Электрон хэрэгслээс хамааралтай ертөнц

Аялагчид аялал зугаалгынхаа сонирхолтой үйл явдал, дурсамжит мөчүүд, сэтгэл хөдлөм гайхалтай агшнуудыг зургийн хальснаа буулгаж Инстаграм, Твиттер, Фейсбүүк зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан найзууд болон гэр бүлийнхэндээ сонирхуулдаг.

Хэдийгээр энэ нь өөрийн адал явдал, сонирхолтой зүйлсийг бусад хүмүүстэй хуваалцаж байгаа мэт боловч энэ байдал нь даамжирах тусам хэвийн бус зан үйлийг далдуур бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл хэт электрон хэрэгслээс, гэрэл зургийн аппарат, гар утас интернет зэргээс хэт хамааралтай болох “digital detox”-г үүсгэдэг байна.

Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгээс явуулсан 2013 оны судалгаанаас үзэхэд 10 хүн тутмын 4 нь амралтын үеэр ажлын и-мейл илгээж, интернет, электрон хэрэгсэлтэй байнга харилцаж байдаг бөгөөд аялагчдын 61% нь аялал зугаалгын үеэр олон нийтийн сүлжээг ашигладаг байна.


National Geographic-н зураглаач Андрю Эванс очсон газар бүртээ цахим ертөнцтэй холбогдож, байнгын олон нийтийн сүлжээгээр аялалынхаа талаар сонирхолтой гэрэл зургуудыг нийтэлдэг байсан бөгөөд Мексикийн Зүүн Хүрхрээгээр аялах үеэр түүний ухаалаг утас эвдэрч тэрээр бүтэн 5 өдрийн турш ямар ч зураг авах, энэ талаараа пост бичих боломжгүй болсон байна. Тэрээр энэ талаар “Бурхан минь надад тэр 5 өдөр 500 жил шиг санагдаж байсан. Энэ өдрүүдэд, ялангуяа ийм сайхан газар ирчихээд энэ тухайгаа нэг ч удаа хүмүүст харуулж сошиал харилцаанд орохгүй байна гэдэг үнэхээр хар дармаар явдал байсан. Гайхалтай агшин, сэтгэл хөдөлгөсөн тэр үлгэрийн мэт байгалийн зургийг авч бусдад үзүүлж тэндээс таашаал авахгүй байгаа нь намайг тавгүйтүүлж би яг ухаанаа алдсан хүн шиг хэд хоног мансуурлын байдалтай байсан.” гэжээ.

Сошиал медиа-н мэргэжилтэн Андреа Вахл “Эвансын энэ байдал бол сүүлийн үеийн шинэ хандлага юм. Сошиал ертөнцөд хэт хамааралтай хүмүүс, тэр дундаа гэрэл зурагчид өөрсдийн бүтээлээ хэр олон хүнд хүрч байна түүнээсээ кайф авдаг хүмүүст “Электрон аялал” гэх шинэ хандлага бий болж байгаа.” хэмээн мэдээлжээ.

Эдгээр хүмүүс нь электрон зүйлээс ялангуяа зургийн аппарат, компьютерээс хэт хамааралтай болж аялахдаа зүгээр сууж чадахаа больдог төдийгүй хэрэв ямар нэгэн саад тохиолдож зураг авч, сошиал медиагаар харилцаж чадахгүй нөхцөл байдалд орвол уурлаж бухимдаж эхэлдэг. Энэ үед стресс бухимдлын түвшин дээд зэрэгтээ хүрч биеэ хянах чадвар сул хүмүүс ямар нэг сөрөг алхам хийх нь ч бий. Мөн эдгээр хүмүүс ганцаардлын түвшин маш өндөртэй байдаг.

Ер нь аливаа зүйлийн тунг нь тааруулж хэрэглэж, харьцах хэрэгтэй бөгөөд хэвийн хэмжээнээс хэтэрсэн байдал нь эргээд хүмүүсийг амар тайван байлгахаа больж хэт хамаарал гэдэг зүйлийг бий болгох аюултай байдаг тул аялалаас авах тэр мэдрэмж сэтгэл ханамжийг заавал электрон хэрэгслийн тусламжтайгаар бус бусад мэдрэхүйн чадвараараа мэдэрч байх нь та бидний амьдралын зөв хэмнэл байх болно хэмээн судлаачид тэмдэглэж байна.

Л. Сарангэрэл