"Selfie" сэтгэцийн өвчин мөн үү ?

Техник технологийн хурдацтай хөгжил дэвшил дэлхий нийтийн анхаарлыг татсаар л. Үүнийг дагаад интернет, сошиал медиа ертөнц ч хүмүүсийн амьдралын багагүй хэсгийг эзэлсээр удаж байна. Энэ бүхэн зөвхөн насанд хүрэгчдийн хэрэглээгээр хязгаарлагдахгүй бөгөөд өсвөр насныхан залуусын амьдралд хүртэл хүчтэй нөлөөлөх болжээ. Үүний нэг тод жишээ нь selfie (өөрийн хөрөг) юм.
Өсвөр үеийнхний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон сэлфийгийн талаар сэтгэл судлаачид ч зүгээр суусангүй, судалж эхлээд удлаа. Зарим нь сэтгэцийн өвчин ч гэж дүгнэсэн байна лээ.
Калифорнийн их сургуулийн Медиа сэтгэл судлалын судалгааны төвийн захирал медиа судлаач доктор Памела Рутледийн хэлснээр “Сэлфий бол гарцаагүй орчин үеийн залуусын соёлын шинэ урсгал юм. Үүнийг хориглох, ямар нэгэн байдлаар хориг тавих нь утгагүй юм. Өсвөр насныхны хүмүүжил, амьдралын хэмнэлд томоохон байр суурь эзлэх болсон энэ том соёлыг үгүйсгэж няцааснаараа бид эргээд тэднийг үгүйсгэж байгаатай адил юм. Тиймээс хэт үгүйсгэх биш, зөвхөн хэм хэмжээг тэдэнд ойлгуулах нь л чухал юм” гэжээ.
Хэдийгээр энэ сэлфий өсвөр үеийнхэн залуусын дунд соёл болон хөгжсөөр байгаа ч тэдний эцэг эхийн хувьд энэ “соёл”-той санал нэгдэхгүй, нэг зүйлийн хоёр талд оршсоор байна.
Иймээс  энэ удаагын нийтлэлээр бид эцэг эхчүүд болоод хүүхдүүдийн сэлфийгийн талаарх хандлагын талаар хүргэх болно.
Бүх зүйл зорилготой ямар нэг утга учир агуулсан байж таарна. Тэгвэл сэлфийгийн зорилго нь чухам юу вэ? Ямар утга учрыг өөртөө агуулж байгаа учраас өдгөө соёл болтлоо хөгжөөд байна вэ?
Нийгмийн сэтгэл судлаачдын явуулсан нэгэн судалгааны үр дүнд сэлфийчдийн ихэнх нь хүмүүст өөрийгөө мэдрүүлэх гэж өөрийн орон зай, өөрийн итгэл үнэмшил болоод зан байдлаа бусдад үзүүлж нийтлэх нь тэдэнд гэр бүлийнхэнтэйгээ энэ талаар ярилцсанаас илүү дээр учраас сэдфийддэг гэж хариулсан бөгөөд найз нөхөд, интернет орчны танилуудынхаа хүрээнд өөрийнхөөрөө байж чаддаг гэж хариулсан байна. Энэ бол мэдээж сэлфийг өргөнөөр ашиглагч өсвөр насныхан залуу үеийнхний дунд явуулсан судалгааны дүн. Тэгвэл үүнээс юу харагдаж байна вэ?

Нас бүрт хөгжлийн өөр өөрийн онцлогууд байдаг. Өсвөр насны үеийн хүүхдийн сэтгэл зүйн онцлог бол нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн, том хүн болсон мэт мэдрэмж давамгайлж, бүхнийг хийж чадах юм шиг санагддаг тийм л үе. Том хүн болсоноорооо эрх чөлөөтэй байж эцэг эхийн хараа хяналтаас гарч болох үе гэж үздэг. Хэдий тэдний бодож буй бодлууд нь том хүнийх мэт байвч хийж буй үйлдэл нь хүүхэд насны “гэнэн” үйлдлүүд хэвээрэй. Иймээс л тэдний нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, найз нөхдийн дунд байр сууриа олох зэрэг санаа нь сэлфийгээр дамжин илэрч байгаа гэж тайлбарлаж болох юм.
Тэгвэл энэ нь яг хэзээ ноцтой хэмжээнд хүрдэг вэ? Ямар тохиолдолд сэлфийгээс хамааралтай гэж үзэх вэ? гэдэг асуудал бас энд гарч ирнэ. Сэлфийгээс хэт хамааралтай хүмүүсийг хүртэл ангилдаг  болов. Үүнээс гадна өдөрт хэдэн зураг постолдогоос нь хамаарч тэднийг хамааралтай хэт хамааралтай, ноцтой гэсэн түвшинд авч үзэж байна. Ямартай ч сэлфийгээс хамааралтай болсон хүмүүс дор хаяж өдөрт нэг зураг зайлшгүй постолдог бөгөөд хэрэв постолж амжихгүй бол, постолж чадахгүй нөхцөлд байгаа бол тухайн хүнд сэтгэл зүйн сөрөг илрэлүүд бий болж эхэлвэл энэ нь сэлфийгээс тодорхой хэмжээнд хамааралтай болж байгааг илтгэдэг байна.
Дан ганц сэлфий ч гэлтгүй өсвөр насныханд сошиал ертөнцөөс хамааралтай стресс маш ихээр үүсч байгаа бөгөөд үүний шалтгаан нь хүүхэд бүр ухаалаг гар утас ашигладаг, мөн хэт эрх дураараа, эцэг эхийн хяналт сул байгаатай холбоотой юм.
Одоо эцэг эхчүүд юу хийх хэрэгтэй вэ? Сэлфий гэх соёлд хэт хамааралтай болгохгүйн тулд ямар арга хэмжээ авбал хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөхгүй байх вэ? талаар сэтгэл зүйчдийн зөвлөгөөг хүргэе.
Сэлфий болон сошиал медиа нь хүүхдийн өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр болж байгаа бөгөөд өөрийн юу хүсч юуг мэдэрч байгаа мэдрэмжийг болоод өөрт таагүй байгаа зүйлс гээд өдөр тутмын амьдралд тохиолдох олон зүйл дээр өөрийн байр сууриа илэрхийлэх арга зам “зэвсэг” болсон. Эцэг эхтэйгээ харилцах ярилцах, өөрийн бодол санаагаа тэдэнтэй хуваалцаж харилцахгүй байгаа учраас тэд дотор байгаа бүхнээ өөр хэлбэрээр, өөрөөр хэлбэл сошиал хэлбэрээр илэрхийлж гаргаж байгаа нь тэр. Тийм учраас өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэдтэйгээ зөв, буруугийн тухай шууд ярихаас илүүтэй тэд өнөөдөр сургууль дээрээ юу хийв, найзууд нь яаж байна, тэдний харилцаа хэвийн эсэх зэрэг өдөр тутмын амьдралд тохиолдож буй энгийн зүйлийн тухай хүртэл жижиг гэж орхилгүй ярилцаж байх хэрэгтэй. Энэ энгийн ярианыхаа дундуур сошиал хэрэглээний эерэг болон сөрөг талуудыг дурьдаж ярьвал илүү хүртээмжтэй, үр дүнтэй байх болно. Хэт сөрөг талыг нь яриад байвал энэ нь эсрэгээрээ үр дүнгүй шүүмжлэл болох юм, иймд эерэг талуудыг нь хүртэл дурдах нь зүйтэй.


Л. Сарангэрэл