Ухаалаг утас бидэнд яаж нөлөөлдөг вэ ?



Сүүлийн үед ухаалаг утасны нөлөөг төрөл бүрийн салбарын эрдэмтэд судалаг болов. Ямар шаардлагатай гэж ? Та энэ асуултанд нэг хариулах гээд үзээрэй. Магадгүй та гар утасны “хамааралтай” болчихсон, түүний сөрөг нөлөөллөөс гарч чадахгүй яваа юм биш биз ? Бүр хамааралтай болсноо мэдэх ч үгүй явж байна уу? 

Тэгвэл гар утасны нөлөөг тайлбарласан зарим судалгаанууд:

Нэгэн судалгаагаар гар утас нь асуудал шийдвэрлэх чадварт нөлөөлдөг болохыг тогтоожээ. Судалгаанд оролцогчдод мөр болгоноос нийлбэр нь 3-тай тэнцэх зэрэгцээ хоёр тоог хурдан хугацаанд олж, дугуйлах даалгавар өгөхдөө оролцогчдын 50%-д утсаа далд хийхийг санал болгосон бол нөгөө хэсэг хүмүүсийн утсыг ширээн дээр ил тавиулжээ. Туршилтын үеэр утас дуугараагүй ч утсаа ширээн дээр гаргаж тавьсан оролцогчдын гүйцэтгэл 20%-иар доогуур байв.

Хэдийгээр утас дугараагүй ч гүйцэтгэлд нөлөөлсний учир юу байв ? Энэ нь бид дуудлага, мессеж байнга хүлээдэг зуршилтай холбоотой оюун ухааны "гажуудал" юм. Утсаа оролдохгүй хажуудаа тавьсан ч бид нүдний булангаараа харж, байнга ажигладаг тул бидний анхаарал сарниж, даалгавар гүйцэтгэхдээ оюун ухаанаа бүрэн дайчилж чадаггүй.

Британы Эссекс их сургуулийн судалгаагаар ухаалаг гар утас нь зөвхөн асуудал шийдвэрлэх чадвараас гадна хүмүүс хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлдөг гэжээ. Тухайлбал, лабораторид явуулсан уг судалгаанд бие биесээ огт харж байгаагүй оролцогчдыг хоёр хоёроор нь суулгаад сүүлийн нэг сард амьдралд нь тохиолдсон сонирхолтой зүйлсийн талаар хоорондоо ярилцах даалгавар өгчээ. Тал хувийнх нь ширээн дээр гар утас, нөгөө хэсэгт нь тэмдэглэлийн дэвтэр тавьсан байна. Сонирхолтой нь нүднийх нь талбарт гар утас харагдаж байсан оролцогчид бие биедээ таатай сэтгэгдэл үлдээж чадаагүй бөгөөд өөрсдийг нь сайн ойлгохгүй, түүнд итгэхгүй байхын зэрэгцээ туршилтанд оролцогчид бие биентэйгээ дотносож, найзлах найдвар тун бага гэжээ.

АНУ-ын Виржинигийн их сургуулийн судалгаагаар хүмүүстэй харилцахад гар утас байх нь харилцагчдадаа сөрөг сэтгэгдэл үлдээхээс гадна харилцан яриаг чанаргүй, үр дүнгүй болгодгийг баталсан байдаг. “Бусадтай ярилцах үедээ гар утсаа оролдох нь бие биенийхээ нүд рүү харж ярихад саад болдог”  Ухаалаг гар утас нь анхаарал төвлөрөх чадамжийг бууруулаад зогсохгүй, гар утсыг байнга хэрэглэх ой санамжинд саад уучруулдаг. Жишээ нь мэдээллийг богино хугацааны ой санамжаас урт хугцааны санамж болгон хөрвүүлэхэд тархи амрах шаардлагатай. 



McGill их сургуулийн судалгаанд байршил тогтоогч GPS төхөөрөмж, системд найдах нь зарим талаараа гиппокампус тархийг ашиглах шаардлагагүй болгодог. Далайн морь хэлбэртэй гиппокампус тархи нь санамж, орон зайн баримжааг зохицуулах үүрэгтэй. Өөрийн оюун ухаан, мэдрэхүйд найдан орон зайг баримжаалдаг хүмүүсийн гиппокампус тархины идэвхижил GPS ашигладаг хүмүүсийнхээс хамаагүй өндөр байдаг. Мөн туршилтаар GPS ашигладаггүй хүмүүс ой тогтоолтын тестэнд илүү өндөр оноо авдаг ажээ. Урьд нь очиж байгаагүй газрын байршлийг тогтоох үед л GPS асаах хэрэгтэй гэж судлаачид зөвлөж байна. Хэрэв тэгвэл "гиппокампус" тархи танд баярлах болно.

Та цээжээр дотны хүмүүсийнхээ гар утасны дугаарыг хэлж чадах уу ? Хүмүүсийн гэрийн хаяг, гар утасны дугаарыг тэмдэглэхээ болиод багагүй хугацаа өнгөрчээ. Бүх мэдээлэл автоматаар таны утасны жагсаалтад хадгалагдана. Харин түүнийг санахын тулд олон дахин давтах шаардлагатай болдог. Ухаалаг утасны хэрэглэгчид чухал он сар, үйл явдлыг цээжлэх хэрэггүй болж. Эргэлзээтэй, мэдэхгүй зүйлс таарвал гүүглэдэхэд л хангалттай. 

Мичиганий их сургуулийн судалгаагаар хэдийгээр маш богинохон хугацаанд анхаарал сарниж байгаа мэт боловч энэ нь алдаа гаргах эрсдлийг маш ихээр нэмэгдүүлдэг. Оюун ухаан шийдвэр гаргахад маш их энерги зарцуулж, бидэнд ажлаа хийх энерги дутдаг. Түүнчлэн байнга шийдвэр гаргах шаардлага нь бие махбодийг ядаргаанд оруулдаг бөгөөд бидэнд тэр бүхнээс аль нь яаралтай хийх, аль нь хойшлуулж болохоор ажил байна вэ гэдгийг ялгаж чадахгүйд хүрдэг.

Асуудал нь ухаалаг утасны хэрэглээнд байгаа юм биш. Таны тархины хангалттай сайн хийж чадах зүйлсийг ухаалаг утас орлон гүйцэтгэж байгаад л асуудал буй. Энэ нь хоёр хөлөө ашиглан шатаар явахын оронд цахилгаан шатаар явахтай адил. Хурдан явах хэдий ч таны булчин шөрмөс ачаалал авахгүй, ажиллахгүй байна л гэсэн үг. Ухаалаг утас бол “оюун ухааны цахилгаан шат” л гэсэн үг.

Ухаалаг утас таныг ухаалаг хэвээр байлгах дараах 5 зөвлөмжид анхаарлаа хандуулаарай:

№1 Тархиа ухаалаг утсаар бүү орлуул

Утасны дугаар хадгалахаасаа өмнө өөрөө цээжлэхийг хичээ. Хүмүүстэй ярихдаа аль болох цээжээр дугаарыг нь цуглуулахыг бод. Аливаа асуудал гарвал электрон туслахтайгаа ярилцахаасаа өмнө тархиндаа нэг боломж өг.

№2 GPS ашиглахгүй байхыг хичээ

Өөрийн чадвартаа найдан аль болох орон зайн ой санамжаа идэвхитэй байлга. Огт мэдэхгүй газраар явж байгаа бол энэ асуудлыг шийдэх "ГИППОКАМПУС" тархиндаа боломж олгоод үз.

№3 Сүүлийн үеийн мэдээлэл олж авахад л ухаалаг утсаа хэрэглэ

Ихэнх хүмүүс гар утсыг чөлөөт цагаараа зугаацах зорилгоор хэрэглэдэг. Гэхдээ хэдхэн товшилтоор дэлхийн өнцөг буланд болж буй үйл явдал, мэдээ мэдээллийн гарчгийг гүйлгэн харах боломжтой. Мэдээлэл шаардлагатай үед л ухаалаг гар утсыг хэрэглэж бай.

№4 Сошиал медиан аппликейшний тусламжтай харилцааны чадвараа дээшлүүлж болно

Зарим видео тоглоом таны эмпати чадварыг (бусдыг ойлгох, мэдрэх чадвар) бэхжүүлж, илүү энэрэнгүй бие хүн болгохд тусалдаг. Твиттер, Фейсбүүк ч бас бидний нийгмийн хэрэгцээг хангадаг. Бусадтай холбоо, харилцаатай байх нь тун хялбар болсон бөгөөд нийгмийн харилцаанд идэвхитэй оролцсоноор бие хүн хөгжих боломж нээгдэнэ. Гэхдээ хэт их нээлттэй байх нь сошиал медиагийн зарим занганд оруулах аюултай тул болгоомжтой байх хэрэгтэй.

№5 Жолооны ард гар утсаа бүү оролд

Нэг дор олон зүйл амжуулахдаа сайн байсан ч жолооны ард суумагц анхаарлаа өөр зүйлсд хувиарлаж болохгүй гэдгийг бүх мэргэжилтнүүд санал нэгтэйгээр хэлдэг. Учир нь хүний ухамсар зөвхөн нэг л зүйлд төвлөрөх чадамжтай байдаг. Жишээ нь телевизийн нэвтрүүлэг үзэнгээ хичээлээ хийх, дуу сонсох зуураа ном унших нь ухамсар олон зүйлд зэрэг төвлөрч байна гэсэн үг биш. 


Ухаалаг утас өөрийн гэсэн үүрэгтэй, бас давуу талтай. Таны ажлыг хөнгөвчилж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Гэхдээ ухаалаг утас нь таны тархийг орлохоор бус үйл ажиллагааг нэмэгдүүлэхээр бүтээгдсэн гэдгийг хэзээд битгий мартаарай.

Эх сурвалж: 
Svoboda, E., & Richards, B. (2009). Compensating for anterograde amnesia: A new training method that capitalizes on emerging smartphone technologies. Journal of the International Neuropsychological Society, 15(4), 629-638. 


Сэтгэл судлаач Б.Тунгалаг