Эрчүүдийн мэдвэл зохих зүйл
‹‹Эр хүн››, ‹‹Эцэг››, ‹‹Нөхөр›› гэдэг үгийн утга, холбогдол их юм. Энэ хүний үүрэг гэр бүлд маш их юм. Энэ нь гэрийн эзэгтэйн роль бага гэсэн санаа биш, харин эр хүний хүч чадал, ухамсар, ухаан нэн чухал гэсэн үг юм.
ОХУ-ын нэрт эрдэмтэн Е.Б. Урланис <<Эрчүүдээ хайрлан хамгаалагтун! >> гэсэн өгүүлэл нийтлүүлсэн байдаг. Түүнд нийгэмд эр хүний гүйцэтгэх үүрэг, гэр орны ажилд оролцох байдал, бас бие сэтгэлээ хайрлан хамгаалах талаар өөрөө болон эхнэр хүүхдүүд нь юу анхаарч биелүүлэх тухай өгүүлсэн байна.
Эр хүн болгон улс нийгмийн гишүүний хувьд доорх дөрвөн үүрэг гүйцэтгэх нь зайлшгүй.
1. Эмэгтэйн эр нөхөр
2. Айлын хүргэн
3. Хүүхдийн эцэг
4. Өрхийн тэргүүлэгч зэрэг болно.
Энэ чухал хариуцлагыг нэр төртэй биелүүлэхийн тулд өөртөө олон шинж чанар шингээх ёстой нь мэдээж. Энэ тухай манай өвөг дээдэс эрт үеэс зааж сургаж ирсэн билээ. <<Тоть шувууны сургаал >> гэдэг номд эр хүний сайн шинж чанарыг зааж: <<эд малаа өсгөгч, эцэг, эхийн сургаал авагч, энхрий шударга төвшин, аж байдлаа алдалгүй арвижуулагч, адгуус малаа үргэлж өсгөгч, аливаа татвараа саадгүй төлөгч, ах дүүдээ ая тал сайтай, ажиггүй сайн суугч ард. Төрийн зарлигт ёсоор гүйцэтгэдэг, гэргий хүүхдээ тэжээн чадагч, гэнэдэж буруу үг үл хэлэгч, хэнд ч ялгалгүй сайхан аашлагч, хэрсүү даруу, хулгай худалд дургүй, уур ундуугүй, алс хойтын хэргийг бодогч, архи дарсанд шуналгүй, ач дүү нараа зөв сургагч, ашид хичээнгүй ард. Зориглосон хэргээ бүтээгч, зогсож хожимдон үл хоцрогч, зориг сайт ард, залхуу зальхай бус эр сайн >> гэжээ.
Мөн номд муу эрийн шинжийг ‹‹ Үр хүүхдээ сургахыг үл мэдэгч, айл амьтнаар хэрэггүй хэсэгч, архи дарс эрж уугч, аливааг орхигдуулж аргаа барж авгай хүүхдэдээ адаг муухай авирлагч... Эд хөрөнгөндөө үрэлгэн, өр зээлд ороогдож, өрөөл бусдын гэр орныг үймүүлэгч эр муухай ›› гэх мэтээр заасан байдаг. Эдгээрийг жигшин зайлсхийж явах нь эрэгтэй хүн бүрийн үүрэг мөн.
Эр хүний сайн сайхан шинж чанарыг заасан бас нэг зүйл бол манай үндэсний бөхийн цол чимэг юм. Үүнийг бид сайн мэднэ. Гэвч энд дахин сануулбал: тулгат, шандас, харцага, шонхор, бат нягт, чин зоригт, хичээнгүй нягт, үнэн хүчит, бууршгүй хүчит, саруул сайжрах, манлай баясгалант, цог нэмэх, хурц идэр, өсөх идэр, үлэмж бадрах, манлай дэлгэрэх, түмнээс төгөлдөр, бүхнээс дурсгалт, саруул шаламгай, харилтгүй жавхлант, тод сонин даяар дуурсагдах далай даян, олныг баясуулагч гэх мэт болно.
‹‹Эрийн арван эрдэм›› гэдэг сургаал бас байдаг. Үүнд: номд мэргэн, нойронд сэргэг, үйлэнд уран, үгэнд цэцэн, дайнд баатар, далайд усч, хуулинд шударга, хуриманд цовоо, дээдэд зусаргүй, доодод асралтай гэж заажээ. Энэ нь ухаантай бөгөөд хичээл номоо байнга ашигладаг, залхуу биш, гарын дүйтэй, ам хэл нь боловсон зөв, зоригтой бөгөөд эх оронч, биеийн тамир спортод дуртай, усанд сэлж чаддаг, зарчимч бөгөөд үнэнч, согтотлоо архи уудаггүй, хүмүүсийг ялгаварлан үздэггүй эелдэг ханддаг бай гэсэн үг болно.
Зарим эрэгтэйчүүд бие даасан ухамсраар бүсгүйчүүдээс дутуу байгаа нь харамсалтай. Алсын бодлого, айж эмээх ичиж зовох мэдрэмжээр сул эрэгтэйчүүд нэлээд байгаа нь гэрлэлт, гэр бүлийн амьдрал үйлсэд муугаар нөлөөлж байгаа юм. Эрэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг маш их байдаг. Тухайлбал эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд хамгийн түрүүнд эрэгтэйчүүд идэвхтэй оролцоно, трактор, комбайн, нисэх онгоц, галт тэрэг зэрэг хүнд машин механизмыг голдуу эрэгтэйчүүд жолоодоно. Иймээс ч эрэгтэйчүүдийн сонгон авах ажил мэргэжил эмэгтэйчүүдийнхээс нэлээд өөр гэж хэлж болно. Иймэрхүү онцлог олныг хэлж болно. Энэ бол эрэгтэй хүн бүрд заавал байх зүйл гэж үзвэл хараахан болохгүй нь мэдээж. Харин түгээмэл буюу ерөнхий онцлог гэж үзэж болох юм.
Манай бүсгүйчүүд үүнийг бас ойлгож, хань-хархүүгийнхээ онцлогт тохируулан хандаж байхын хамт давуу сайн тал, шинж чанарыг сайшаан дэмжиж бататгаж байх, харин сул талыг нь даруй аажим аажмаар залруулан арилгаж чаддаг байх нь зүйтэй юм.
ИНЕГ-ын сэтгэл судлаач Н. Туяа
0 comments: