Герман Эббингауз /Hermann Ebbinghaus 1850-1909/

Герман Эббингауз 1850 онд Германы Барменд худалдаачны гэр бүлд төржээ. Тэрээр 17 настайдаа Боннын Их Сургуульд элсэж философийн ухаанд шимтэн суралцдаг байв. Гэвч түүний эрдэм номын хичээл зүтгэл 1870 онд дайны улмаас хэсэг хугацаанд завсарлах шаардлагатай болсон юм. Улмаар дараа жил нь судалгаандаа дахин орж 1873 онд Ph.D хүртсэн.
1885 онд түүний хамгийн алдартай бүтээл "Ой Тогтоолт" хэвлэгдсэнээр Берлиний Их сургуулийн философийн профессорын болзлыг хангаж чадсан билээ. Хэдэн жилийн дараа тэрээр Breslau-гийн саналыг хүлээн зөвшөөрч 1909 онд насан эцэслэх хүртлээ тэндээ багшилж байжээ.
Эббингаузын сэтгэл судлалд оруулсан хувь нэмрийг тоочоод барахгүй аж. Тэдгээрийн заримаас нь дурдьвал Германд сэтгэл судлалын хоёр лабораторыг байгуулсан, өмнөх сэтгэл судлалыг дэвшин ахиулсан нилээд чухал сэтгүүлийг үндэслэж, эрхлэн ажиллаж байлаа. Ой тогтоолтын талаарх түүний хамгийн алдартай судалгааны ажил нь туршилтын сэтгэл судлалын эхлэл байсан юм. Мөн сэтгэл судлалын шинжлэх ухаанд нягт нямбай, ямар нэг асуудалгүй туршилтын техникнүүдийг нэвтрүүлсэн. 
Эббингауз их хошин шогийн мэдрэмжтэй, албан бус өөрийнхөөрөө хэв маягтай, оюутан болон хамтран зүтгэгч эрдэмтдийн хайрыг татсан, нэр хүндтэй лектор байжээ. Тэрээр 59 насандаа насан эцэслэсэн.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг