа хийхэд эрэгтэйчүүд 50-99%, эмэгтэйчүүд 30-86% нь порно кино үздгийг тогтоосон байна. Мөн 2002 онд Кинсигийн нэрэмжит судалгааны төвийн тэмдэглэснээр судалгаанд оролцогчдын 86% нь порно вебсайт бэлгийн боловсрол олгоход хэрэгтэй, 72% нь фантаз (хий хоосон бодол санаа) үүсгэхэд гэмгүй зүйл гэжээ. Өөрөөр хэлбэл дийлэнхи хүмүүс ам сайтай байх бөгөөд үүнийг давуу талтай гэж үздэг ажээ.

Мөн дээх байгууллагын судалгаагаар порно кино үздэг хүмүүсийн 9% нь өөрийгөө болиулах арга хэмжээ аваад чадаагүйн дээр өөрийн зан байдлаа зөвтгөдөг явдал нь донтолтын хэмжээнд хүргэснийг харуулж байгаа юм. Доктор Дестин Стеварт их сургуулийн эмэгтэй оюутнуудыг судалж үзэхэд тэд порно кино үздэг найз залуугаа өөртөө итгэлгүй гэж дүгнэхийн зэрэгцээ хосуудын харилцаа таагүй байдаг, бэлгийн амьдралын хувьд таашаал авч чаддаггүй гэж хариулсан байна. Харин эсрэгээрээ эрэгтэйчүүдийн хувьд ийм байхад порно кино үздэг эмэгтэйчүүдийн бэлгийн амьдрал сайжирсан байх жишээтэй. Энэхүү судалгааны үр дүнтэй адил тохиолдлууд элбэг байдаг. 2011 оны судалгаанд ч мөн адил эрэгтэй хүний бэлгийн амьдралын чанар муудаж байхад эмэгтэйчүүдийн сайжирсан тохиолдол олон байна. Зарим судлаачид үүнийг тайлбарлахдаа эрэгтэйчүүд ганцаарчилсан дүрийг, эмэгтэйчүүд хосын дүрийг агуулсан порно кино үздэгт гол зангилаа байгаа гэнэ. Эндээс ажиглавал эрэгтэйчүүд зөвхөн бэлгийн хэрэгцээгээ хангахын тулд, харин эмэгтэйчүүд суралцахын тулд үздэг гэж таамаглаж болохоор байгаа юм.

Порно кино нь улигт бодолд автуулдаг сөрөг үр дагавартай. Донтолтын түвшинд хүрсэн хүмүүс байнга энэ талаар бодож улигт бодолд автахын зэрэгцээ аливаа медиа эх сурвалжийг үргэлж эрж хайсаар хамаг ажил, цаг заваа алддаг. Үзэж эхэлсэн л бол хяналтаас гарч хэзээ дуусахаа үл мэднэ. Нэг мэдэхэд олон цаг өнгөрсөн байдаг. Тэдний тархины зургийг шалгаж үзэхэд архи ба бусад төрлийн донтолттой хүмүүсийн тархинд үзүүлэх урвал ижилхэн байдаг бөгөөд сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл хэрэглэсэн хүмүүсийн тархи 300 милсек хурдаар хариу үйлдэл үзүүлдэг бол порно кинонд донтсон хүмүүсийн тархи ялгаагүй 300 милсек хурдаар хариу үйлдэл үзүүлж байна. Өөрөөр хэлбэл сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэснээс ялгаагүй юм. Эмнэлзүйн салбарт донтолтын түвшин гэж албан ёсоор хараахан хүлээн зөвшөөрөгүй боловч төд удалгүй бие даасан өвчин, донтолтолтын түвшинд хүрэхэд тун ойр байна.

Монголчуудын хамгийн их хандалттай весайт нь боловсрол ч биш, спорт ч биш харин порно вебсайт болоод байна. Монголчууд хэдий үеэс үүнийг үзээд, одоо ямархуу түвшинд хүрсэнийг хэн ч мэдэхгүй. Хэдэн донтогчид байгааг ч бүр мэдэхгүй байна.

Л. Энхтүшиг