Оюутан хүний сэтгэл зүй
1995 оноос хойш Жефри Женсен Арнетт хэмээх сэтгэл судлаач олон орны 18-29 насны хүмүүсээс амьдралаа хэрхэн төсөөлж байгааг нь асуун судалгаа авсан байна. Тэрээр хэдэн зуун хүнээс судалгаа авахад нэгэн зүйлийг ажигласан нь эдгээр хүмүүс үндэс угсаа, хүйсээс үл хамааран бүгд нэгэн ижил хариулт өгч байгааг анзаарчээ. Ийнхүү Арнетт “хөгжиж буй насанд хүрэгч” (emerging adulthood) гэсэн нэр томъёог гаргаж ирсэн байдаг.
Арнеттын үзсэнээр хөгжиж буй насанд хүрэгчийг дараахь байдлаар тодорхойлж болно:
“Өөрийгөө” эрэн хайх үе
Энэ нь залуу хүмүүс өөрсдийгөө хэн болохоо таньж мэдэх, мөн хайр дурлал, сургууль, ажил хөдөлмөрийн асуудлуудыг ойлгож ухаарах, шийдвэрлэх үе.
Тогтворгүй үе
Дунд сургуулиа төгссөний дараагаар үүссэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэх үе. Ихэнх тохиолдолд 30 насны үед суурьшил, ажил хөдөлмөр тогтворжино.
Өөртөө төвлөрөх үе
Сургуулийн тогтсон дүрэм, эцэг эхийн шууд хараа хяналтнаас гарч залуус өөрсдөө хаана, юу хийхээ, хэнтэй хамт байхаа шийддэг.
“Завсрын” мэт сэтгэгдэл төрөх үе
Хөгжиж буй олон насанд хүрэгчид “өөртөө хариуцлагыг авдаг ч гэлээ бас л насанд хүрэгч болоогүй юм шиг санагддаг” гэсэн хариултыг өгчээ.
Боломжуудын үе
Энэ үед оптимист хандлага давамгайлна. Ихэнх залуус “надад миний аав ээжээс илүү дээр, сайхан амьдралаар амьдрах боломж их байгаа” гэсэн итгэл үнэмшилтэй байдаг төдийгүй аав ээж нь салсан гэсэн ч өөрсдийн “заяны ханиа” олно гэдэгт итгэдэг.
Арнеттын судалгааны дүнгээс харахад энэ насны залуус өндөр цалинтай ажил, сэтгэлд нийцсэн удаан хугацааны тогтвортой романтик харилцаа гэх мэт амьдралаас маш олон зүйлийг хүсэн хүлээж байдаг нь харагдаж байна. Мэдээж энэ насны хүмүүсийн урам хугарах тохиолдол цөөнгүй байдаг. “Хэрэв аз жаргал гэдэг нь та хүсэн хүлээсэн зүйлээ авахыг хэлдэг юм бол хөгжиж буй насанд хүрэгчид хэтэрхий их хүлээлттэй байдаг учраас ихэнх нь урам хугарсан, сэтгэлээр унасан байдалтай үлддэг” гэж Арнетт хэлжээ.
Үндсэн эх:
Сэтгэл судлаач Г.Индра
Сэтгэлзүйн Боловсрол Сэтгүүл
0 comments: