Сурган хүмүүжүүлэх ухаан
Сурган хүмүүжүүлэх ухаан хэдий, хаана ч байсаар л байна. Хаана нийгмийн ёс суртахуун байна тэнд тус шинжлэх ухаан байж л байна. Хүмүүжүүлэх гэдэг үг цаанаа өргөн утгатай. Эрт цагт "хүмүүн"-жүүлэх буюу хүмүүн болгох гэсэн утга бүхий үг маань сунжирсаар хүмүүжүүлэх болсон гэдэг. Цаад арга нь хүнээр хүн хийнэ, хүн шиг хүн болохыг хэлээд байгаа юм.
Ер нь сэтгэл судлал-сурган хүмүүжүүлэх ухаан нь хоорондоо нягт холбоотой. Сэтгэл судлал цогцоор нь авч үздэг бол сурган хүмүүжүүлэх нь хүмүүжлийн арга барилыг түлхүү судалж, практик нэвтрүүлхийг хичээнэ. Зарим хүмүүс сурган хүмүүжүүлэх гэдгийг хатуу гарын хүмүүжил, дэг журамд оруулах, цагдан хорих мэтээр буруу ойлгодог. Үнэн хэрэгтээ тус шинжлэх ухааны эцсийн зорилго хүний сайн сайхны төлөө юм. Хүмүүс эцсийн мөч хүртлээ нэгэн бие хүний зорилго, чиг үүрэг, хүмүүжлээр амьдарсаар байдаг. Бид эхээс мэндлэхдээ хувь хүн болдог. Хувь хүн гэдэг нь дахин давтагдашгүй гэдгийг нотолж байгаа хэрэг. Тантай яг адил биологийн болон генетекийн талаас өөр хэн нэгнийг хайна гэвэл хэзээ ч олдохгүй. Үүнийг л хувь хүн буюу индивидуал гэнэ. Харин бид цаашид нийгмийн үнэт чанар, тэр дундаа статус, зан чанар, ёс суртахуун, бусадтай хамтрах чадвар зэрэг нь бүрэлдэн төлөвших үеийг 18-20 насандаа олж авдаг. Ийнхүү бие хүн болон хөгжих юм. Хувь хүнээс бусад шалтгаалах хүчин зүйлсийг сурган хүмүүжүүлэх ухаан анхаарна. Бид дээрх чанаруудыг эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нараас төлөвшин авдаг тул бидний хүмүүжил нь орчин, бусад хүчин зүйлсээс хамаардаг байна.
Л. Энхтүшиг
0 comments: