Психоаналитикч болмоор байна уу ?

Психоаналитик гэдэг нь З. Фройдын тайлбарласнаар сонгодог психоанализын сэтгэл засал болон шинжлэх ухаан болгосон нэр томъёо бөгөөд психоанализ гэдэг нь үндсэн ойлголтыг хэлэх ажээ. Иймд психоаналитикч гэвэл психоанализ онол дээр суурилсан сэтгэл засал явуулдаг, эсвэл дагнаж судалгаа явуулдаг хүнийг хэлэх юм. Хэдий З. Фройд психоаналитикыг жинхэнэ шинжлэх ухаан мөн гэж хэдэн мянга удаа давтаж хэлсэн ч үүнийг шинжлэх ухаан биш гэж үздэг хүмүүс нь дутахгүй олон. Дээрээс нь биш гэдгийг батлах олон баримтууд бий. Иймд психоаналитик бол сэтгэл засалд хэрэглэгдэх тулгуур ойлголтуудын нэг төдий болохоос бүхэлдээ шинжлэх ухаан биш ажээ. 

Психоаналитикч болохын тулд зөвхөн сэтгэл судлаач байх ёстой юу ?

Үгүй, ямар ч мэргэжлийн хүн психоаналитикч болох боломжтой. Та өөрөө психоаналитикыг шимтэн уншдаг, түүнийг сонирхдог, хэрэглээнд оруулахыг хүсэж байгаа бол психоаналитикын сургалтанд сууж өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх боломжтой. Иймд психоаналитик бол цөөн хэдэн, тусгай мэдлэгтэй, мэдрэмжтэй хүмүүст зориулсан арга гэж хий дэмий сүржигнэх нь утгагагүй хэрэг. Гэхдээ хүний нөөцийн сургалтанд суудаг шиг тийм хялбар зүйл биш юм. Учир нь гэвэл психоаналитикыг ойлгохын тулд энэ талаар бичигдсэн маш олон ном зохиол, сурах бичгүүдийг уран зохиолын номоос илүүтэй олон дахин уншиж, тодруулж, туршиж байх хэрэгтэй юм.

Тэгэхээр психоаналитикч боллоо гээд өөрийгөө сэтгэл засалч болсон гэж ойлгож болохгүй. Сэтгэл засалч буюу Psychotherapist болохын тулд заавал эмч байх бас шаардлагагүй. Шаардлагатай гэж хэн нэгэн ярьж буй бол энэ ердөө хийрхэл байх. Магадгүй сэтгэцийн эмч нарын хийрхэл. Үүний тулд магадлан итгэмжлэгдсэн сэтгэл заслын курсд суралцах ёстой юм. Монголд албан ёсны сэтгэл заслын курс гэж байхгүй ч гадаадад суралцаж болно. Гэхдээ ихэнхи сургалтууд онол заахын хажуугаар таныг хэн нэгэнд цагаар сэтгэл засал хий гэж норм тогтоодог. Нормоо биелүүлсэн суралцагч сэтгэл засалчийн эрхээ хүлээн авах боломжтой юм. Сэтгэл засалчийн хувьд илүү мэргэжлийн бөгөөд эмч, сэтгэл судлаач, нийгмийн ажилтан зэрэг мэргэжилтэнгүүд суралцдаг.

Харин психоаналитикч бол дээрх сэтгэл засалчийн сургалтын үйл явцтай ижил боловч албан ёсны бус ажээ. Гэхдээ Фройдын байгуулсан "Олон Улсын Психоаналитикын Холбоо" маш нэр хүндтэй байгууллага. Америкт психоаналитикийн янз бүрийн институти байгууллагууд нь Америкийн сэтгэл судлалын холбооноос магадлан итгэмжлэгдсэн байдаг. Дээрх холбоо ч гэсэн мөн адил. Өөрөөр хэлбэл Америкт психоаналитик нөлөө бүхий бөгөөд зарим талаараа албан ёсны шинжтэй юм. 

Сан Дегод байрлах Психоаналитикийн төв


Их Британд байрлах Олон улсын психоаналитикын холбоо


Америкийн сэтгэл судлалын холбоо


Л. Энхтүшиг